Нэр дэвшигчээ матарладаг би чадначууд

Монголын пиарчид ажилдаа оржээ. Сонгууль бүрийн өмнө ээлжит жүжгүүдээ дэглэдэг тэд толгой өндийх завгүй ажиллацгааж байна. Миний, чиний гэхгүйгээр мөнгө өгсөн хүмүүст зөвлөгөө өгч, нэр дэвшигчдээ бодит байдлаас холдуулж, “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэх хандлагаар хандаж сууна. Өмнө нь пиар гээд байх зүйлгүйгээр нэр дэвшигчид сонгогчидтой нүүр тулж уулзсаар сурталчилгааны хоногуудаа дуусгадаг байсан. Гэтэл олон нийтийн сүлжээ гэх зүйл гарч ирж, технологийн дэвшлийг ашиглаж байна гээд сошиалд элдэв зураг, видео, үг холбож бичсэн нүүр дүүрэн малийтал инээсэн эсвэл бодлогоширсон зургаа нийтлэх болжээ. Энэ нь хүмүүст хүрч, сонголт хийхэд нь нөлөөлөх юм гэнэ. Нэг талаараа нөлөө үзүүлэх биз, үгүй ч биз. Хамгийн гол нь, долоон буудлын Должин эмээ, дугаар багийн малчин Доржийн амьдралд тэдгээр нь ямар ч нөлөөтэй байх билээ.    
Орон нутагт нэр дэвшиж байвал “Та малчны хотонд очиж зургаа авахуул. Малчидтай патиараа татуул, хөдөө хээр талд зогсож байгаад бичлэг хийе” гэх мэтээр зөвлөгөө өгнө. Өнөөх нь бодит амьдралтай нийцэхгүй. Харин хотод дэвшиж байгаад нь “Гэр хороолол дунд зогссон бодлогоширч байгаа зургаа татуул. Тэгвэл зорилтот бүлэгт хүрнэ” гэх мэтээр түмэн янзын санаа хэлж, түүнийгээ пиар гээд нэрлэчихнэ. 
Улс төр мөнгөтэй хүмүүсийн бизнесээ хамгаалах гэсэн хэрэгсэл болж хувирчээ. Бизнесээ, эрх ашгаа хамгаалах гэж хууль тогтоох байгууллагад нэр дэвшиж буй хүмүүс иргэдийнхээ амьдралыг мэдэхгүй, бодит байдлаас тасарсан байх нь жирийн л зүйл. Хэдэн жилийн өмнө “Хас” банкны захирал Ч.Ганхуягаас сэтгүүлч талхны үнэ асуухад мэдэхгүй байсан. Яг үүнтэй адил өргөн хэрэглээний барааны үнээ мэдэхгүй, Монголоос бус гадаадаас хувцсаа авдаг, хүнсээ захидаг олон хүн хууль тогтоох байгууллагын гишүүнд зүтгэцгээдэг. Гэтэл өнөөдөр Монголд гурван хүний нэг нь ядуу байна. Чинээлэг дундаж давхарга гээч зүйл асар холын мөрөөдөл болчихжээ. Ийм үед нэр дэвшигчээ пиардаж суугаа хүмүүс ч бодит амьдралаас тасарчихсан гэдгийг өнөөдөр олон нийтийн сүлжээгээр өрнөж байгаа пиар нэртэй цуврал төлөвлөгөөнүүдээс харж болохоор байна.
Хэд гурван жишээ цухас дурдвал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан МАН-д элсээд удаагүй буй Г.Амартүвшин хэд хоногийн өмнө үнэтэй дугуй жийж, брэндээр гоёсон хувцсаа донжтой гэгч нь зохицуулж, гэр хорооллын гудамжинд бага насны хүүхэдтэй зургаа татуулжээ. Энэ зураг олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Нөгөө талаар бодит амьдралаас, нийгмээс тасарсны тод жишээ байв. “Дарин дээр давс” гэгчээр өнөө л олон нийтийн сүлжээгээ ашиглаж “Пиар гэдэг зүйлийн учрыг сайн олохгүй юм. Тусалж дэмжээрэй” хэмээн нийтэлсэн нь “Энэ бүгд хиймэл, дүр эсгэсэн жүжиглэлт байсан шүү” гэдгийг бэлхнээ харуулсан үйлдэл байлаа. Үүнийхээ дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй сонгуулийн сурталчилгааны зураг авахуулахдаа дээш ширтэж буй зураг нь мөн л олны сэтгэлд нийцсэнгүй. Зарим нь “Хан-Уул дүүргийн олон нэр дэвшигчдээс нэгийг нь дугуйлахгүй байх шийдвэр гаргалаа” хэмээн цахим хуудастаа бичжээ. 
Дараагийн жишээ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл ганган, хээнцэр, дэгжин хувцас, үс засалттай зурган дээрээ “Монгол ээжийн тархиар дамжиж, монгол хүүхэд гэр бүлийн хүмүүжил олдог” гэх постер байв. Юу ч гэсэн үг юм бүү мэд. Жендерийн мэдрэмжгүй, орчноо, цаг үеэ мэдэрдэггүй хүний үг гэх үү, эсвэл пиарын багийнхных нь өгсөн зөвлөгөө гэж ойлгох ёстой бүү мэд. Аль нь байлаа “бай”-гаа онолгүй, гайхаш төрүүлж, амьтны элэг доог болов.  
Бас нэг жишээ АН-аас нэр дэвшиж буй М-Ойл компанийн захирал Б.Пунсалмаа телевизийн нэвтрүүлэгт орохдоо уул уурхайг муулж, миалж ярьж харагдав. Түүний эрхэлдэг бизнес уул уурхайтай холбогддоггүй юм аа гэхэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад шатахуун нийлүүлдэг л байлгүй. 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ард түмэнтэйгээ хамт байгаа дүр эсгэж, автобусаар зорчиж буй зураг мөн л олны дургүйг хүргэв. Өнгөрсөн сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ахмадуудын дунд ороод суучихсан зураг ч хиймэл, бодит байдалтай наалдахгүй харагдаж байсан. Ингээд ярихаар дандаа эмэгтэйчүүдийг муулсан, миалж байгаа мэт боловч тэдний үг, үйлдэл нь үүнийг бичихээс өөр аргагүйд хүргэж байна. 
Мөн АН-аас Архангай аймагт нэр дэвшигч Н.Батбаяр, Д.Золжаргал, П.Мөнхтулга нар гал тахиж, тодорхой хэмжээнд шашны зан үйл хийв. Тэдний эл үйлдлийг олон нийтийн сүлжээнд “Сонгуулийн хувь заяагаа дээд тэнгэртээ ийнхүү даатгаж байна” гэх мэтээр элэглэн бичжээ. Хэн нэгэн их мэдэгч нь пиар нэртэй зөвлөгөө өгсөн үү эсвэл дээд тэнгэр, гал, усаа шүтдэг түүнийгээ ч ил цагаанаар илэрхийлдэг УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын санаачилга байв уу. Аль нь байлаа ч ард түмнийхээ амьдралаас тасарсан шийдвэр гаргадаг, иргэдийнхээ амьдралын гүнд ордоггүй, алсаас хардаг байдал улстөрчдөд байсаар байна. 
Арга ч үгүй биз, мөнгөгүй хүн улс төрд орох ямар ч боломжгүй тогтолцоо өнгөрсөн хугацаанд намууд бүрдүүлчихжээ. Боловсрол мэдлэгтэй улс орныг хөгжлийн бодлого төлөвлөлтийг цогцоор нь хийх сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс тойргийн гадна үлдсээр байна. Мөнгөтэй хэд нь төр барих эрхийн төлөө улайрцгааж, би чадна хэмээн цээжээ дэлдсэн хүмүүсээс пиар зөвлөгөө авч, олон нийтийн үзэл бодол, хандлагыг өөрчилчихнө хэмээн хэдэн зуун саяар нь мөнгө цацаж байх. Нэг хэвэнд цутгасан мэт зураг нүүр хуудсаар хөвөрч, би чадна хэмээн өөртөө чинхүү итгэлтэйгээр гэж нэр дэвшигчээ “матарлаж” буй пиарчид нь дэлхийн түвшинд хүрчихлээ дээ хэмээн сэтгэж сууж буй дүр төрх өнөөдөр өрнөж байна. Сонгуулийн солиорол, эрх мэдлийн төлөөх шунал, мөнгөний өмнө бөхийж буй олон янзын өнгийг, хүний араншинг эндээс харж болох юм. 

С.Батзаяа
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан