Хүүхдийн тунгийн эргэн тойронд

Хүүхдийн тунгийн эргэн тойронд

 

Омикроны БА4 ба БА5 хувилбар олон оронд давалгаа үүсгэж байна. Их Британи, АНУ, Европын орнуудад халдварын тархалт намжсангүй. Бүсээр нь харвал Ази-Номхон далайд 28 хувиар өсчээ. Мөн Япон, БНСУ-д халдварын тохиолдол сүүлийн долоо хоногт 2-3 дахин нэмэгдэж байгааг мэдээлж эхэллээ. Эрдэмтэд омикроны энэ  хувилбар нь удаан хугацаанд коронавирусаар өвдсөн дархлаа султай хүний биед үүссэн гэж үзэж байгаа аж. Харин манай улсад энэ давалгаа одоо эхэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн долоо хоногт анхааруулав.

 

БА4 ба БА5 хувилбар эсэд маш хурдан бэхлэгдэж дотогш нэвтрэх чадвартай.  Хэдий тийм боловч вакцинд хамрагдсан хүмүүс хөнгөн өвдөх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүст хатгаа үүсгэж хүндрэх эрсдэлтэй гэнэ. Шинж тэмдгийн хувьд хамраас шингэн нус гоожих, хоолой өвдөх,  хорсох, тасралтгүй ханиалгах зовиур илрэхээс гадна ядрах, булчин, шөрмөс, үеэр өвдөх, халуурна. Гурав дахь өдрөөс цээжээр өвдөж их ханиалгаснаас нарийн судаснууд гэмтэж цустай ханиах шинж тэмдэг голлож байна. Хүүхдэд бол халуурах, ханиалгах шинж тэмдэг түлхүү байгаагаас  үүн дотроо хавсарсан өвчтэй хүүхэд эрсдэл өндөр байгааг анхаарууллаа.  Хүүхдүүдэд мөн ходоод гэдэсний замын шинж тэмдэг болох хэвлийгээр өвдөх, бөөлжих гүйлгэх, суулгаж байгаа бол энэ хувилбарт амт үнэр алдах шинж тэмдэг илрэхгүй байгааг Их Британийн  Zoe Health байгууллага мэдээлжээ. Тэгвэл энэ өвөрмөц хувилбартай тэмцэхэд иргэд маскаа зүүх, вакцинаа хийлгэхийг ЭМЯ зөвлөсөн бол 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг гаргаад байгаа юм. Мөн 12-16 насныхныг дархлаа сэргээх тунг хамруулах тушаалыг гаргаад байгаа аж.

 

Ковакс хөтөлбөрөөр дамжуулан  Пфайзер вакцины  нэг сая тунд өнгөрсөн зургадугаар сард хүлээн авчээ. Энэ дагуу ирэх даваа гарагаас хүүхдүүдийг вакцинжуулах бэлтгэлээ хийж байна. Вакцин хийлгэх үед хүүхдэд ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн үед тариулж болохгүй. Өөр төрлийн вакцин хийлгэсэн бол нэг сарын дараа коронавирусын эсрэг вакцин хийлгэх юм байна. 5-11 насныхныг вакцинд хамруулах талаар албаны хүмүүс болон иргэний  байр суурийг хүргэе.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД: 5-11 НАСНЫ ХҮҮХДИЙН ВАКЦИН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛГҮЙ ГЭСЭН СУДАЛГАА ГАРСАН

-АНУ-ын Эм хүнсний агентлаг 2021 оны аравдугаар сард 5-11 насны хүүхдүүдийг  вакцинд хамруулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь энэ насны бүлэг дэх өвчлөл ба хүндрэл, нас баралтыг тооцон үзэж мөн  энэ насны бүлэгт хийсэн судалгаан дээр үндэслэсэн байдаг. 5-11 насны хүүхдийн вакциныг хөгжингүй олон орон 2021 оны сүүлээр хийж эхэлсэн. АНУ гэхэд 2021 оны сүүл гэхэд найман сая гаран тунг тарьснаас тав нь нэгдүгээр тун, гурван сая нь хоёрдугаар тун байна.  Тус улсын Өвчний хяналтын төвөөс өнгөрсөн оны сүүлээр мөн 5-11 насны вакцин тариулсан хүүхдүүдийн гаж нөлөөний судалгааг нийтэлсэн ба халдвараас үр дүнтэй хамгаалахаас гадна эрүүл мэндийн эрсдэлгүй байна гэсэн судалгааг  гаргасан. Бид 5-11 насны хүүхдүүдийн вакциныг олон оронд хэрэглэсний дараа тарьж байгаа нь онцлогтой. Өөрөөр хэлбэл, вакцины судалгаанаас гадна олон олонд хэрэглэсний дараах судалгааг үндэслэсэн.

 

ХӨСҮТ-ИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ ЭМЧ В.БАЙГАЛ:САРЫН ЗАЙТАЙ ХОЁР ТУН ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

-Дэлхийн 150 гаруй улс орон коронавирусын эсрэг вакциныг хүүхдэд хийж өвчлөлөөс хамгаалж байна. Бүртгэгдэж байгаа нийт халдварын 20 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байна. Үүний дотор 5-11 насныхан 40 хувийг эзэлж байгаа. Манай улсын хувьд Эрүүл мэндийн сайдын тушаалаар наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдүүдийг нэг сарын зайтай коронавирусын эсрэг хоёр тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлүүлнэ. Тиймээс 5-11 настай бол харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд очиж коронавирусын вакциндаа хамрагдах боломжтой. Мэдээж вакциныг сайн дурын үндсэн дээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд очиж хийлгэнэ. Эцэг эхчүүд таниулах хуудастай танилцаж, гарын үсгээ зурснаар хүүхдээ вакцинд хамруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, ДЭМБ болон бусад агентлагаас 5-11 настай хүүхдийг коронавирусын эсрэг вакцины эхний хоёр тунг хийлгэсэн бол бүүстер буюу нэмэлт тунг таван сарын дараа авах боломжтой гэсэн зөвлөмжийг гаргасан.

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН АРАВДУГААР ХОРООНЫ ИРГЭН Д. МӨНХДЭЛГЭР:ХҮҮХДЭДЭЭ ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ

-Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хичээл эхлэхээс өмнө хүүхдүүдийг хоёр тунд вакцинд хамруулах шийдвэр гаргалаа. Даваа гарагаас вакцин хийж эхлэх талаар ойр тойрныхон ярьж байна. Миний хувьд хүүхдэд вакцин хийлгэхийг дэмжихгүй. Эсрэг байр суурьтай байгаа. Манайх есөн настай хүүхэдтэй. Хэдийгээр халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч коронавирусын эсрэг вакцинд хамруулахгүй гэж бодож байгаа.

Хоёр тун вакцин хийлгэсний дараа харшилтай болж байна гэсэн мэдээлэл бий. Эрүүл мэндийн хувьд хэд хэдэн сөрөг үр дагавар ажиглагдсан. Тиймээс  энэ вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэх хуультай учраас хүүхдэдээ хийлгэхээс татгалзана.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 142 (6874)

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан