2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!

2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!

 

Монголчууд нүүрсний хулгайч нартайгаа заамдалцаастай 2023 оны босгыг давлаа. Төв талбай дээр эсэргүүцлийн жагсаалтай, Төрийн ордонд фракц, бүлэглэлүүд хийгээд төрийн институциудын тулаантай шинэ оноо угтав. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайд Монголын улс төрийн нөлөө бүхий этгээдүүд холбогдож, тэр нь нийгэмд ил болсноор хахир өвлөөр улс төрийн халуурал үүсгэсэн. Тэр нь үргэлжилж байна. Угаасаа ийм хулгайг таслахгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй. Хэрвээ ингэж хулгайлаагүй бол Монгол Улс өнөөдөр ийм царайтай байхгүй. Гайхаж шогшроод байдаг Дубай, Сингапурын зэрэгт хүрэх байсан нь дамжиггүй. Харамсалтай нь муу болгоноороо дэлхийн сүүлийг мушгиж сууна. 

 

Ер нь бол ганц нүүрсний хулгай ч бус Хөгжлийн банк, ЖДҮ, за тэгээд Эрдэнэт, Оюу толгой гээд зорилтот боломж, уул уурхайн баялаг дагасан хулгай бараг 30 жил үргэлжилсэн. Нийтийн болох хөрөнгө мөнгө хэдхэн хүний ашиг орлого болсоор ирсэн. Харин энэ хүртэл дуугүй суусан монголчууд өнгөрсөн оноос арай өөрөөр сэрж эхлэв. Цаг нь болсон л доо. Ямартай ч нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргүүд урьд өмнөх хэргүүд шиг “ууршаад” үлдчих боломжгүй. Олон нийт дээд зэргээр хянаж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг шүүхэд шилжсэн. Хөгжлийн банкны хэрэг одоо л шүүхэд шилжиж байна. Нүүрсний хулгайн олон салбар хэргийг хууль хяналтынхан өргөтгөсөн бүрэлдэхүүнээр шалгаж байгаа юм.

 

Дээрээс нь УИХ-аас 2022 оны сүүлчээр Эрүүгийн хууль, бусад хуульд өөрчлөлт оруулсан. Үүгээр урьд нь хэргийг “хялбар”-аар шийддэг, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгодог байдал халагдсан. Бас авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн этгээдэд оноох ялын хэмжээ нэмэгдсэн. Энэ хуулийн өөрчлөлт албажихаас өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнөх удирдлагууд, “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авчирсан хүмүүс амжиж “хялбарших”-аар мэдүүлгээ өөрчилж, шуурхайлж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Ерөнхийдөө Монголын улс төр дээрх мэтийн гэмт хэргээс шууд хамааралтай болов. Улстөрчид олноороо эдгээр хэрэгт холбогдсон. Гэхдээ энэ хэргүүдэд хамаатай улстөрчдөд хариуцлага тооцсон ч дараагийн хэрэгтнүүд гараад л ирнэ. 

Одоогийн тогтолцоо нь ийм. Тэр утгаараа, энэ жилийн улс төр цаашдаа нүүрсний хулгай, ер нь нийтийн эрх ашгийн хулгай гарахгүй байх, бас төрийн институциудын “мөргөлдөөн”-ийг эцэс болгоход чиглэх хандлагатай байна. “...Ядахад яр” гэдэг шиг парламентын нэр хүнд урьд өмнө байгаагүйгээр унасан. Учир нь УИХ-ын олон гишүүн болох, болохгүй хэрэг түвэг, тодруулбал, Хөгжлийн банк, нүүрсний хулгайд холбогдсон. Тэдний ёс зүйн асуудал ч “хөндөх сэдэв”-ийн хэмжээнд очсон. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн явж явж тогтолцооны өөрчлөлт хийхээс өөр сонголт үлдээгүй аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нэр дээрээ “...Парламентын засаглалтай” гэх авч нэдэр дээрээ хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай. Ийм зутан болсон засаглалтай улс орон дэлхийд байдаггүй аж. Үүнийг улс төрийн хүрээнд ойлгочихсон бололтой. Учир нь 2022 оны сүүлийн өдрүүдэд УИХ-аас Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолыг баталлаа.  

Хамгийн гол нь улс төрийн намууд үүнийг дэмжиж буй. 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд хуралдсан МАН-ын Бага хурлын гишүүд Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг яаралтай хийх, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тооцох хариуцлагыг чангатгах талаар ярьжээ. Тэр үеэрээ “...Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолоор зарлагдсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгыг үр дүнтэй зохион байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны болон хууль эрх зүйн зохих өөрчлөлт шинэчлэлийг хийх нь зүйтэй” хэмээн үзжээ. 

 

АН ч Эвлэрлийн ажлын хэсэг байгуулчихсан байн байн хуралдаж байна. Үүнд сүүлийн хоёр жил энд тэнд явсан зарим “тамганы эзэд” уг ажилд оролцоогүй. Гэхдээ АН-ын ганц эрх зүйн чадамжтай субьект болох УИХ дахь АН-ын бүлэг, түүний дарга О.Цогтгэрэл идэвхтэй оролцож байгаа юм. Тиймээс тэдний эвлэрэл тодорхой үр дүнд хүрнэ гэсэн үг.  Дашрамд дурдахад МАН, АН-аас дээр дурдсан хэрэгт холбогдсон нөхдүүд утуулсан оготно шиг гүйлдэх болсон. Тэднийг “...Амьд үлдэх” эрх ашиг нь нэгтгэж эхэлсэн. Бүр тодруулбал, АН-ыг нэгтгэж, шинэ даргыг нь “түрэх” замаар одоогийн Засгийн газрыг унагах талаар шаргуу ярьцгааж байгаа аж. Тэдгээр хүний нэр ус нь тодорхой болчихсон байна.

