Монголын минь хөдөөгийн байдал ихэд өөрчлөгджээ.
МОРЬ УНАДАГГҮЙ МАЛЧИД
Тэртээд сүүмэлзэх малчдын гэрийн гадаа “Портер”, “Приус” маркийн машин, Хятадын мотоцикл заавал байна. Малаа мотоцикл эсвэл машинаараа хариулна. “Приус” машинаараа хонь ямаагаа хариулах бүсгүйн нүүр нь халуунд харлахгүй, бас боломж гарахаар нь машинд дотроо нүүрном ухаж, эсвэл сайхан дуу сонсон, эсвэл зүүрмэглэн унтаж болно. Холдож одсон хониныхоо араас хэд хаазлаад л гүйцэж очно. Адуу, үхэр, тэмээгээ мотоциклоороо эргэх залуу урьдын адил аргамжсан морио авчирч чѳдѳрлѳн, эмээллэн мордох зовлонгүй. Машин мотоцикль нь шатахуун бага зарцуулдаг болохоор хэн хэндээ амар бололтой. Хархорины тэнд явж байхдаа мотоцикль дээрээ суналзсан уурга барьж яваа залууг хараад их л цочсон. “Арай мотоцикль дээрээсээ морио уургаладаг юм биш байгаа даа” хэмээн бодож ѳнгѳрѳв. Малчиддаа амар байдаг байх л даа, гэвч нүд сэтгэлд минь нэг дасахгүй байсаан , хэхэхэ.
TOОХОО БОЛЬСОН “МАЛЫН БУЯН”
Ѳглѳѳ эрт босч тугал татан үнээ ивэлгэж, ѳдѳржин хурга ишгээ хариулан, хонь ямаагаа холбон саадаг байсан цаг үе домог болон холджээ. Замын хажуугаар ноосоо цувуулан билчих хонин сүргийг хараад “Хонио ноослохоо болио юу даа?” гэтэл “Хнн, Хонины ноос үнэд хүрэхгүй болохоор тоохоо ч больсон шүү дээ” гэнэ. Буян бодож хонио ноосноос нь салгах сэтгэлгүй ч болж дээ. Зуны халуунд сааль сүү гэж түүртэх хүсэлгүй болохоор ихэнх малаа эхлээр нь тавьж “мѳнгѳ хийх” зорилгоор цѳѳхѳн мал авч үлдэн саадаг гэнэ.
ЗУУН ЖИЛИЙН МОДОН ЖОРЛОН
Ямар нийгэм байгуулж байгаагаа ч ойлгохоо больсон хэрнээ хѳгжил ярьж, сум орон нутгийн ойгоо нүсэр тэмдэглэн баярладаг хѳдѳѳгийнхѳн модон жорлонгоосоо салж чадалгүй 100 жилийг элээв, хѳѳрхий. Мѳнѳѳх л модон тавцан дээрээ хагас суун доошоо тонгойн элдэв ѳт шавьж язганан буйг харж хамар сэтлэм ѳнхий үнэртээ мансууран байж “хүндэрнэ”. Модон жорлонгоос гарсны дараа ч мѳнѳѳх ѳмхий үнэр хамаг биенээс минь салахгүй, баасны үнэр авсан ногоон ялаанууд намайг тойрон эргэлдэнэ. Ядаж байхад усанд орох газаргүй болохоор ѳѳрѳѳ ч ѳмхий ханхлуулан, ѳрѳѳлѳѳс ханхлах ѳмхий үнэртэж мансууран найрлана, бас дуулалдана. “Жорлонгоо ѳѳрчилье” уриаг бодит ажил хэрэг болгох ёстой гэдэгтэй санал нийлж байлаа. Олон юм “бүлтрэлгүй”, дэлхийн хѳгжлийг шүүмжлэлгүй ѳѳрсдѳѳ санаа тавин ѳѳрчлѳх эхний асуудал нь хѳдѳѳгийн модон жорлон мѳн. Хѳгжил модон жорлонгоо ѳѳрчлѳхѳѳс эхэлнэ дээ, хүмүүс ээ.
ЭХ ОРОНДОО ХАЙРГҮЙ МОНГОЛЧУУД БИД
Хѳдѳѳгийн сайхан замд хѳгжилтэй аялж, хорхог хийн халуун чулуу атгадаг монголчууд бид хогоо цэвэрлэдэггүй. Хүссэн газраа майхан саваа барьж, дуртай газраа бааж, шээх ховроос ховор эрх чѳлѳѳгѳѳ эдлэх хэрнээ уусан архины шил, идсэн хоолны үлдэгдэл, бусад ялгадас хогоо газраар нэг тарааж орхиод одохдоо, Элэг зүрхнээс уяатай
ЭНХРИЙ МОНГОЛ НУТАГ МИНЬ
Хэмээн шартсан элгээ цахиртсан хоолойгоор аргадан аргадсаар дараагийн хог овоолох газар руугаа давхилдан одох аж. Тэнэг бүдүүлгүүд нь дуртай газраа хог ялгадас үлдээн, сэтгэл нь зовсон зарим нь түүнийг нь түүн цэвэрлэж амьдрахгүй ээ монголчууд аа. Та нарын цээжээ дэлдэн бахархаад байгаа эх орон тань та нарын овоолсон хог ялгадас дунд тарчлан зовж байна. Халамцуудаа хашгираад, солиороод байгаа эх орноо хайрлах хайр чинь хог хаягдлаа цэвэрлэн аваад явахаас эхэлдэг юм. Сум орон нутаг бүхэн тодорхой газарт хогоо ангилан хаях цэгүүдийг байгуулж, түүнийг цэвэрлэж байх үүрэгтэй юм шүү дээ, новш гэж.
ГЭГЭЭРЭХ ЁСТОЙ МОНГОЛЧУУД БИД
Сонгох эрхийг минь “хар хайрцаг” луйвардсан, сайхан амьдрах боломжийг минь баян хүмүүс хулгайлсан, муу амьдарч байгаад нь ѳѳрѳѳ бус ѳрѳѳл бусад буруутай, амьдарч байгаа нутгийнхаа тѳлѳѳ бус “дэлхийн дулаарал” мэтийн асуудалд санаа зовинодог үй олон хүмүүс хѳдѳѳд амьдарч байна. Саяхан нэг сумын номын санд ороод хуучны сонгодог 200 орчим номыг акталж устгахаар бэлтгэж байгааг үзээд харамссан.
Хөдөөнийхөн ном уншдаггүй, тэр тусмаа дэлхийн сонгодог номнууд "социализмын үлдэгдэл" мэт тооцогддог болсон бололтой. Ном уншдаггүй хэрнээ бусдын ам дамжсан яриагаар мэдээлэл авч, "гэнээ" хэмээн дагавар үгээр цааш нь дамжуулдаг сэтгэлгээгээр бид хол явахгүй ээ. Мөнөөх л "хошин шогчид" хэмээгчдийн марзганалаар амьдрал болоод бусадтай харилцах харилцаагаа жишиж болохгүй ээ. Өөртөө арчаатай амьдарч, ном уншиж бай л даа.
Хуучин хүмүүс хѳлхѳлдсѳн хѳдѳѳгийн шалдир булдир байдал иймэрхүү. Зун цаг ч дуусаж намар болох дѳхѳж байна даа.
Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2020-07-26