Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?



Сүүлийн хоногуудад коронавирусын халдварын тоо огцом өслөө. Мэргэжилтнүүд 4 дэх давлагаа эхэлсэн, энэ сарын дундуур оргил үедээ хүрнэ гэсэн прогнозыг хэлж байна. Халдварын тоо бол хэдийнэ 3000-ыг давчихаад байгаа. Гэхдээ коронавирусын халдварын тоо улс төрийн нөхцөл байдлаас хамаарах болсон гэсэн яриа иргэдийн дунд бий. Улс төр намжаад ирэхээр халдвар буурдаг, харин улс төр “халуураад”  ирвэл эргээд нэмэгддэг гэлцэх. Дуулианыг дуулианаар дардаг Монголын улс төрчдийн  тактик л явж байгаа нь тэр байх. Хэрэв энэ өнцгөөс харвал  халдварын тоог 3000 байтугай 10 мянга болгох ч амархан.
 УОК-ын Эрдэмтдийн зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа халдварын тоо буурна гэсэн агаарын үгээр ард иргэдээ тайвшруулж, улс төрийн оролцоотойгоор халдварыг хавтгайруулж байв.
Ард иргэдээ айдсаар дарангуйлж дуулгавартай байлгах, улс төрийн халуун сэдвүүдээс анхаарлыг нь холдуулах гэсэн нэг арга хэрэгсэл нь цар тахал болчихсон гэсэн үг. Энэ бол асуудлыгн нэг тал. Цар тахал дэгдсэн сургаар монголчууд УОК гэх газарт байдгаа барьсан гэвэл хэтрүүлэг биш.  ААН, байгууллага, хувь хүмүүс чадах чинээгээрээ хандив  тусламж үзүүлж,  хүнд хэцүү үеийг хамтын хүчин чармайлтаар давах зориг хүслээ илэрхийлж байсан. Найман настай балчраас наян настай буурлыг ч энэ аян тойроогүй, дунд сургуулийн сурагч мөнгөний гахай, номын шагналын мөнгөө бариад УОК-т ирж байсан.

Төр засгийн шугмаар гадаадаас зээл тусламж  ч чамгүй авсан. Харин энэ их мөнгө хэрхэн зарцуулагдаж, хаагуур хэний гараар урссан нь тодорхойгүй.  2021 оны 10 дугаар сарын сүүлч хүртэл Монгол улс үндсэндээ тайван байлаа шүү дээ. Харин түүнээс хойш  халдвар хаврын түймэр шиг л тархсан. Харамсалтай нь бүтэн жил коронагаар ард иргэдээ айлгасан УОК, салбар яам нь энэ бүхэнд бэлэн байгаагүй. Амьсгалын аппарат хүрэлцээгүй, уушги орлуулах аппарат бүр байхгүй,  гамшгийн үеийн сайтар тооцоолсон хүн хүч, эмнэлгийн хэрэгслийн тооцоо судалгаагүй шахам байсныг шүүмжилдэг.  Энэ бүхэн бол тухайн үеийн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл болон УОК-той холбоотой  асуудал.
Харин энэ эрхэм сайд долоо дахь удаагийн парламентын отгон чуулган дээр Ковид 19-тэй тэмцэхэд салбараа манлайлан ажилласан хэмээн “Төрийн хатан эрдэнэ”-ээр   өргөмжлөгдөж байв.
2020 оны 11 дүгээр сард ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нэг өвчтний эмчилгээний зардал 6,7-8.9 сая төгрөг  байгааг мэдэгдсэн. Харин одоо энэ зардал 70 мянган төгрөг  ч хүрэхгүй болсон юм шиг байна. Бүр гэрээр тусгаарлагдсан хөнгөн өвчтнүүдийг халуун хоол цай хэрэглэж, сайн унтаж амрахыг зөвлөх төдийгөөр  эмчилж байна. 
Эмчилгээний зардал ингэтлээ буурсан нэг ийм учир нь олдохгүй  ойлгомжгүй зүйл яваад байгаа юм. Тэгвэл тэр 8.9 сая төгрөг  өвчтний хаана нь хэрхэн шингэж байсан нь бүр ч тодорхойгүй. Үүнээс  хамгийн эхэнд анзаарагдаж байгаа  зүйл гэвэл ковидоор  бизнес хийсэн гэж л уншигдаж байгаа юм.  Энэ бол зөвхөн нэг хувилбар нь.
Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоож, 2021 оны хоёрдугаар сарын 11-23 өдрүүдэд нийслэлийн есөн дүүрэгт “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулсан. УОК-оос энэ арга хэмжээг зохион байгуулахад 30.66 тэрбум төгрөг төсөвлөснөө зарлаж байв. Харин Үндэсний аудитын газраас  энэ  арга хэмжээг зохион байгуулахад урьдчилсан гүйцэтгэлээр 18.41 тэрбум төгрөгийн нийт зардал гарсан гэж тооцжээ.  Хэмнэсэн бол сайн.  
Харин ийм хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад гарсан үр дүн юу байв. НОК-ын мэдээлснээр 442,303 иргэнийг “COVID-19”-ийн халдвар илрүүлэх “ПГУ” шинжилгээнд хамруулж, “COVID-19” халдварын 126 тохиолдол, 33 голомтыг илрүүлсэн гэжээ.  Ердөө л 126  халдварын тохиолдол илрүүлэхийн тулд 18 тэрбумыг зарцуулжээ.  Энэ бол үрэлгэн байдлын тодоос тод жишээ болж үлдэх байх. Ийм хэмжээний мөнгөөр  Монгол Улс хүн амынхаа тал хувийг вакцинд хамруулах боломжтой гэдгийг тухай үед хэвлэл мэдээлэл онцолж байсныг эргэн сануулъя.
Энэ үеэр нэг хүнээс шинжилгээ авах зардлыг 80 мянган төгрөг гэж байв. Тэр 80 мянгаар хамраа ухуулсан хүний нэг нь би.
Нэг хаалга-нэг шинжилгээ”-ий  гол зорилго нь халдварын тархалтыг хумьснаар эдийн засгаа нээх явдал гэж байв. Харамсалтай нь, сахил хүртээд шал дордов гэдэг шиг уг арга хэмжээний дараагаас халдварын тоо бараг 10 дахин нэмэгдсэн  төдийгүй тухайн үед  “ногоон бүс” байсан  аймгууд маань өнгө хувирч улаан болсон гашуун үнэн бий.
Ковидын халдвар цааш хэрхэн  үргэлжлэх нь тодорхойгүй. Монголын төр үүнийг ард иргэдээ айлгах “хадны мангаа” болгож, УОК нь  халдварыг мөнгө гэж  хараад байвал энэ өвчнийг хазаарлаж тогтоох хугацаа тэр хэмжээгээр цаашилна.
 
Г.Хан
Toim.mn скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан