БНХАУ-ын Чиндао хотноо 2021 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд “Илүү ногоон, илүү хүртээмжтэй ирээдүйн эрчим хүч рүү хамтдаа тэмүүлье” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Бүс ба Зам” санаачилгын Эрчим хүчний сайд нарын 2 дугаар бага хуралд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахимаар оролцож үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улс “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд энэ хүрээнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн томоохон зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж, манай улсын нийт эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2030 онд 30 хувь хүргэхээр төлөвлөж байгааг мэдэгдэв.
Уг зорилтод хүрэхийн тулд Монгол Улс хөрш орнуудтай харилцан бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг дэмжих замаар хил дамнасан цахилгаан дамжуулах агаарын шугам, байгалийн хий дамжуулах хоолой зэрэг дэд бүтцийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, мөн Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд бүсийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний холболтыг хөгжүүлэх, говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бүс нутгийн орнуудтай хамтран ашиглах зэргээр “Бүс ба зам”-ын эрчим хүчний түншлэлийн хүрээнд улс орнуудтай хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.
Энэ удаагийн Сайд нарын бага хурлаар “Бүс ба Зам – эрчим хүчний түншлэл”-ийн үйл ажиллагааны горимыг баталж, “Ногоон эрчим хүчний хамтын ажиллагааны тухай Чиндаогийн санаачилга”-ыг албан ёсоор дэвшүүлсэн болно.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам