Хятад, Энэтхэг улсууд хилийн маргаантай бүс нутагт цэрэг хуримтлуулж эхэлжээ

Хятад, Энэтхэгийн талуудын хооронд болсон хэд хэдэн удаагийн яриа хэлэлцээр амжилтгүй болсны дараа Энэтхэг улс хойд хилийнхээ маргаантай бүс нутагт цэрэг нэмж байрлуулсныг эх сурвалж мэдээлжээ. Ладак нэртэй хилийн энэ бүс нутагт Хятадын талаас 5,000 орчим цэрэг, хуягт техник нэмж байрлуулаад байгаа юм. Сая Энэтхэгийн тал ойролцоо тооны цэргийн хүч нэмж байрлуулжээ. Тавдугаар сарын 5-нд Төвдийн өндөрлөгт оршдог Пангон Цо нуурын савд хоёр улсын хилийн цэргүүдийн дунд мөргөлдөөн болж, аль аль талаас цэргүүд бэртэж гэмтсэн байна. Энэ явдлын дараа Дели, Бээжингийн дипломатчид, цэргийнхэн тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд маргаан зөрчлөө арилгах зорилготой хэлэлцээ хийсэн нь үр дүнгүй болжээ. 
Хоёр улсын дунд 3,488 км урт шийдэгдээгүй хилийн зурвас байдаг ба 1962 онд маргаанаа хүчээр шийдэхийн тулд хоорондоо дайтаж байсан юм. Үүнээс гол мөргөлдөөний талбар болдог хэсэг нь хойд хилийн Ладак болон зүүн хилийн Сикким нутаг ажээ. Хятад, Энэтхэгийн маргаан зөрчлийг арилгахад АНУ зуучлах боломжтойг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр твиттер хуудсаараа мэдэгдсэн байна. Мягмар гарагт Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал, батлан хамгаалахын сайд, генерал Бипин Рават нартай хилийн маргааны асуудлаар уулзжээ. Уулзалтын дараа хилийн хамгаалалтаа чангатгахын хажуугаар дипломат шугамаар Хятадын талтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх шийдэлд хүрсэн байна. 

Р.Төмөр 
Эх сурвалж: Bloomberg
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан