Гурван нам шинээр “мэндлэх” үү!

Монгол Улсад өнөөдрийн байдлаар албан ёсны бүртгэлтэй улс төрийн 35 нам үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн тоо баримт байна. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 09 дугаар тогтоолоор “Ардчилал шинэчлэлийн нам”-ыг бүртгэж авчээ. Тэгвэл энэ тоо маргааш гэхэд гурваар нэмэгдэж мэдэх нь байна. Учир нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан энэ сарын 9-ний өдөр буюу маргааш хуралдахаар товлогджээ.
Уг хуралдаанаар  Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх хүсэлтүүдийг хэлэлцэж шийдвэрлэх аж. Дээрх гурван намын ард ямар бизнесмен, улстөрч байгаа тухай таамаг улс төрийн хүрээнийхний дунд хэдийнэ өрнөөд эхэлсэн. Одоогоор мэдэгдэж байгаагаар Ардын чуулган намыг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу байгуулсан бөгөөд дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгчээ. Тэрээр өмнө нь мөн Үнэн ба зөв намыг үүсгэн байгуулалцаж А.Отгонбаатар гэх залууг намынхаа даргаар томилж байсан.
Харамсалтай нь тэр хоёрын улс төрийн зам тийм ч удаан үргэлжлэлгүйгээр хэрүүл уруултайгаар хоёр тийшээ болсон. Ийнхүү МАН-ын гишүүн байсан тэрээр намаасаа гарч өрх тусгаарлан шинэ нам байгуулсан ч амжилт олоогүй юм. Харин тэрээр энэ удаад шинэ нам байгуулан улс төрд эргэн ирэхээр шийдсэн бололтой. Улс төрийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, шинэ нам байгуулах нь тэдгээр хүмүүсийн эрх. Харамсалтай нь шинээр байгуулагдсан гэх намууд нэг хүний өмч, том намынхаа эзэмшилд байх нь элбэг.
Сонгууль бүрийн өмнө шинээр нам байгуулагдсаар өдгөө 40 орчим болж байгаа нь энэ. Ингэж байгуулагдсан нам иргэдийн үзэл бодлын нэгдэл гэхээсээ илүүтэй нэг хүний албан тушаалын дэм болж, том намуудаас мөнгөн дэмжлэг авч “амьдардаг” нь нууц биш.
Улс төрийн нам олон байгаа, байх нь тийм ч том асуудал үүсгэхгүй. Хуульд зааснаар 801-ээс  доошгүй хүний нэгдэл болохын баталгаа гарын үсэг байхад л хангалттай. Яагаад мянга орчим хүн улс төрийн хувьд нэг үзэл бодолтой байж болохгүй гэж. Манай улс бол иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрхийг Үндсэн хуулиараа хангаж өгсөн ардчилсан улс.
Харин шүүмжлэл дагуулж байгаа гол зүйл нь өнөөгийн улс төрийн тогтолцоо, намуудын төлөвшил, хууль эрх зүйн орчин гэдгийг судлаачид онцолдог. Тийм болохоор шинээр байгуулагдаж байгаа намууд гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан, үзэл бодолдоо үнэнч, чигч шударга байх эсэхээс бүх зүйл шалтгаална.
Ш.Сайхансамбуу шиг бизнесмен, улстөрч хүн 800 хүний гарын үсэг цуглуулах шиг амархан зүйл байхгүй. Манайхан ч яг юун дээр гарын үсгээ зурж байгаадаа анхаарал хандуулалгүй зурж орхидог. Гэтэл өнөөх гарын үсэг зурсан хүмүүсийнхээ үзэл бодол, нэр төрийг өөрийнхөө хувь үзэл бодол болгож, улс төрийнхөө замналд ашиглаж, том улс төрийн хүчиндээ мөнгө, эд хөрөнгөөр худалдаад байгаа нь л өнөөгийн төрийн эрх барих үйл явцад шууд нөлөөллөө үзүүлээд байгаа юм.
Сонирхуулахад, ардчилсан социалист үзэл баримтлалтай гэх Ардын чуулган намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өнгөрсөн онд анх хүсэлтээ хүргүүлж байсан ч 2021 оны зургаадугаар сарын 7-нд болсон нийт шүүгчдийнхээ хурлаар шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзаж байжээ. Ийнхүү ямар ч байсан Монголын улс төрийн намууд дээрх гурван намаар бүл нэмэх, эсэхийг Дээд шүүх дэнслэх нь ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан