Коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд нь зориулж Их Британийн Засгийн газар Энэтхэг рүү эмнэлгийн тоног төхөөрөмж, тэр дундаа хиймэл амьсгалын аппарат илгээжээ.Энэ тухай Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна.
“Коронавирусний халдварыг хүндээр туссан өвчтөнүүдэд тусламж үзүүлэхийн тулд бид Энэтхэгийн ард түмэнд ашиглагдаагүй эхний ээлжийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг яаралтай илгээлээ. Бүгд аюулгүй болсон тохиолдолд л бид аюулгүй болж чадна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.
Коронавирусний халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, энэ өвчинтэй тэмцэхэд нөөц бололцоо хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан Энэтхэгт тусламж үзүүлэхээ Их Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсон өмнө нь мэдэгдсэн юм. Эхний ээлжинд Энэтхэгийн эрх баригчид 495 хүчилтөрөгч баяжуулагч тоног төхөөрөмж болон 120 хиймэл амьсгалын аппарат хүлээн авахаар болжээ.
Энэтхэгт дөрвөн өдөр дараалан халдварын 300 мянга гаруй тохиолдол илэрч, нас барсан 2 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Дөрөвдүгээр сарын 15-наас хойш тус улсад өдөр бүр 200 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ эрчээрээ үргэлжилбэл өдөрт илрэх тохиолдлын тоо 500 мянгад хүрч магадгүйг мэргэжилтнүүд анхааруулав.
Эмнэлгүүдэд хүчилтөрөгч, эм бэлдмэл, орнууд хүрэлцэхгүй байгаатай холбоотойгоор Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бямба гарагт шуурхай хуралдаан хийсэн байна. Хуралдааны үеэр Засгийн газар вакцин, эмийн бүтээгдэхүүн, хүчилтөрөгч болон бусад дагалдах хэрэгслийг олноор нь оруулж ирэхийн тулд эдгээрт ногдуулдаг гаалийн татварыг гурван сарын хугацаатай цуцалсан байна.
Их Британиас гадна Францын эрх баричгид Энэтхэг рүү хүчилтөрөгчийн тоног төхөөрөмж илгээхийг үүрэг болгосон тухай Елисейн ордны мэдэгдэлд дурджээ.
Э.АянзаяаЭх сурвалж Монцамэ агентлаг