Гэвч ингэж гүйж буй хүмүүс нь 200 гаруй мянган гишүүнтэй МАН, 100 гаруй мянган гишүүнтэй АН-ын өчүүхэн хэсэг нь гэсэн үг. Тиймээс томоохон намууд тогтолцооны өөрчлөлтөд оролцохоор болжээ гээд байгаа юм. Жижиг намууд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ч энэ санал асуулга, хэлэлцүүлэгт нэлээд нөлөөтэй байх талтай. 

 

Ямартай ч Монголын улс төрийн бүхий л түвшинд “...Тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй” гэдэг дээр санал нэгдэж буй бололтой байна.

Төрийн институциудын тухайд Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүнд хамгийн идэвхтэй оролцож байна. 

Тэрбээр нийтийн эрх ашиг, боломжийг хулгайлсан гэх томоохон хэргүүдийг “нийтийн хүртээл” болгосон. “...Тэр байр сууриа хадгална” гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсээр байгаа юм. Түүний хэлснээс хамгийн ихээр анхаарал татсан нь “...Үндсэн хуулийн 30 жилийг дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлж, сонгодог парламентын тогтолцоонд шилжих үндэсний зөвшилцлийг ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан жил байх болно” гэсэн үг байв.

Учир нь 2022 оны сүүлийн хоёр сарын хугацаанд нүүрсний хулгай тойрсон улс төр, иргэдийн эсэргүүцэл чинээндээ тулсан. Нийтийн өмнө хэрэлдээгүй ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зөрчил нэлээд хурцадсан. Энэ талаар улс төрийн хүрээнд хоёр сарын турш ярив. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх санал асуулгыг дэмжиж буйгаа шинэ жилээр хэлчихлээ. Тэрбээр 2023 оныг угтсан шинэ жилийн мэндчилгээ хүргэхдээ “...Шилжилтийн үед эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүсч, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига хээл хахууль бүх шатанд гүнзгийрсэн нь гашуун үнэн билээ.  

Тиймээс өнгөрсөн 30 жилийн ололтоо хадгалж, алдаагаа засч, шинэ 30 жилийг зөв эхлүүлж, ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлж, орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар тууштай тэмцсээр байна” гэчихэв. 

 

Ер нь бол нүүрсний хулгайтай Засгийн газар, олон нийт бодитой тэмцэж эхэлсэн сүүлийн хоёр сар гаруйхны хугацаанд улсын эдийн засагт эерэг, огцом өөрчлөлт авчирчээ. Энэ талаар “...Цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг өнөөдөр дөрвөн хувь болж сэргэсэн.14.5 хувиар тасарч байсан улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Монгол Улсын экспортын нийт орлого анх удаа 11 тэрбум ам.доллар болж, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрсэн. Монгол Улсын валютын нөөц энэ оны гуравдугаар улирлын байдлаар 2.8 тэрбум ам.доллар болж буураад байсан бол “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 500 сая ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болж, валютын ханш тогтворжиж эхэлсэн. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, Монгол Улс “Чингис” бондын нийт хоёртэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, ирэх онд “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлж барагдуулах боломж бүрдсэн” гэв. 

 

Түүнчлэн энэ 2023 онд “...Эдийн засгийн өсөлтийн жил байх болно” гээд “...Хилийн боомтууд бүрэн нээгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралдаа шилжиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт шийдвэрлэгдэж, экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэнэ. 2023 оны эхний улиралд Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалт идэвхжинэ. Нийслэлийн нийтийн тээврийг 100 хувь шинэчилж, Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын бүтээн байгуулалт эхэлнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн ЦС-ын ажлыг эхлүүлж, Амгалангийн ДЦС, Эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орно” гэсэн амлалтыг өгчээ.

 

Тэгвэл Ерөнхий сайдтай өөд уруугүй зөрчилдөөд Төрийн ордонд багтахаа больтлоо муудалцаад байгаа гээд байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “...Парламентын засаглалыг сонгоно” гэдгээ бараг хэлчихэв. Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “...Ардчилсан ололт, амжилтаа бататгана гэдэг бол алдаа, оноогоо байнга засаж, шинэчлэн сайжруулж байдаг хөгжлийн үйл явц юм. Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн. Иймээс улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна” гэсэн байна. 

Эндээс үзэх нээ, ямартай ч 2023 оны улс төрийн шийдэл тогтолцооны өөрчлөлт буюу Ерөнхийлөгчийн, эсвэл парламентын засаглалын аль нэгийг сонгох ёстой болж байгаа юм. Алийг нь сонгосноос хамаараад Монголын улс төрд томоохон өөрчлөлт ирэх нь бараг л тодорхой болж байна. Товчхондоо, “атаман”-аа улстөрчид, хулгайч нараа хууль шүүхийнхэн шийднэ гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан