“Самрын бизнесийн ард авлига байдаг”-ийг​​​​​​​ АТГ мэддэг, НҮБ ч зөвлөжээ

“Самрын бизнесийн ард авлига байдаг”-ийг​​​​​​​ АТГ мэддэг, НҮБ ч зөвлөжээ

  

Манайхан намартаа л хушны самар тойроод шуугидаг. “Байгаль экологи сүйдлээ” гэлцдэг. Тэгмэгц БОАЖЯ, одоо татан буугдсан МХЕГ-ынхан ой руу гараад давхичихна. Очоод баахан самар бэлтгэж буй хүмүүсийг барьж авна. Энэ талаараа бөөн сүр болсон мэдээлэл цацна. Тэдэнд торгууль төлбөр онооно. Түүсэн самрыг нь хураана. Заримыг нь шүүхэд шилжүүлнэ. Шүүх нь баахан хууль ярьж байгаад шийднэ.
Шүүх байгууллагын shuukh.mn мэдээллийн багцад ийм тогтоол шийдвэр зөндөө бий. Харин төрийн түшээд энэ талаар сонсоод “Самар түүхийг хориглох” хууль санаачлаад гүйчихнэ. Гэтэл энэ бүхний цаана ердөө л самрыг зөв цаг хугацаанд нь, зүй зохистой бэлтгэж, эдийн засаг, хууль хяналтын зөрчилгүй боловсруулж, экспортлох тухай л яригдаад байгаа юм.
Товчхондоо, намар бүр байгаль сүйтгэж, өчүүхэн жаахан хушин ойг устгаж буй энэ үйл ажиллагааны буруутан нь самар бэлтгэгчид биш. Энэ талаар л Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сурвалжлагч бид хөндөөд байгаа юм. Түүсэн самрыг хурааж, түүж байгаа иргэдэд хариуцлага тооцсоноор байгаль сүйтгээд байдаг явдал зогсохгүй. Гол хүмүүс нь цаана үлддэг. Ганц байгаль экологи ч бус эдийн засагт асар хөнөөлтэй “самрын хууль бус сүлжээ” ажиллаад байгаа юм.
Уг сүлжээг хятад иргэд удирддаг. Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Самрын экспортын дийлэнх нь далд хэлбэрээр буюу орлогоо нуун дарагдуулж, гар дээрээс борлуулж байгаа самраас ч доогуур үнээр гаргадаг асуудал олон жил явж ирсэн. Зарим компани стандарт хангаад, олон улсын жишгээр гэрээлээд, орлогоо бүрэн мэдүүлээд, нийгмийн даатгалаа төлөөд нэмүү өртөг шингээгээд экспортолдог.
Харин ихэнх нь хятад ченжийн барааг нэг жилийн настай цаасан дээрх компаниар зуучлан стандарт бусаар боловсруулсан түүхий эдийг хууль зөрчин гаргадаг тул хүссэн хүсээгүй энэ асуудал гарч ирсэн” гэж ярьсан. Ноцтой шүү. За тэгээд, энэ хууль бус үйл ажиллагаад төрийн өндөр албан тушаалтай нэр бүхий хүмүүс оролцдог. Дээрээс нь самрын бизнес эрхлэгчдийн холбоо гэдэг төрийн бус байгууллага байдаг. Энэ сүлжээг “эзэмшдэг” хятад иргэдийн халхавч нь гэдэг. Тэр холбооныхны ярьдаг зүйл, хийдэг үйлдэл үүнийг бэлхнээ нотолно.
Тэд “Самар түүх, бэлтгэхтэй холбоотой Ойн тухай хууль, Байгаль орчны тухай хууль зэрэг олон хууль, тогтоомж бий. Гэсэн хэдий ч эдгээр нь хоорондоо авцалддаггүй. Манай холбоо үүний эсрэг байр суурьтай байна. Хуш модны  самар түүх энэ үйл ажиллагааг БОАЖЯ өөрөө менежмент хийж чаддаггүй” гэдэг. Энэ дээрээсээ улбаалаад самар бэлтгэх, экспортлох зөвшөөрлийг холбооноосоо өгдөг болно гээд явж байгаа аж.
Энэ салбарт хамааралгүй нэр бүхий сайд ч үүнийг нь дэмжсэн бичиг хийж өгөөд төрийн ажил “самраад” сууж байх жишээтэй. Гэхдээ самар экспортлох болоод бэлтгэх зөвшөөрөл өгдөг төрийн захиргааны байгууллага, тэр дундаа БОАЖЯ буруутай.
Сайд солигдохын хэрээр салбарын асуудал унадаг жишиг энэ яам дээр ч үзэгдэж эхлээд байна. Самрын зөвшөөрөлд буруутгагдаагүй сайд байдаггүй. Өмнөх сайд нар нь тийм л байсан. Одоогийн Б.Бат-Эрдэнэ “Самар тойрсон хууль бус үйл ажиллагаатай тэмцэнэ” гээд овоо дуугараад эхэлсэн. Гэсэн ч удаагүй таг чиг болоодохлоо.
Ер нь бол самар түүж бэлтгэх, улмаар экспортлох зөвшөөрөл авах маш амархан. Энэ л самрын сүлжээнийхэнд эдийн засаг, экологи сүйтгэх боломж олгодог.  БОАЖЯ-нд “Самар түүе” гэсэн албан хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нөөцийн хэмжээг тогтоолгосон акт, түүсэн самраа яах гэж байгаа тухай төсөл, уг төслөө хянуулсан мэргэжлийн байгууллагын дүгнэлт, өөрийн зардлаар хийлгэсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, тухайн бэлтгэсэн самраа боловсруулах газар, үйлдвэрийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст Улсын тэмдэгтийн хураамж, Төрийн сангийн дансанд гэрчилгээний үнэ төлсөн баримтуудыг бүрдүүлж өгнө.
Ийм зөвшөөрөл авсан компаниуд нөгөөх “урд”-аас авсан мөнгөө бариад хөдөө гарна. Бэлтгэгчдэд тараачихна. Намар нь цуглуулахын тулд голдуу хавар тараана. Ирэх намрын “ургац”-ын мөнгө тараах хугацаа нь дөхөж л байна. Харин БОАЖЯ, өөр бусад хяналт тавьдаг төрийн захиргааны байгууллагууд араас нь явдаггүй. Тэгээд л хаячихна.
Тэгж байтал экспортлох болно. Тэгмэгц тус яаманд “Самрын идээ экспортолъё” гээд албан хүсэлт өгнө. Түүндээ улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн самрын бэлтгэсэн зөвшөөрөл, худалдан авагч, эсвэл хүлээн авах талтай байгуулсан гэрээ, самар түүсэн газраа нөхөн сэргээсэн акт, самраа журмын дагуу бэлтгэсэн гэсэн байгаль орчны байцаагчийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн сангийн дансанд гэрчилгээний үнэ төлсөн баримтыг хавсаргана. Ингээд л болчихно. Бас л хяналт байхгүй. Самрын идээг боловсруулах үйлдвэр нь яг байна уу. Хэдэн ажилчинтай вэ. ХААБ хийгээд ариун цэврийн шаардлага хангадаг уу. Тэр талаар яам хяналт тавихгүй. Ер нь хянадаг бүртгэдэг нэг ч газар байхгүй. Ямар сайндаа л 2021 онд самар экспортлох зөвшөөрөл авсан 27 компанийн ес нь нэг ч ажилчингүй байхав дээ. Ажилчин байхгүй юм чинь үйлдвэр байхгүй л гэсэн үг. 
Нэгэнт энэ түвшиндээ хяналтгүй явж ирсэн болохоор экспортлох явцад нь хянах ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Нэгдсэн мэдээл байхгүй. Тэгэхээр татвар авах боломжгүй. Гаалийн үнэ ч хяналтаас гарна. Логикоор л “Энэ чинь ийм байх ёстой” гэхгүй бол экспортлогч компаниуд дурын үнээ тавиад хилээр гаргачихна. Энэ зууртаа улсын тэмдэгтийн хураамжаас эхлээд Монгол Улсад төлөх бүхий л татвар түрээсээс бултдаг.
Хамгийн гол нь самрын сүлжээнийхэн тухайн жилдээ ийм хууль бус үйл ажиллагаагаар экспорт хийсэн компаниа дор нь татан буулгачихдаг. Ийм л ноцтой үйл ажиллагаа явагдаад удаж байна. Уг нь энэ хууль бус үйл ажиллагааны талаар АТГ мэддэг. 2017 онд л гэхэд тус газраас Засгийн газарт өгсөн зөвлөмждөө “..Ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 3000 төгрөг төлөхөөр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.13-т заасан болно. Гэтэл 2015 онд 11 иргэн, аж ахуйн нэгж байгууллага 117 тонн, 2016 онд долоон иргэн, аж ахуйн нэгж байгууллага 1600 тонн, 2017 оны эхний гурван сарын байдлаар дөрвөн иргэн, аж ахуйн нэгж 610 тонн самрын идээг гадаадад гаргахдаа кг тутамд төлөх 3000 төгрөгийг, нийт 2327 тоннд оногдох 6.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй байна.
Тухайлбал, 2015 он “Жи Си-Эс” ХХК 24 сая төгрөг, 2016 онд “Эс Си Интернэшнл” ХХК 960 сая төгрөг, “Оюу цагаан барс” ХХК 1 тэрбум 800 сая төгрөг,  ХХК 600 сая төгрөг, “Буман боргоцой” ХХК 288 сая төгрөг, “Эс Си Интернэшнл” ХХК 1 тэрбум 500 сая төгрөг, 2017 онд “Эс Си Интернэшнл” ХХК 1 тэрбум 500 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийг тус тус төлөөгүй байна” гэж байв.
Бас 2019 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргын албан тушаалаа урвуулан ашиглаж хэдхэн аж ахуйн нэгжид тэмдэгтийн хураамж төлөхгүй байх, түүж бэлтгэх эрхийн бичиггүй аж ахуйн нэгжүүдэд Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрлийг олгож улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн нар нь зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдэхээр гэрчилгээний мэргэжилтэн гарын үсэг зурах хэсгийг арилгаж байгаад гэрчилгээ бичиж олгодог атлаа 60тн хуш модны самрын идээ түүж бэлтгэх зөвшөөрөл бүхий компани 62.5 тн хэмжээтэй бэлтгэхээр эрүүгийн хэрэг үүсгүүлэх, зөвшөөрөл бүхий самрын идээгхурааж битүүмжилсэн нь миний мэдэх шударга ёсонд нийцэхгүй байна” гэсэн байна. Түүнчлэн, саяхан “Самрын идээг экспортлоход хураамж төлөхийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж дургүйцдэг, самрын идээ бол эцсийн бүтээгдэхүүн, энэ хураамжийг битгий ав” гэдэг албан бичгийг ЗГХЭГ-аас ирүүлж байсан талаар яамны томоохон албан тушаалтан тайлбарлажээ. 
Энэ талаар АТГ-ынхан “Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн ядмаг оролдлого. Албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Самрын идээ бол эцсийн бүтээгдэхүүн биш. Тосыг нь шахаж байж эцсийн бүтээгдэхүүн болно. Тиймээс нэгэнт хууль хэрэгжиж байгаа бол хуулийн заалтыг мөрдөх учиртай, улсын тэмдэгтийн хураамжийг авах нь зайлшгүй” гэж байна.
Үүнээс гадна НҮБ-ын REDD үндэсний хөтөлбөрөөс манай улсын байгаль орчны салбарт хийсэн авлигын эрсдэлийн судалгаагаар ч самрын хууль бус сүлжээнийхний хор, гор гарсан байгаа юм. Учир нь тэдний дүгнэлтэд “Монгол дахь хушны самрын худалдаанаас харьцангүй цөөн тооны экспортлогч компаниуд ихээхэн ашиг олдог. Монгол Улсад өмчийн ил тод байдлын тухай дүрэм журам үгүйгээс болж, иймэрхүү бизнесээс хэн илүү ашиг хүртэж буй, Засгийн газрын түвшинд ашиг сонирхлын зөрчил буй эсэхийг ойлгох боломжгүй байна. Ил тод байдлын салбар дахь шинэчлэл нь самрын худалдаа болон экспортын орлого хийгээд квотыг сахиж буй талаар олон нийтэд тайлагнах явдлыг тодорхой хэмжээгээр сайжруулах шаардлагатай. Гэсэн хэдий ч, нөхцөл байдлыг илүү сайжруулахын тулд самар экспортлох лицензийн төлбөрийг БОАЖЯ-нд бус, төрийн төвлөрсөн санд тушаадаг байх нь зүйтэй. Гэвч эцэстээ ил тод байдлыг нэмэгдүүлж, орлого бүрдүүлэх үүрэг хариуцлагыг шилжүүлэх нь самрын хууль бус бизнест үзүүлэх нөлөө нь хязгаарлагдмал юм.
Харин энэ хэвээр маш ашигтай мөртлөө хэдхэн тооны компанийн хяналтад байх аваас, хууль бус бизнес нь хариу үйлчлэл үзүүлэхэд ноцтой асуудал болно. Гаалийнханд ч асуудал үүсгэж болох юм. Самартай холбоо бүхий авлигын асуудлыг найдвартай шийдвэрлэх нь суурь шинжтэй шинэчлэлт хийхийг шаарддаг. 
Монгол Улсын ҮАГ-ын тайланд дурдсанаар төвийн удирдлагууд экспортын зөвшөөрлийг квотоос хэмжээнээс хэтрүүлэн олгодог ба БОАЖЯ, гаалийн байгууллага экспортын компаниудаас авах төлбөрөө бүрэн тооцдоггүй байна. Тэдний дотор БОАЖЯ, гаалийн байгууллагад өртэй компаниуд ч байна. Засгийн газрын шалгалтаар төрийн албан тушаалтнууд болон экспортын компаниудын хооронд хээл хахууль, хуйвалдаан байгааг илрүүлсэн байна. Энэ нь төсвийн орлого төвлөрүүлэх ажилд ойн нөөц ашигласнаас орох орлого дутаж байгаагийн шалтгаан байх боломжтой. Мөн хушны самрын худалдааны эдийн засгийн ач холбогдол, хураалтын хэтрүүлэлтээс гарах байгаль орчны эрсдлийг харгалзан экспортын зөвшөөрөл олголт дахь авлигын асуудалд онцгойлон анхаарал тавих нь чухал юм” гэжээ.
 
 
 
Үргэлжлэл бий...
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан