Энэ удаагийн сонгуульд сонгогчид ихээхэн ач холбогдол өгч, нэр дэвшигчдийн уулзалт дээр захиас зөвлөгөөгөө хэлсээр байна. Энэ нь иргэдийн амьдрал, нийгмийн хөрснөөс гарсан ирээдүйн төрдөө илгээж буй илгээлт гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, бие даан нэр дэвшигч Б.Баярмагнайгийн нэр дэвшиж буй Баянзүрх дүүргийн 23-р тойргийн иргэд уулзалтын үеэр түүнийг зүгээр л дэмжиж байгаагаа илэрхийлэхээд орхисонгүй, түүнд өөрсдийн хүслээ уламжилж, зөвлөгөө захиасаа хэлж байна. Өнөөдрийн уулзалтаас харахад иргэдийн зүгээс олон асуудлыг хөндөж, түүнийг аливаа дайралт, хавчлагад няцалгүй, бат зогсож, эргээд уулзахад хэлэх үгтэй, хийсэн ажилтай байхыг хүслээ.
-Б.Баярмагнайгийн танилцуулгыг сонслоо. Миний асууя гэж бодож байсан бүх асуултад маань өөрөө хариулчихлаа. Тэгэхээр энэ хүн бидний төлөө, улс эх орныхоо төлөө, цаашдаа улс орноо яаж хөгжүүлэх вэ, харийн довтлогчдоос баялгаа, иргэдээ яаж хамгаалах вэ, иргэдээ яаж чинээлэг амьдралтай болгох вэ гэдэг өөрийн гэсэн төлөвлөгөөтэй нэр дэвшигч санагдлаа. Тиймээс энд суугаа бид бүхэн Баярмагнай нэр дэвшигчийг дэмжвэл яасан юм бэ гэсэн сэтгэгдэл надад төрж байна. Харин Баярмагнай Их хурлын гишүүн болоод, 30 жил Монголын баялгийг гадаадад зөөгөөд, гадны компанид, банкинд хадгалчихсан, урсаж гарсан нефтийн мөнгө нь хаашаа орж байдаг нь мэдэгдэхгүй гэх мэт энэ бүх асуудлыг тодруулаад шийдвэртэй алхмыг хийгээрэй. Өмнөх бүх парламентын 76, 76-гаар нь багцалсан гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцох ёстой. С.Баярцогт, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгтэй хуулийнхны хариуцлага тооцож байгаа байдлыг ажиглахад зүгээр л 7 хоног шоронд суулгаад, 1 хоног АТГ-т авчирч хооллоод суллаж байх жишээтэй. Энэ бүгдтэй тэмцэхэд чамд бэрхшээл ч, дарамт шахалт ч их ирнэ. Түүнийг нь цэргийн хатуужсан хүний хувьд чи даваад гарахыг л бодоорой гэж бид бүхэн хүсч байна даа.
-Би бол цэргийн ансамблийн хөгжимчин хүн. Миний гарт ирсэн нэр дэвшигчдийн бүх программуудыг би үзсэн. Таны нүүрийг харчихаад долигонож байгаа юм биш шүү. Таны мөрийн хөтөлбөр маш сайн таалагдлаа. Хэд хэдэн асуудал хөндмөөр байна. Дорнод болон урд талын хилээр хятадууд ороод ирчихсэн манай иргэд шиг бүрэн эрхтэй байдаг. Энэ бол жирийн бидний хувьд сэтгэл өвтгөж донслуулсан асуудал. Хятадуудад хэн энэ эрх дархыг өгөөд байна вэ гэж бодохоор шөнө ч нойр хулждаг. Ер нь манай улс Солонгос, Япон, Хятад, Америкын эдийн засгийн багалзуурт орчихсон байна гэж би хардаг. Та гарч ирнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Харин дараа нь би бүтэхгүй юм байна гэж хэлэлгүй, шахалт дарамт болгоныг давж гараад шаасан гадас шиг бат зогсоорой. Надад өмнөх сонгуульд нэр дэвшиж байсан хүмүүсийн бүх амлалтууд нь одоо ч байгаа. Бүгд бараг биелэгдээгүй. Таныхыг ч би хадгалаад дараа нь харах болно. Бас нэг асуудал байна. Манайх хөгжил нь дорой байж Улаанбаатарын албан газруудын гадна хаяг дандаа гадаадаар бичсэн байгаа. Гол хаягаа монголоор, доор нь жижгээр гадаадаар бичих хэрэгтэй байна.
-Лицензээр Монголын газар нутаг худалдагддаг болж. Тэрийгээ өөрсдөө ч ашиглахгүй, хятад гэх мэт гадаадын улсуудад өгчихдөг, тэгээд тэр газар гадны нутаг болчихоод байгаа. Энэ хэдэн лицензээр наймаа хийдэг, гадагш зардаг асуудлыг бүрэн зогсоох хэрэгтэй байна. Яагаад гэвэл байгалийн баялгийг нь ашиглаад хаячихна. Зарсан хүн нь баяжаад, хэдэн иргэд нь хоосон хоцордог. Ер нь нутаггүй болох гээд байна шүү. Энэ явдлыг таслан зогсоохыг би танаас хүсч байна.
-Миний хүүгийн дарга байсан Баярмагнай генерал маш мундаг чадалтай хүн гэж би ойлгодог. Миний хүү цэрэгт байхдаа хүүхэдтэй болсныг дуулаад “Би өвөө болчихлоо” гэж хэлэхэд нь сэтгэл хөдлөөд би уйлж байсан юм. Хүний олон хүүхдийг аав шиг нь, ах шиг нь хайрлаж хүндэтгэдэг хүн. Баярмагнай алсын хараатай маш олон сайхан зорилт тавьсан байна. Манай Монголын ард түмний дундаас чадвартай ийм хүн улс төрд орж ирж байгаад нь баярлаж байна. Цаашдаа Монгол орондоо их зүйлийг хийж бүтээж, би чадна, бүтээнэ гэж гарчихаад ард түмнийг хуурч байгаа хууран мэхлэгчдээс ард түмнийг минь хамгаалж, эх орны маань баялгийг ард түмэндээ хүртээмжтэй хуваарилж, хойч ирээдүйгээ өндөр, гялалзсан боловсролтой, эх оронч хүмүүжилтэй хүн болгоно гэдэгт нь итгэж байна. Баярмагнай улс төрд гарсанаараа их зүйлийг хийж, их зүйлийг халж, олон хүнийг байлдан дагуулж чадна гэдэгт нь итгэлтэй байна. Манай Ургах наранчууд бөгөөд 23-р тойргийнхон бүгд дэмжинэ гэдэгт нь итгэж байна.