Б.Мөнх-Эрдэнэ: Тусгаарлалтад байгаа иргэдээс сэтгэцийн өөрчлөлт маш их илэрч байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн нэгдүгээр клиникийн сэтгэцийн эмч Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.-Гадаадаас тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдийг 14 хоногоор тусгаарлаж байгаа. Тухайн хугацаанд иргэдийн сэтгэлзүйд ямар өөрчлөлт илэрч байна вэ?-Сэтгэлзүйн өөрчлөлтүүд гарч байна. Хувь хүний бие, сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн байдлын аль нэг алдагдахад нөгөө хоёр нь өөрчлөгддөг. Үүнд цар тахал их нөлөөлж байна. Сэтгэлзүйн талаас сэтгэл түгшилт, уур бухимдал, айдас, гутрал гэх мэт өөрчлөлт ихээр ажиглагддаг.
-Анх тусгаарлах байранд ороход халдвар илрээгүй хэрнээ гарах үед шинжилгээнээс “COV­ID-19” цар тахал илэрсэн тохиолдол цөөнгүй гарсан. Энэ нь тухайн иргэний төдийгүй хажууд нь хамт байсан хүмүүсийн сэтгэлзүйд ч хүнд тусдаг байх?-Мэдээж тэгэлгүй яахав. Хүн болгон сэтгэлзүйн хувьд аливаа өөрчлөлтийг харилцан адилгүй хүлээж авдаг. Сэтгэлзүйн хувьд тайван бус түгшүүртэй байвал энэ байдлыг илүү хүндээр тусгаж сэтгэлзүйн хэвийн бус хариу урвал үзүүлдэг. Жишээ нь, түгшилт айдас, уур бухимдлаар хариу урвал үзүүлж, өөрт болон эмч сувилагч нарт хүндрэл учруулах тохиолдлууд байдаг. Харин эсрэгээр хэвийн хүмүүс бол богино хугацааны хариу урвал илрээд тухайн нөхцөл байдалдаа дасан зохицож хүлээн зөвшөөрдөг. Хамт байсан хүмүүсийн хувьд халдвар авсан байх вий гэсэн айдас түгшүүр голлон нөлөөлж байна.
-Тусгаарлалтад байгаа иргэдийн сэтгэлзүйн хандлага нь ямар байдаг вэ. Анх очиж байгаа болон арван хоног байрласан хүний сэтгэлзүй харилцан адилгүй байдаг уу?-Ялгаатай байна. Хувь хүний хандлагаас хамаарч “COVID-19”-ийн талаарх мэдлэг харилцан адилгүй байдаг.
 
Зарим хүн гэр бүлээ халдвараас хамгаалахын тулд тусгаарлагдаж байгаа гэж эергээр хандаж байхад зарим иргэн “Би тусгаарлалтад орох шаардлагагүй” гэсэн бодолтойгоор сөрөг хандлага ихээр гаргадаг. Анх тусгаарлалтад орж байгаа хүмүүс халдвар тархсан улс орноос ирсэн эсвэл ойр хавийн хүнээс нь халдвар илрээд хэвтсэн учраас их түгшүүртэй байдаг.
 
Өглөө бүр 11:00 цагийн мэдээ хүлээж шинжилгээний хариу ямар гарах бол гэсэн хүлээлт үүсэж, улмаар зарим тохиолдол нойргүйдэлд орж байна. 10 орчим хоногийн дараа эхний шинжилгээнүүд сөрөг гарснаар хүн арай тайвширч дасан зохицдог. Гэхдээ олон хоног өрөөнөөсөө гарахгүй, нийгмийн харилцаанд орохгүй болохоор сэтгэлзүйн таагүй хариу урвалууд илэрч байна.
-Яг ямар тохиолдолд тусгаарлах байранд очиж ажиллах зайлшгүй шаардлага тулгардаг вэ?-Хүмүүсийг сэтгэцийн хувьд эрүүл, тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэж гурав хуваадаг. Ихэвчлэн тусгаарлах байранд сэтгэцийн тулгамдсан асуудалтай айдас түгшилт, сэтгэл гутрал, уур бухимдал, зарим тохиолдолд өмнө нь сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан хүн ч байх юм. Одоогийн байдлаар солиорлын байдалтай хүмүүст зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг.
-Халдвартай байж болзошгүй бүс болохоор тодорхой дүрэм журмын хүрээнд ажилладаг уу?-Эрүүл мэндийн сайдын А537 болон 29 дүгээр тоот тушаалыг мөрдлөг болгон ажилладаг. “COVID-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ баримтлах заавар журам тушаалыг чанд баримталж байна.
-Сэтгэцийн гүн хямралд орсон хүмүүс байсан уу?Байсан. Сэтгэлзүйн хувьд аливаа зүйлийг хүндээр тусгаж авдаг хүмүүс цар тахалтай холбоотойгоор гүн хямралд орох тохиолдол гардаг ч тэр нь харьцангуй бага байна. Нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалж гүн хямралд ордог. Тухайлбал, өрөнд орох, хагацлын зовлон тохиолдох мөн өөрөө тусгаарлалтад байх хугацаанд үр хүүхдийг нь харах хүн байхгүйн улмаас гүн хямралд орж байна.
-Сэтгэлзүйн хямралд өртсөн иргэдэд ямар зөвлөгөө, зөвлөмж өгч ажилладаг вэ?-Тухайн байдалд тааламжгүй сэтгэл хөдлөлийн хариу үзүүлэх нь байх ёстой зүйл гэдгийг учирлаж хэлдэг. Түүнчлэн тааламжгүй сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрснөөр энэ нөхцөл байдалдаа илүү хурдан дасна гэдгийг ойлгуулахыг хичээж байна. Өөрт тохиолдсон таагүй мэдрэмжээ өөртөө хадгалах бус гадагшлуулах, мэдрэмжээ илэрхийлэх нь хамгийн чухал. Жишээлбэл, ойр байгаа хүнтэйгээ ярилцах, хэрэв хүн байхгүй бол тэмдэглэлийн дэвтэр хөтлөх, видео дуудлага хийх, зарим тохиолдолд гүнзгий хямрал эсвэл солиорлын шинж тэмдэг илэрвэл эмийн эмчилгээтэй хавсардаг. Мэдрэмжээ сайн тайлж чадахгүй бол сэтгэлээс шалтгаалах бусад эмгэг үүсэж болзошгүйг тайлбарлаж өгч байна.
-Ихэвчлэн хэдээс хэдэн насныхан сэтгэлзүйн үйлчилгээ авч байна вэ? 
-Миний тусламж үйлчилгээ үзүүлж байсан хүмүүсийн хувьд харилцан адилгүй ч 20-30 насны залуучууд их байсан. Мөн 50-60 насныханд ч сэтгэлзүйн үйлчилгээг шаардлагатай тохиолдолд үзүүлж ажиллаж байгаа.
 
-Та хэдэн удаа тусгаарлах байранд очиж, ажилласан бэ?-Одоогийн байдлаар тусгаарлах байранд нийт зургаан удаа очиж ажилласан. Таван удаа дуудагдаж очсон бол нэг нь 21 хоногийн тусгаарлалтад байгаа хүнд үйлчилгээ үзүүлсэн.
-Хөл хорио тогтоосноос хойш иргэдийн сэтгэлзүйд өөрчлөлт гарч танай эмнэлэг рүү хандаж байна гэсэн. Энэ үед иргэд сэтгэлзүйгээ хэрхэн тогтвортой байлгах вэ?-СЭМҮТ-д хандах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. 1800-2000 тусгай дугаарын утастай болсноос хойш иргэд хаанаас ч хамаагүй холбогдон сэтгэлзүйн тусламж авдаг болсон. “COVID-19” халдварын талаар, өөрийгөө болон бусдыг түүнээс хэрхэн хамгаалах, сэргийлэх талаар үнэн зөв мэдээлэлтэй байхаас гадна сэтгэлзүйгээ тайван байлгах хэрэгтэй. Ингэхийн тулд стресс тайлах энгийн аргуудаас суралцаж өөртөө хэрэглэдэг байх хэрэгтэй. Өөрийгөө аль болох завгүй байлгаж дуртай зүйлээ хийх шинэ зүйл туршиж үзэх хэрэгтэй гэдгийг хэлье.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан