Л.Бямбажаргал: Байгууллагууд НДШ төлж байгаа учраас ажилчдынхаа цалинг нэмж чадахгүй байна


Ардчиллын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.

-Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?
-Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг дээ. Өөдрөгөөр харж байна. Гэхдээ өөдрөг байлгахын тулд монголчуудад бололцоог нь өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, татвараа бага ав. Халамжаа бага өг. Уг нь бол монгол хүн өөрөө өөрийгөө аваад явчих чадалтай ш дээ. Түүнээс би нийгмийн даатгалын шимтгэл 20, 30 хувиар төлөөд түүгээр нь буцааж намайг халамжлаад байх шаардлагагүй. Энэ тойргийн хэлхээ бүрт нэг нэг нөхөр сууж байгаа. Энд нэг нөхөр татварын мөнгөнөөс идсээр байгаад нэг нөхөр 570 унаж байдаг, тэнд нэг эмгэний тэтгэвэр хүрэхгүй дүр зурагтай сууцгааж байна шүү дээ. Энгийн жишээ дурдъя, картын бараанаас гараад байдал хүнд байсан л даа. Тэр үед Монгол Улс яаж дотоодын хэрэгцээгээ хангасан гэхээр гаалийн татварыг тэглэчихсэн. Ингэснээр гаднаас орж байгаа бараа бүтээгдэхүүний хангамж нэмэгдсэн сайн талтай. Муу тал нь өрсөлдөх чадваргүй үйлдвэрүүд дампуурсан. Тиймээс нэг хэсэг нь хэрэгтэй үйлдвэрүүдийг дампууруулсан гэж ойлгодог.
Нэг хэсэг нь зах зээлийнхээ зарчмаар үйлдвэрүүд дампуурсан гэж дүгнэдэг.
-Улсын төсвөө бараг татварын орлогоор л бүрдүүлж байна шүү дээ...
-Татварыг нэмэхээр татварын орлого өсдөггүй юм. Харин буурдаг байхгүй юу. Огт татвар авахгүй бол мэдээж төсвийн орлого тэг болно. Хэрвээ таны олсон бүх орлогоос татвар аваад байвал хэн ч ажил хийхгүй, хэн ч татвар төлөхгүй. Тиймээс энэ хоёрын дундах манайх шиг улсад хэдэн хувийн татвар байвал татварын орлого сайн байх вэ гэдгийг судалж байх ёстой. Жишээлбэл, Шведэд татвар 40 хувь байхад тэндхийн иргэд татвараа төлнө. Учир нь тэд төлж байгаа татвартаа нийцсэн сэтгэл хангалуун үйлчилгээг авч байгаа.
Аягүй бол манайх үүнээс дөрвөн хувь их байж магадгүй. Миний төлсөн татвараар нэг дарга жийп аваад уначихсан, нэг нөхөр өндөр барилга барьчихсан байна гэхээр таван хувийн татвар төлөх байсан ч надад их харам санагдаж байгаа юм. Нийгмийн сэтгэл зүй, тухайн орны эдийн засгийн хөгжлөөс хамаарч татварыг уян хатан тогтоодог. Гэтэл гадны оронтой харьцуулаад татвар аваад байна.
-Цалингийн орлогоос хамаарч 10 хувийн татвар авах хууль саяхан гарлаа. Энэ хуульд та ямар дүгнэлттэй байна вэ?
-Энэ хуулиар банкны дансанд орсон орлогоос татвар авна гэж байна лээ. Угтаа бол миний цалингаас татвар төлчихөөд миний дансанд орж байгаа мөнгө шүү дээ. Гэтэл тэр мөнгөнөөс замаараа мах аваад ир гээд эхнэртээ шилжүүлтэл түүнээс 10 хувийн татвар авах гээд байна л даа. Өөрөөр хэлбэл, энэ бол давхар татварын систем байхгүй юу. Монголчууд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж өгөөтэй аваатай явдаг хүмүүс. Цалин буутал 200 мянган төгрөг зээлчих гэдэг. Тэгвэл хэдийнэ татвар төлчихөөд авч байгаа цалингаасаа хүнээс зээлсэн мөнгөө шилжүүлэхээр тэр мөнгөнөөс татвар авах нь. Бүр нарийндаа хуульд хувь хүн бие биедээ зээл өгч болохгүй. Монгол Улсын хуулиар хувь хүн санхүүгийн үйл ажиллагаа явуулах хориотой. Бүр ийм осолтой хуулиуд гаргаад байгаа юм. Эд нар иргэдээс гозойтол нь татвар авна, татварын орлого тэдэн хувиар өснө гээд сайхан юм бодож байж магадгүй. Гэтэл хүмүүс банкинд мөнгөө хийхээ больчихно шүү дээ. Дахин дахин татвар төлж байхаар чи ирээд бэлнээр мөнгө авчих гэдэг болчихно. Ингээд банкуудад эрсдэл үүсээд эхэлнэ. Банкууд бидний банкинд байршуулсан мөнгөний эх үүсвэрээр зээл олгож, гүйлгээ арилжаа хийж байна. Тэгэхээр бид банкинд мөнгөө хийхгүй болохоор банкууд зээлийн эх үүсвэргүй болно. Ингэхээр бизнесүүд зогсоно.
Төгрөгийн ханшийн уналтыг зогсоох хамгийн сайхан үе өнгөрөгч хоёр жилд тохиогоод өнгөрчихлөө. Учир нь манайхан гадагш, дотогшоо явахгүй хөл хорионд орчихоор валютын эрэлт багасна. Энэ үед нь Монголбанк хугацаагүй хадгаламжид хүү төлүүлэхийг нь болиулаад инфляцитай байхад бодлогын хүүг долоон хувь болгосон. Ингэхээр ямар ч тэнэг хүн банкнаас мөнгөө татаад авчихна шүү дээ. Тэр хууль хэрэгжээд жил болоогүй байхад банкууд ямар ч зээлийн эх үүсвэргүй болчихсон гээд зээл өгөхгүй зогсчихсон. Ингээд мөнгөний бодлогын хүү буцаад 13 хувьтай болсон. Зээлийн хүү ч 20 гаруй хувьтай байгаа.
Бид орчин үеийн хэв маягт шилжиж бэлэн мөнгө барихаа болиод, банкинд мөнгө байршуулдаг болоод эхэлсэн чинь ийм хууль хийчихээр буцаад гудасныхаа дор мөнгөө хадгалж, том том мөнгөн дэвсгэртээ Жамц баян шиг тоолдог болоод эхэлнэ шүү дээ. Үүнийг олж харахгүй байна. Эд нар одоо банкнаас хаа зайлдаг юм бэ. Одоо бүгд уян хатан юм чинь гэж бодоод байна. Үгүй шүү дээ.
-Монголчууд ерөөсөө л халамжлуулдаг улс болчихлоо. Яаж хүмүүсийг ажил хийдэг сэтгэхүйтэй болгох вэ?
-Манайд цагийн хөдөлмөрийн хөлсний тухай хууль байдаггүй. Жишээлбэл, нэг орцны цэвэрлэгч өдөрт хэдэн байшинг цаг цагаар цэвэрлэх бололцоотой. Гэтэл хүнд тэгж мөнгө өгч болохгүй зохицуулалт хуульд байна. Тодорхой хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагууд төлдөг балай системтэй. Уг нь байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ямар ч шаардлагагүй. Хувь хүн өөрөө л төлөх ёстой.
Дэлхийд том даатгалын компаниудтай гэрээтэй том компаниуд ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөг тохиолдол байна. Өөрөөр хэлбэл, тухайн компани даатгалын компанид мөнгө байршуулаад даатгалын компани нь тэр мөнгийг эргүүлж бизнест оруулж эргэлдүүлдэг. Биднийхээр бол энэ мөнгө угаалт биз дээ. Ингэж төлдөг хэдхэн том компани бий. Түүнээс ямар ч орны байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа учраас ажилчдынхаа цалинг нэмж чаддаггүй. Сая төгрөг өгөхөөр 300 мянган төгрөгийг нь авчихаад байгаа юм чинь аргагүй ш дээ.
Мөн цагийн ажлын хөлсний систем байхгүй учраас эд ажиллах насны хүмүүс ажил хийхгүй байгаа юм. ТӨК-ийнхөн цас цэвэрлэнэ гээд бөөн юм болж байна даа. Жишээлбэл, намайг оюутан байхад муу хэлээд байдаг Орост ТӨК-ийн ажлыг оюутнуудад хариуцуулаад өгчихдөг. Хааяа мөнгөгүй болчихсон үедээ очиж цас цэвэрлэдэг байлаа. Ажлын хөлсийг цагаар тооцоод газар дээр нь өгчихдөг байсан. Жаахан өлсөөд ирэхээрээ цас ороосой гэдэг байлаа шүү дээ. Тэнд ажиллах хүчний асуудлыг ямар ч зовлонгүй ингэж шийддэг.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэм л гээд байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх маш осолтой. Учир нь бага цалинтай хүнээ ажлаас халчихдаг. Иргэд ойлгохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр цалин нэмэгдэнэ гэж ойлгодог. Гэтэл Нэг байгууллагын нэг давхрыг цэвэрлээд сард 300 мянган төгрөг авах ажил байна. Гэтэл 550 мянган төгрөгөөс доош мөнгөөр хүнийг ажил хийлгүүлэхгүй шүү гэчихээр 550 мянган төгрөг өгч нэг давхраа цэвэрлүүлж байхаар өөрөө зүлгэсэн нь дээр биз дээ. Энэ нь эргээд халамжийнхаа эсрэг бодлого болчихоод байгаа юм. Өнгөн талаасаа харахад ядарсан хүмүүсийн цалинг нэмж байгаа юм шиг хэрнээ бага цалинтай иргэдийг ажлаас халах үндэслэл болчихож байгаа юм.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан