2019 оны 12 дугаар сарын сүүлд Хятадын Ухань хотод анхлан бүртгэгдэж, 2020 оны нэгдүгээр сарын 30-нд ДЭМБ дэлхийн эрүүл мэндийн салбар дахь онц байдал гэж хүлээн зөвшөөрөн, үүнээс хоёр сар хүрэхгүй хугацааны дараа "цар тахал" хэмээн зарласан коронавирусийн халдвар дэлхий дахиныг бүрхсэн хэвээр, өвчлөлийн тоо төдийлөн буурахгүй байна. Энэ нөхцөлд олон орон коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн дээр вакцинжуулалтаа эрчимжүүлж байгаа юм.
Герман: 12 сая хүн вакцинд хамрагджээ
Германд коронавирусийн тахлын гуравдахь давалгаатай тэмцэхийн тулд "ослын зогсолт" хийхийг эрх баригчид дэмжсэн байна. Тодруулбал, Хүн амыг халдварт өвчнөөс хамгаалах тухай хуульд зохих өөрчлөлтүүдийг оруулж, үүнийг бундестаг дэмжжээ. Энэ өөрчлөлтийн дагуу халдварын төвшин өндөр байгаа тойрог, хотуудад шөнөөр хөл хорих цаг тогтоох, дунд сургуулиудыг хаах, дэлгүүрүүдийн ажиллах цагийг хатуу хязгаарлах юм байна. Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер баталсны дараа энэ хууль ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх аж.
Тус улсад вакцинжуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 22-ний өдрийн байдлаар насанд хүрсэн хүн амынх нь 21.6 хувь буюу 15.2 сая гаруй хүн вакцинд хамрагджээ. Харин вакцины хоёр тунг хоёуланг нь тариулсан хүний тоо 5.7 сая буюу хүн амынх нь 6.9 хувийг эзлэж байгаа гэнэ.
Германд вакцинжуулалт 2020 он 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн бөгөөд BioNTech/Pfizer, Moderna, AstraZeneca вакциныг ашиглаж байгаа юм. Харин ирэх зунаас Оросын вакциныг ашиглаж эхлэж магадгүй гэнэ.
Герман улс зургаа, долоо, наймдугаар саруудад тус бүр 10 сая тун гээд нийт 30 сая тун "Спутник V " вакцин захиалах төлөвлөгөөтэй байгаа гэж Саксонийн ерөнхий сайд Михаэль Кречмер Москвад айлчлан ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкотай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
Вакциныг нийлүүлэхийн тулд Европын эм бэлдмэлийн агентлаг уг бэлдмэлийг зөвшөөрөх нь гол нөхцөл болж байгаа, тавдугаар сар гэхэд тус агентлаг шийдвэрээ гаргачихна гэж найдаж байгаагаа Михаэль Кречмер илэрхийлжээ.
ОХУ: Хүн амаа вакцинжуулсны дараа бусад орнууд руу нийлүүлэх вакцин үйлдвэрлэнэ
Орост бүх нийтийн вакцинжуулалтын аян явагдсаны дараа бусад улс орнууд руу нийлүүлэх "Спутник V" вакциныг дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэх боломжтой гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдээлжээ. Харин "Спутник V" вакциныг үйлдвэрлэх гадаад улс орнууд дахь үйлдвэрлэлийн хүчин чадлыг Орост зориулсан вакцин үйлдвэрлэхэд ашиглаж болох ч дотоодын үйлдвэрлэл шаардлагатай хэмжээгээр вакцин үйлдвэрлэх боломжтой гэж тэрбээр мэдэгдсэн байна.
АНУ: 16-аас дээш насны бүх оршин суугчаа вакцинжуулна
АНУ-д 16-аас дээш насны бүх оршин суугчдаа вакцинжуулахаар бэлдэж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.
Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар АНУ-д 200 сая тун вакцин тарьсан байна. "Өнөөдөр, би албан тушаалдаа ороод 92 дахь өдөр тохиож байгаа энэ үед АНУ-д хийсэн вакцины тун 200 саяыг давлаа. Энэ бол ард түмний хувьд гайхалтай амжилт" хэмээн Жо Байден мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр, дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар насанд хүрсэн америкчуудын 50 гаруй хувь нь эхний тундаа хамрагдсан. Харин дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар, 65-аас дээш насныхны 80 гаруй хувь нь вакцинд хамрагджээ. Мөн 65-аас дээш насныхны дунд нас баралт 80 хувиар багассан гэдгийг Байден онцолсон байна.