Төрд нүүрлэсэн “ЗУД” хэзээ арилах вэ

Өнгөрсөн оны тухайд  “зуд нүүрлэсэн” жил байлаа. Байнгын үйл ажиллагаатай парламент 26 жилийн түүхэндээ анх удаа хуралдаж,  сар орчим болж, шинэ онтой золголоо. Парламент нэг нам олонхийн суудал авснаар төр, засаг тогтвортой үйл ажиллагаа явуулна гэсэн ойлголтыг Монголын улс төрийн ууган хүчин МАН эвдлээ.
2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид төрийг тогтвортой байлгахын тулд МАН-д үнэмлэхүй 65 суудал өгч, төрийн эрхийг атгуулсан. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд эрх баригчид албан тушаал, эрх ашгийн төлөө булаалцалдсаар, сүүлдээ төрийг ч гацаалаа. Улс төрд эрх ашиг л үйлчилдэг гэдгийг эрх баригчид иргэд сонгогчдод мэдрүүлсэн он жилүүд байв. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг 2018 онд 6.4 хувьд хүргэлээ гэж байгаа ч энэ нь иргэдийн амьжиргаанд ямх ч мэдрэгдээгүй. Цаасан дээрх тооцоолол, бодит амьдрал хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Ийн иргэд шүүмжилж ирсэн. Харин өнөөдөр  олон нийт дараагийн сонгуулийн хугацааг л хүлээхээс хүлээхээс өөр итгэл өвөрлөхгүй боллоо. Учир нь албан тушаал, эрх ашгаа тэргүүнд тавьсан эрх баригчид эдийн засгийг сайжруулж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх байтугай төрийг гацааж, түмний итгэлийг эвдлээд байна.
Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход 1.5 жил үлдсэн. Өнөөдрийн тухайд парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ бус, хүчингийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа Д.Гантулга гишүүний чөлөөлөгдсөнөөр Хэнтийн 42 дугаар тойрогт энэ онд нөхөн сонгууль явуулахаар байгаа бол Засгийн газар ч “элэг бүтэн” бус ХХААХҮЯ, БСШУСЯ сайдгүй, ЗТХ-ийн сайдыг огцруулах асуудал өргөн баригдсан хэлэлцэгдэж байна.
Цаашлаад УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ҮХЦ-д гаргасан бол УИХ-аас Засгийн газрыг Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр ҮХЦ-д мөн гомдол гаргаад байгаа.
Ийнхүү “60 тэрбум”, ЖДҮ”-гийн асуудлаар  УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, эрх баригч хүчний энэ хямрал төрийн хямралаар үргэлжилж байна.  Парламентад есөн суудалтай сөрөг хүчний хоёр нь УИХ-ын даргыг огцруулах эрх баригч хүчний “ЖДҮ” бүлэглэлд нэгдэж, чуулганы ирцийг бүрдүүлэхгүй гацаасаар байна. Нэр бүхий 40 гишүүний хуулийн гадуурх шаардлага парламентат засагалтай улсын тухайд байж боломжгүй болчимгүй үйлдэл” гэж ажиглагчид дүгнэж байгаа. Нөгөө талаас дээрх гишүүд бүрэн эрхийн хүрээнд хуулиа санаачлан оруулж, ирж батлуулан, УИХ-ын даргыг огцруулах гарц бий гэж тэд үзэж байна.
Улстөрчид, тэр дундаа УИХ-ын гишүүд “ард түмэн” гэж тодотгож ирээд үг хэлэх дуртай. Тэгвэл “Эрх баригчид шатахууны үнийн өсөлт, хүүхдийн эндэгдэл, агаарын бохирдолтой тэмцэх ажлаа хий. Хийж чадахгүй бол танай нам татан буугд” гэж сөрөг хүчний дарга С.Эрдэнэ л хэлсэн болохоос ард түмний  үг юм шүү.
Эрх баригчид бүрэн эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлж, улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэх ёстойгоос албан тушаалын төлөө нойр хоолгүй тэмцэж, хагаралдан, төрийг гацаах эрх ч, үүрэг ч байхгүй.
Тэнгэрийн муухай арилдаг ч улстөрчдийн муухай арилаагүй л байна.

Н.Энхлэн
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан