Эх газрын Хятад, Хонконгийн хилийг Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сард болох өвлийн Олимпын наадмын дараа нээхээр хойшлуулах гэж байгаа тухай “Dimsum Daily” мэдээллийн цахим хуудас улс төрийн хүрээн дэх эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Тус цахим хуудаст мэдээлснээр, Хятадын эрх баригчид наадмыг амжилттай зохион байгуулах, мөн Токиогийн зуны Олимпын наадмыг зохион байгуулагчдын коронавирустэй тэмцэхэд хангалттай арга хэмжээ аваагүйтэй холбоотой алдааг давтахгүйн тулд ийм шийдвэр гаргах гэж байгаа аж. Олимпын наадамтай холбоотойгоор Ерөнхий сайд Сүга Ёшихидэ тэргүүтэй Японы Засгийн газрын үйл ажиллагааг дэмжигчдийн үзүүлэлт түүхэн доод хэмжээнд хүрч буурсан билээ.
Хятад улс өвлийн Олимпын наадмыг танхимын үзэгчтэй зохион байгуулж, “COVID-19”-ийг “бүрэн ялан дийлснээ” дэлхий нийтэд харуулахыг зорьж байна гэж “Dimsum Daily” онцолжээ.
Хүн амынх нь 60 гаруй хувь нь коронавирусний вакцинд хамрагдаад байгаа Хонконгт сүүлийн долоо хоногуудад зөвхөн гаднаас зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлууд бүртгэгджээ. Гэсэн хэдий ч хөрш Гуандун мужийн эрх баригчид хил дээр тогтоосон хорио цээрийн дэглэмийг сулруулах гэж яарахгүй байгаа бөгөөд 2022 оны гуравдугаар сар хүртэл хүчин төгөлдөр байлгах бололтой гэж “Dimsum Daily” мэдээлсэн байна.