У.ХҮРЭЛСҮХ ДАРГА АА, НИЙСЛЭЛД ТЕГ-ЫН БИЧГЭЭР ХАЛХАВЧИЛЖ ТЕНДЕРГҮЙ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙДЭГ ЛУЙВАР ГАЗАР АВЧЭЭ

Төрийн зүгээс хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн боломжийг дээрэмдэж байгаа тухай баримтыг дэлгэхээр манай редакцад нэрээ нууцалсан эх сурвалж хандсан юм. Түүний хэлж буйгаар бол “Улаанбаатар хотын хөгжлийн корпараци” сургуулийн автобус болон нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагааг ямар ч тендер зарлалгүйгээр зохион байгуулсан гэнэ. Ингэхдээ Тагнуулын Ерөнхий газрын бичгээр далайлгаж хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн боломжийг дээрэмдэж, дарангуйлсан байна.

Энэ хууль бус ажиллагааны ард нэр бүхий том албан тушаалтнууд байдаг талаар хэлж байсан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Сургуулийн хүүхдийн болон нийтийн тээврийн автобуснуудыг энэ онд болон ирэх онд шинэчилнэ. Энэ ажилд тендер зарлалгүй төр шууд худалдан авалт хийж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн боломжийг дээрэмдсэн гэх мэдээллийг та хэлж байна. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Өнөөдөр Улаанбаатар хотод 1200 орчим автобус үйлчилгээнд явж байгаа. Тэдний олонх нь 2009 онд үйлчилгээнд гарсан. Энэ онд болон ирэх жил ашиглалтын хугацаа нь дуусна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө 2019 оны сүүлээр гарсан. Энэ төлөвлөөг 2020 оны тавдугаар сарын 29-нд дахин шинэчилж баталсан байдаг. Энэ төлөвлөгөөгөөр 2020-2023 онд нийтийн тээврийн шинэ шийдэл төсөл, парк шинэчлэлт, хүүхдийн сургуулийн автобус зэргийг шинэчлэхэд 350 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Түүнээс 2020 онд санхүүжих нь 26 тэрбум 50 сая төгрөг гэж баталсан байдаг. Үүнийг нээлттэй тендер шалгаруулалтаар худалдан авалт хийнэ гэж анх захирамж гаргасан. Тус төлөвлөгөөний дагуу үнэлгээний комисс зургадугаар сарын 27-нд байгуулагдаад, улмаар наймдугаар сарын 27-нд тендерт шалгарсан компанитай гэрээ хийх байсан юм.

-Гэтэл юу болов?

-Хүүхдийн сургуулийн болон нийтийн тээврийн автобусыг 26 тэрбум 50 сая төгрөгөөр худалдан авах ажиллагааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” руу шилжүүлсэн. Гэтэл “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нь тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж байна. Энэ нь төсвийн Нийслэлийн ерөнхийлөн захирагчийн төлөвлөгөөгөө зөрчиж байгаа үйлдэл.

-“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн зүгээс дээрх төсөлд тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж байгаа шалтгаанаа хэрхэн тайлбарласан бэ?

-“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК маань өөрөө Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар. Бид очоод тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж байгаа шалтгааныг нь тодруулахад “Бид мэдэхгүй байна. Бидэнд ТЕГ-аас чиглэл ирсэн. Үүнийг Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц худалдан авалт гэж үзсэн” гэх тайлбар хэлж байгаа юм. Сургуулийн хүүхдийн, нийтийн тээврийн автобус ямар үндэслэлээр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгааг лавлахад “Цаад учир шалтгааныг бид мэдэхгүй.Одоо яах билээ” гэж байсан. Үүнийг бүгд мэдэж байгаа ч хэн ч дуугараагүй.

-Энэ тендерт тэс хөндлөнгийн ТЕГ ямар үүрэгтэй оролцсон нь сонирхол татаж байна?

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай буюу тендерийн тухай хууль байдаг. Энэ хуулийн 3.4 дүгээр зүйл дээр хуулиар “Төрийн нууцад хамааруулсан болон Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж бараа хэрэгсэл, техник байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулж болохгүй” гэж заасан байдаг. “Улаанбаатар хөгжлийн корпораци” энэ зүйл заалтыг ашиглаж шууд гэрээ байгуулж байна. Сургуулийн хүүхдийн автобус, нийтийн тээврийн автобус ямар үндэслэлээр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх билээ дээ. Нийтийн тээвэр, хүүхдийн автобусыг 3.4-рүү оруулах ямар ч үндэслэл байхгүй. Ямар зүйлийг Үндэсний аюулгүй байдалтай холбоотой тоног төхөөрөмж гэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг Засгийн газрын 2001 оны 122 дугаар тогтоолын хавсралтаар баталсан байдаг юм байна. Үүнд Батлан хамгаалах ба Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тусгай зориулалтын байгууламж, техник тоног төхөөрмж, галт зэвсэг болон үйлчилгээний жагсаалт гэж байгаа юм. Энэ жагсаалтад хүүхдийн автобус, нийтийн тээврийн талаар дурдсан зүйл нэг ч байхгүй. Тагнуулын байгууллагын чагнах төхөөрөмж бусад хэрэгсэл, цэргийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай тоног төхөөрөмж зэрэг зүйлс дээрх жагсаалтад багтсан байдаг. Сургуулийн хүүхдийн автобус, нийтийн тээврийн талаар дурдсан нэг үг, өгүүлбэр ч байхгүй. Сургуулийн хүүхдийн, нийтийн тээврийн автобусны тендерийг ТЕГ-тай нийлж 3.4 дүгээр зүйл рүү хүчээр нааж хувийн хэвшлийн боломжийг дээрэмдэж байна. Төр хувийн хэвшлийг ТЕГ-аар сүрдүүлж дарангуйлал тогтоож байна гэж л ойлгож байгаа.

-2009 онд автобуснуудыг шинэчилж байсан шүү дээ. Тухайн үед нийтийн тээврийн худалдан авалт хэрхэн явагдаж байсан юм бол. Та бүхэн судалж үзсэн үү. Тухайн үедээ шуугиан болоод л өнгөрч байсан санагдаж байна?

-Одоо удахгүй ашиглалтаас гарах гээд байгаа 400 ширхэг автобусыг 2009 онд авч байсан. Тэр үед Тендерийн тухай хууль дөнгөж л бий болоод байсан л даа. Ингээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй автобус компаниуд руу хязгаарлагдмал тендер зарлаж байсан юм билээ. С.Баяр гуай Ерөнхий сайд байсан шүү дээ. Улмаар Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 10 хувийг нь гарган урьдчилгаа төлбөрийг хийж байсан гэдэг. Тухайн үедээ нээлттэй тендер зарласангүй, Баярын хувийн бизнес мэтээр шуугиад л өнгөрсөн. Өнөөдрийнхтэй харьцуулахад тухайн үед тендер шударга явагддаг байжээ. 2009 онд Улаанбаатарт Hino, Nissan,Deawoo, Hyundai гэсэн дөрвөн төрлийн автобус явж байсан. Ингээд дээрх дөрвөн компани руу холбогдож хязгаарлагдмал тендер зарлаж байгааг дуулгаж, үнийн саналыг нь авсан юм билээ. Улмаар Deawoo-гаас 400 ширхэг автобус авч байсан. Харамсалтай нь өнөө хэд нь манай нөхцөлд бүрэн таардаггүй, туршигдаж байгаагүй автобус ороод ирсэн

Оруулж ирсэн 400 автобусныхаа 250-ыг нь улсын гурван компанид хуваарилж өгсөн байдаг. Үлдсэн 150-ыг нь хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгжид санал болгосон юм билээ. Тэдэнд автобуснуудын үнийг таван жилийн дотор лизингээр төлөх нөхцөлийг санал болгоход долоо нь шаардлага хангаж, гэрээ хэлцэл байгуулан автобуснуудаа хүлээж авсан.

Долоон компанийн дөнгөж гурав нь л төлбөрөө гүйцэд төлж барагдуулсан. 9 сая долларын автобуснуудыг хувийн компаниуд улсаас үнэгүй авчихаад ихэнх нь төлж барагдуулаагүй байдаг.

-Төлж барагдуулаагүй шалтгаан нь юу вэ?

-Улс мөнгөө нэхэхэд “Та нарын оруулж ирсэн автобус Монголын нөхцөлд тохиромжгүй байна. Ийм чанаргүй бараа бидэнд шахчихаад одоо битгий хачин юм ярь” гэдэг юм билээ. Одоо ч төлж барагдуулаагүй. Өнөөдөр дахиад л Монголд туршигдаагүй автобус оруулж ирэхээр зэхэж байна. 2009 оны гашуун түүх давтагдах нь тодорхой гэж би хувьдаа үзэж байгаа. Тагнуулын Ерөнхий газар ч өөрдийнхөө үндсэн ажлыг хийхгүй, хувийн бизнес рүү халдаж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл мөн.

-Та бүхэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан уу. Та бүхэнд ямар хариу өгч байна вэ?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Холбогдох баримт, материалуудыг цуглуулж дээрх хууль бус худалдан авах ажиллагааг цуцлуулах албан бичиг хүргүүлэхэд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тус худалдан авах, ажиллагааг хамаарах болсныг мэдэгдсэний дагуу “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”–иас худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа 3.4 дүгээр заалтыг баримталсан байна. Ямар нэгэн хууль зөрчсөн асуудал алга. Гомдол үндэслэлгүй байна” гэх хариу ирүүлсэн. Бид хаана хандахаа мэдэхгүй байна.

-Төр худалдан авалтаа хийчихсэн үү. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-БНХАУ-аас шууд худалдан авалт хийх гэрээ байгуулчихсан гэх яриа гарсан байна лээ. Би гэрээг нь өөрийн нүдээр хараагүй. Урд хөршөөс түргэн нийлүүлэхээр яаравчилж байгаа сураг байсан.

.Эх сурвалж: Өдрийн сонин

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан