Цаг агаарын мэдээг хэрхэн гаргадаг вэ?

Цаг уурчид цаг агаарын урьдчилсан мэдээг гаргадаг. Тэднийг цагдаагийн мөрдөгч нартай зүйрлэж болно. Учир нь цаг уурчид цаг агаарын урьдчилсан мэдээ гаргахдаа бүхий л боломжит мэдээ, мэдээллийг ашиглахаас гадна өөрийн таамгаа дэвшүүлдэг юм. Харин тэд мэдээллээ дараах байдлаар маш олон эх үүсвэрүүдээс бүрдүүлдэг.
  • 01 Цаг уурын станц: 
Цаг уурын станцууд нь Монгол орон даяар тархан байрласан байх бөгөөд манай орны тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлын ерөнхий зураглалыг цаг уурч нарт өгдөг байна. Харин цаг уурын станц бүрт ажиглагч нар байх бөгөөд 3 цаг тутамд гарч агаарын температур, үүлний төрөл, хэмжээ болон салхины зүг, хурдыг хэмжинэ. Хэмжилт хийсний дараа мэдээг тусгай тоон хэл буюу код болгон хөрвүүлж, цаг уурын ажиглалтын сүлжээнд дамжуулдаг байна. Энэхүү тоон хэлийг дэлхийн өнцөг булан бүрт цаг уурын байгууллагад ажилладаг бүх хүмүүс ойлгодог юм.
  • 02 Цаг уурын бөмбөлөг буюу радиозонд:
Цаг уурын бөмбөлгийг өдөрт 2 удаа хөөргөх ба уг бөмбөлөгт цаг уурын төрөл бүрийн элементүүдийг хэмжих багажийг зүүж хөөргөнө. Харин хөөргөсний дараа өндрөөшөө өөр өөр түвшин дэх агаар мандлын төлөв байдлыг бичиж, тэмдэглэнэ.
  • 03 Далайн цаг уурын ажиглалт:
Далай тэнгис бол цаг уурын мэдээллүүдийн чухал эх үүсвэрийн нэг юм. Цаг уурын ажиглалтын хөлөг нь усан дээр хөвж, бүх төрлийн цаг агаарын байдлыг дамжуулахаас гадна далайд болдог үзэгдлүүдийн талаарх мэдээллийг өгнө. Уг мэдээнд салхины зүг, хурд, даралт, температур, далайн давалгааны өндөр, хугацаа зэрэг багтдаг.
  • 04 Хиймэл дагуулууд:
Хиймэл дагуул бол агаар мандалд явагдаж буй цаг агаарын системийн бодит зургийг сансрын орон зайнаас авдаг төхөөрөмж юм. Цаг уурын хоёр төрлийн хиймэл дагуул байдаг. Үзэгдэх гэрлийн мужийн хиймэл дагуул нь үүл ба газрын гадаргаас ойсон гэрлийг хэмждэг бол хэт улаан туяаны мужийн хиймэл дагуул үүл ба газрын гадаргын температурыг хэмждэг байна. Энэхүү 2 өөр төрлийн хиймэл дагуулуудыг шөнө өдрийн алинд ч хэрэглэж болдгоороо давуу талтай.
  • 05 Радар:
Манай оронд цаг уурын ажиглалтын суурин 1 радар ажилладаг. Радар өөрөөсөө тодорхой хүрээнд гэрлийн долгион цацруулж, цацруулсан долгион буцаж радарт ирэхэд зарцуулсан хугацааг хэмжих зарчмаар ажиллана. Харин уг гэрлийн долгион хур тунадаснаас сарнидаг. Радарын зургаас бид хаана хур тунадас (бороо, мөндөр, нойтон цас, цас) орж буйг мэдэж болно.

Урьдчилан мэдээлэх инженер

Дээр дурдсан бүх мэдээллүүдийг цаг уурын инженерүүд цаг агаарыг урьдчилан мэдээлэхдээ ашиглана. Урьдчилан мэдээлэх инженер цаг агаарын яг одоогийн нөхцөл байдлыг илүү нарийн мэдэхийн тулд цаг агаарын зургуудыг зурж, боловсруулалт хийнэ. Харин зургуудыг зурж боловсруулсны дараачийн үе шат бол цаг агаар цаашид хэрхэх талаар гаргах юм.

Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтэс уг ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд урьдчилан мэдээлэх инженерүүд янз бүрийн цаг агаарын системүүдийн шилжилт болон хөгжлийг шинжилнэ. Мэдээ зохиож буй инженерүүдэд дэм болох үүднээс цаг уурын хэд хэдэн тоон загварууд мөн ажилладаг.

Эцэст нь цаг агаарын урьдчилсан мэдээ хэрэглэгчдийн гарт очиход бэлэн болдог. Хэрэглэгч, олон нийт цаг агаарын мэдээ, мэдээллийг зурагт, радио, сонин, утас, вэб хуудас ба факс гэх мэтчилэн маш олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан авна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан