Их Британийн эрүүл мэндийн аналитикийн “Airfinity” фирмийн мэдээлснээр Хятад улсын хэмжээнд анх удаа КОВИД-19-ийн халдварын тархалт дээд цэгтээ хүрсэн бөгөөд ойрын өдрүүдэд нас барах хүний тоо өсөхөөр байгааг мэдээлжээ. Тус улсын эрүүл мэндийн дээд байгууллага болох Үндэсний эрүүл мэндийн комисс (NHC) өнгөрсөн бямба гарагт арванхоёрдугаар сараас хойш эмнэлгүүдэд 60 мянга орчим хүн КОВИД-19-ийн улмаас нас барсан гэж мэдэгджээ. Эмнэлгийн байгууллагуудаас гадна нас баралтын статистик мэдээлэл тодорхойгүй хэвээр байгаа ч “Airfinity”-ийн тооцоолсноор Хятадад даваа гарагийн байдлаар өдөр бүр 23021 хүн нас барж байсан бөгөөд нэгдүгээр сарын 13-нд халдвар дээд цэгтээ хүрсэн байна. 10 хоногийн дараа өдөрт халдвар авах хүний тоо ойролцоогоор 25 мянгад хүрч, өнгөрсөн сарын 1-нээс хойш нийт 584 мянгад хүрч болзошгүй талаар мэдээлжээ. “Airfinity” дөрөвдүгээр сарын эцэс хүртэл БНХАУ-д халдвараар нас барах хүний тоог 1.7 саяд хүрнэ гэж таамаглаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын НЭМҮТ-ийн Эмнэлгийн удирдлагын товчооны дарга Жяо Яхуй “Арванхоёрдугаар сарын 8-наас нэгдүгээр сарын 12-ны хооронд Хятадын эмнэлгүүдэд коронавирусийн улмаас 59.938 хүн нас барсан тухай мэдээлсэн. Хятад улс өмнө нь өдөрт тав буюу түүнээс цөөн хүн нас барж буй тухай мэдээлж байсан. Арваннэгдүгээр сарын сүүлчээр Хятадын 1.4 тэрбум хүн амын 90 гаруй хувь нь вакцинд хамрагдсан боловч 60-аас дээш насны хэдэн арван сая хүн вакцинд хамрагдаагүй хэвээр байгаа юм. Өнгөрсөн сард КОВИД-той холбоотой шинж тэмдгээр нас барсан хүмүүсийн дундаж нас 80.3 байгаа аж. 90 гаруй хувь нь 65-аас дээш настай бол 56.5 хувь нь 80-аас дээш настай байжээ. Арванхоёрдугаар сарын 23-нд БНХАУ-д эмнэлэгт хандсан хүний тоо дээд цэгтээ буюу 2.9 саяд хүрч, нэгдүгээр сарын 12 гэхэд 83 хувиар буурч, 477 мянгад хүрсэн байна.