Санхүүгийн баримтуудаа хэрхэн үдэж цэгцлэх вэ? зөвлөмж


Санхүүгийн хяналт шалгалт хийх явцад байгууллагын санхүүгийн баримтууд эмх цэгцтэй, зөв дэс дараалалтай байх нь Аудиторууд бидний хувьд хамгийн баярлууштай зүйлс байдаг тул тэр байгууллагын нягтланд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсдэг.
Дөнгөж сургуулиа төгсөж байгаа шинэ ня-бо нартаа туршлага болох үүднээс энэхүү зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.
Эхлээд мэдээж хэрэг шинэ ажилаа өмнөх нягтлангаас маш сайн хүлээж авна. Үүнд:
  • Компанийн ерөнхий танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, ажилчдын тоо, компанийн төрөл /ХХК, ТБ, ТББ, ББСБ, ХЗХ/
  • Дансны мэдээлэл, аль банкинд ямар ямар данстай болох, нэвтрэх нууц дугаар, дансаарх ажил гүйлгээ нягтлангаар дамжих эсэхийг лавлах
  • Байгууллагын санхүү, татвар, нийгмийн даатгалын нэвтрэх нууц дугаар
  • Тоон гарын үсэг
  • Байгууллага аль дүүрэгт хамаарагддаг, байршлыг нь заалгах, хариуцсан байцаагчаа мэдэх
  • Өмнөх онуудын бүх тайланг цаасаар болон, файлаар хүлээж авах
  • Ингэхдээ сүүлийн оны татварын өрүүд цахим болон цаас 2 таарч байгаа эсэхийг шалгах
  • Үндсэн хөрөнгүүдээ тоолж авах, кодлох, үнэлэх, 2 төрлөөр буюу цаасаар, файлаар хадгалах
  • Ажилчдын нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтрүүдийг хүлээж авах
  • Ингэхдээ бүх ажилчдын дэвтэр бөглөгдсөн, баталгаажсан, ард нь тушаал бичигдсэн гэх зэргийг шалгах
  • Өмнөх онууд болон, энэ оны гэрээ хэлэлцээрүүдийг хүлээж авах
  • Урьдчилж төлсөн зардал, Урьдчилж орсон орлогууд байгаа эсэхийг лавлах байгаа бол тохиргоо бичилтүүддээ анхаарах
Нягтлангууд тухайн компанийн үйл ажиллагаа хэр том жижигээс шалтгаалж маш олон цаасан, баримт дунд эргэлдэж байдаг тул анхнаасаа эмх цэгцтэй байж , баримт бүрийг төрөлжүүлэн нааж, хавтаслах хэрэгтэй.
  1. Кассаар буюу, бэлнээр орж гарч байгаа мөнгөтэй холбоотой баримтууд
Компанид орлого 3 төрлөөр орж болно.
  1. Бэлнээр /бэлэн мөнгөөр орох/
  2. Харилцахаар /компанийн дансаар орох/
  3. Бартераар /компаниуд бие биедээ харилцан ашигтай зүйлсээрээ солилцоо хийх/
Бэлэн мөнгөний орлого бол мөнгө хүлээн авсан баримт, тухайн хүний гарын үсэг баталгаа болох ба  е- баримт хэвлэж өгнө. Ингэхдээ хэвлэхээсээ өмнө худалдан авагчаас хувь хүн байгууллага аль нь болохыг асууж хэвлэнэ.
Бэлэн мөнгөний зарлага бол
  1. Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл бичиж захирлаас зөвшөөрөл авна.
  2. Үүний дараа бэлэн мөнгөний зарлагын баримт болон тухайн мөнгө зарцуулж буй зүйлийн баримтыг заавал хавсаргана.
Жишээ нь: Оффисын хэрэгцээнд кофе, сүү авсан бол тухайн  борлуулагч компанийн, зарлагын буюу е- баримт заавал хавсаргана.
Ингээд 1 сарын турш орсон гарсан мөнгөний баримтуудаараа  бэлэн мөнгөний тайлан гаргаж,хэвлээд  өөрийнхөө гарын үсгээ зурж, нүүр буюу 20… оны…-р сарын Кассын тайлан гэж бэлтгэнэ. 1 жилд сар сараар 12 ширхэг кассын тайлантай болно.
  1. Харилцахын баримт
    Сар сараар нь бүх банкны харилцахын хуулгаа хэвлэж авч байгаад түүнийхээ дагуу огнооны дарааллаар баримтуудаа наана. Бүх ажил гүйлгээ баримтуудтай байх ёстой тул орлого орсон бол е баримт нь, гарсан бол зарлагын баримт нь байх ёстой. Компани олон данстай байгаад нэг дансаар нь ажил гүйлгээ гараагүй байгаа бол тэр дансны хуулгыг үлдээж болохгүй, учир нь ажил гүйлгээ гараагүй ч банкны шимтгэлийн зардал гарсан байдгийг анхаарна уу.
  2. Үндсэн хөрөнгийн баримтууд
Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, анх ажил хүлээж авахдаа бүх хөрөнгүүдээ тоолж хүлээж            авсанаар файл бэлтгэж, хагарч гэмтсэн, эвдэрсэн бол акт үйлдэж данснаас хасна. Мөн бид үндсэн                    хөрөнгүүдээ тоолж байх ёстой бөгөөд улиралд тогтмол элэгдүүлж зардалд шингээнэ.
  1. Авлага өглөгийн баримтууд
    Өглөгийн баримтын хувьд харилцагч байгууллагуудтайгаа зээлээр авсан тооцоогоо сар бүрийн эцэст хийж акт үйлдэн, тухайн сард хэдэн төгрөгний өглөгийн үлдэгдэлтэй гарснаа заавал баталгаажуулан, жагсаалт гарган баталгаажуулах.
Авлагын баримтын хувьд тухайн сарын борлуулалтын мэдээгээ бэлтгэн, түүнээс төлбөр төлөгдөөгүй борлуулалтын мэдээг нэгтгэн, харилцагч тус бүрээр авлага үүсгэн, жагсаалт гарган баталгаажуулж, тухайн борлуулалт бүрт манай зүгээс бичсэн нэхэмжлэх, холбогдох баримтуудыг хавсарган баримт болгон бэлддэг.
  1. Ажилчдын цалинтай холбоотой баримт
Ер нь цалин хөлстэй холбоотой баримтуудаа санхүүгийн баримтуудаасаа тусад  нь үдэж байх нь давуу талтай. Энэ нь нийгмийн даатгалын шалгалтанд ороход бэлэн байхаар баримтуудаа үднэ гэсэн үг.
1. Урьдчилгаа цалингийн хүснэгт, ажилчдын гарын үсэг, захирал болон ня бо гарын үсэгтэй сар сараар
  1. Сүүл цалингийн хүснэгт, ажилчдын гарын үсэг, захирал болон ня бо гарын үсэгтэй сар сараар /сүүл цалингийн хүснэгтэнд ажилтнаас авах ёстой суутгалуудыг зөв тооцоолол хийсэн байх/
  2. Нийгмийн даатгалын тайлангууд, тухайн сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийсэн баримттайгаа
  3. Хөдөлмөрийн гэрээнүүд
  4. Шинээр ажилд орсон гарсан хүмүүсийн тушаалууд
  5. Ээлжийн амралт, жирэмсэн, болон бусад тэтгэмж авсан бол холбогдох баримтууд нь
  6. Өвчтэй байгаа ажилтны лист бодож олгосон бол ХЧТА-ны бодолт, НД байцаагчийн баталгаажуулсан хуудас, эмнэлгийн хуудас, НДДэвтрийн хуулбар зэргийг маш сайн бүрдүүлэх хэрэгтэй.
  7. Бараа материал
Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл, эхний үлдэгдэлээ зөв тоолж хүлээж авах, Бараа материалын орлогын, зарлагын баримтууд сар сараараа, эцэст нь үлдэгдэл нь тоогоороо таарч байх
  1. Татварын баримтууд
  2. НӨАТ
Сар сараар нь НӨАТ тайлангаа хэвлэж, борлуулалт, худалдан авалтын дэвтэр бэлтгэх, үүний ард е-баримтаар орсон болон гарсан зардлуудынхаа баримтыг наана.
2.ХХОАТ, ААНОАТ
Улирал улиралаар нь хэвлэж, татвар төлөлтийн баримтуудаа урд нь наана.
Ингээд эцэст нь гурав, гурван сараар нь буюу улирал улирлаар нь баримтуудаа цэгцэлж үднэ. 1-р улирлаар жишээ болголоо
  1. Санхүүгийн тайлан 1-р улирал /4 тайлан/
  2. ААНОАТ тайлан 1-р улирал
  3. ХХОАТ тайлан 1-р улирал
  4. Компанийн дансны хуулгууд 1-3 сар
  5. НӨАТ 1-3 –р сар /борлуулалт, худалдан авалтын дэвтэртэйгээ/
  6. Кассын тайлан
  7. Ерөнхий журнал
  8. Гүйлгээ баланс
  9. Ерөнхий дэвтэр
  10. Авлага, өглөг, үндсэн хөрөнгө, бараа материал, кассын тайлангууд 3 сараар
  11. Анхан шатны баримтууд
Нийгмийн даатгалын тайлан, Хөдөлмөрийн гэрээ, бусад тооцоолол тусдаа үдэгдвэл дараа нь шалгалтаар ороход амар боловуу.
Амжилт хүсье. Асууж тодруулах зүйлс байвал коммент хэсэг нээлттэй.
Бизкон Л. Отгонбаярскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан