Сангийн сайд Б.Жавхлан шуурхай шийдвэр гаргаж “Тайван зогсоол”-ыг гаалийн хяналтын бүс болгох үүрэг өгчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дахь Цагаан хад суурьшлын бүс болон Гашуунсухайт боомт бол манай эдийн засгийн суурь буюу улсын төсвийн бүрдэлд чухал үүрэгтэй байгалийн баялгийн экспортын гол гарц юм. Гэтэл энэ экспортын урсгалыг дагаад маш олон асуудал хөндөгдөж, шийдлээ хүлээн өнөөдрийг хүрсэн байдаг.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай болон Цагаан хад суурьшлын бүс, нүүрс тээврийн жолооч нарын нөхцөл байдалтай танилцаж, хэд хэдэн асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэжээ.
Тухайлбал, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу баригдсан “Тайван зогсоол” цогцолборыг Гаалийн хяналтын бүс болгох ажлыг шуурхай хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад даалгасан байна.
Сүүлийн үед БНХАУ-ын татан авалт эрс багассанаас үүдэн уртын тээврийн дараалал 40 гаруй км үргэлжилж, улмаар Цагаан хаданд хэт ачаалал үүссэн байдалтай байгаа юм. 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар хятадын тал ердөө 35 машин нэвтрүүлжээ. Тэгвэл нүүрс тээврийн гарц багассанаас үүдэлтэй энэ их ачаалал, бөөгнөрөлийг зохицуулахад "Тайван зогсоол” цогцолбор чухал ач холбогдолтой хэмээн үзсэн аж. Учир нь Гашуунсухайтын зам дагуу байрлалтай “Тайван зогсоол” нь 2500 машины зогсоолтой бөгөөд хашааны хаалга нь автомат системээр тоноглогдсон тул зогсоол руу машин ороход улсын дугаарыг, мөн орсон дарааллыг дугаарлан бүртгэж, хашаанаас гарах тохиолдолд бүртгэгдсэн дарааллын дагуу гаргах ухаалаг системтэй.
Тиймээс дарааллаа алдах, кабиндаа амьдрах гэх мэт жолооч нарын эрх нь зөрчигдөж буй олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм байна.
Б.Жавхлан сайд НАБТ болон мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, жолооч, төрийн албан хаагч нартай уулзалт хийж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн санал нэгдсэний үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Сангийн сайд Б.Жавхлан тус бүс нутгийн асуудлыг цэгцлэх тал дээр онцгойлон анхаарлаа хандуулж, гаалийн шинэчлэлийн хүрээнд цагаа олсон шийдвэр гаргаж, Монголын эдийн засгийн чухал суурь болсон экспортын урсгалыг нэмэгдүүлэх, бусад олон асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж, цаашид дорвитой арга хэмжээ авах ажилдаа ийнхүү ханцуй шамлан оржээ. Цагаан хад суурьшлын бүс нутагт болон Гашуунсухайт боомтын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг цэгцлэх ажлыг эрчимжүүлснээр цар тахлын улмаас маш хүнд нөхцөл байдалд орж буй манай улсын эдийн засаг улам доройтох, улсын төсвийн орлогод нөлөөлөх өндөр эрсдэлээс сэргийлэх боломж нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. 

Ташрамд дурдахад, "Тайван зогсоол" цоцголборын зүгээс нөхцөл байдлыг харгалзан үзээд, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төлбөрийн хэмжээгээ харьцангуй багасгасан юм байна. Жолооч нарын хувьд мөн энэ гарц шийдэл дээр санал нэгдэж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан