Тойм: Шившигийн хөндийгөө туулж барсан түүхэнд мартагдахгүй дөрвөн жил дууслаа

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
МАН 65 СУУДАЛ АВЧ ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИОР ТӨР БАРЬЛАА
Монгол Ардын Нам УИХ-ын сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа. МАН–ын гишүүд “энэ их итгэл найдварын ард асар их хариуцлага байгаа гэдгийг ойлгож байна. Хариуцлагыг бид дааж, итгэлийг бүрэн дүүрэн хариулж чадна гэдгээ цохон тэмдэглэмээр байна. Бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол Улсын нэр хүнд уруудан доройтож байгааг засаж залруулахын төлөө бүх хүч чадлаа дайчилж ажиллана” гэдгээ мэдэгдэж байсан юм.
МАН-ЫН БҮЛЭГ ХОЁР ХАГАРЧ ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛЛАА
МАН-ынхан хийсэн ажил, байгуулсан гавьяагаараа бус идэж, ууж, албан тушаалаа урвуулан ашигласнаараа цоллуулж эхэлсэн. Гишүүд нь орж гараад тооны харьцаанд өөрчлөлт орж, МАН-ын хоёр бүлгийг өөрөөр нэрлэж эхэлсэн юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад МАН-ын бүлэг 33 ба 32-оороо талцан хуваагдсан. Мөн 33 ба 32-ын бүлэг тусдаа хуралдаж байр сууриа нэгтгэсний дараа МАН-ын бүлэг нэгдэж хуралдах тохиолдол нэг бус удаа гарч байсан билээ.
Ж. ЭРДЭНЭБАТ КОНЦЕССООС БОЛЖ ОГЦОРЛОО
image
Өнгөрсөн 2017 оны есдүгээр сарын 7-нд УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсэн. Энэ хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь огцруулахыг дэмжихгүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүний 42 нь "татгалзсан" санал өгч байв. Ингэснээр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцорсон юм.
Ж.ЭРДЭНЭБАТ ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНД ЛИЦЕНЗ ЭЗЭМШИХЭЭР ӨӨРИЙНХӨӨ КОМПАНИЙН НЭР ДЭЭР АВСАН НЬ БАРИГДАВ
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Тодруулбал, Тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа улсын тусгай хамгаалалтай газарт лиценз эзэмшиж байсан компаниудыг зөвшөөрлийг цуцалж, өөр компанид нөхөн олговор байдлаар олгосон талаар мэдээлэл гарч, хуулийн байгууллагаар шалгуулсан.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ХОТГОР ШАНАГЫН УУРХАЙГ ХОЁР АХТАЙГАА НИЙЛЖ ЗАРСАН НЬ БАРИГДАВ
image
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүүсийн зарсан “Хотгор шанага” нүүрсний уурхайн лицензийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Баг худалдаж авсан гэх ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрсөн. Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 онд БНСУ-ын телевизээр тус уурхайтай холбоотой нэвтрүүлэг анх цацагдсан байдаг. Дээрх мэдээлэл гарснаас хойш өнөөг хүртэл “Хотгор шанага” нүүрсний ордын лицензийг зарсан, зараагүй гэх асуудалд хариулт нэхсэн хэвээр байна.
ЖДҮХС-Г УИХ ЫН 49 ГИШҮҮН ТОНОЖ БАРИГДЛАА
УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдлоо. ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зээл олгохыг дэмжиж хүсэлт гаргасан гишүүдийн нэрс тодорсон. Тэгвэл тус гишүүдийг ЖДҮХС-гаас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгасан байна.
УЕП-ООС УИХ-ЫН ГИШҮҮН Г.СОЛТАН, Л.ЭНХБОЛД , Б.УНДАРМАА, Д.ДАМБА-ОЧИР НАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ОРУУЛАВ
image
УИХ-ын гишүүн Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д өргөн мэдүүлжээ. Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас УИХ-д өргөн барих талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан ч хэн гэдэг гишүүнийг ямар асуудлаар гэдэг нь хараахан тодорхойгүй байсан юм. Харин эх сурвалжуудын мэдээлж байснаар нэр бүхий дээрх дөрвөн гишүүнийг ЖДҮХС-тай холбоотойгоор бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх асуудлыг прокуророос УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэл гарсан юм.
МАН-ЫН Б.БАТЗОРИГ САЙД ЖДҮ-ИЙНХЭЭ ЯЛЫГ ҮҮРЧ, УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨН ШҮҮХЭД ОЧЛОО
УИХ-ын гишүүн Б.Батзориг 2020 оны дөрөвдүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Түүний хүсэлтийг хэлэлцэж, гишүүнээс нь чөлөөлсөн юм. Нийслэлийн прокурорын газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
МАН-ЫН УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГА ХҮЧИНГИЙН ХЭРГЭЭР ЯЛ СОНСЛОО
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн 2019 оны арванэгдүгээр сарын 13-нд болж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноосон. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
АН БҮЛЭГГҮЙ БОЛЖ Ж.БАТЗАНДАН, Л. БОЛД НАР ШИНЭ НАМЫГ БАЙГУУЛАВ
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулах болсноо 2019 оны гуравдугаар сарын 18-нд албан ёсоор зарласан.
УИХ-ын гишүүн Л.Болд: Гишүүнээ хөөдөг коммунист нам байхгүй хэмээн үзэж би намаасаа гарах хүсэлтээ өгсөн юм. Ингээд өнөөдөр Ж.Батзандан гишүүнтэй хамтран улс төрийн шинэ хүчин байгуулж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монголын нийт баялаг цөөн хэдэн хүнд төвлөрч байна. Монголыг хамгаалах, өмөөрөх, шударга ёсыг тогтоох улс төрийн хүчин хэрэгтэй байна. Тиймээс шинэ улс төрийн хүчин байгуулж буйгаа албан ёсоор мэдэгдсэн.
МАН-ЫН ЗАРИМ УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ, УИХ ӨӨРӨӨ ТАРАХ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЛАА
image
АН-ын бүлгийн гишүүд УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. УИХ-ыг тараахыг өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр удаа хэлж, УИХ-ын гишүүн АН-ынхан болон гишүүн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн нарын 20 орчим гишүүн УИХ-ыг тараахаар гарын үсэг зурж байсан удаатай. Уг бичигт гишүүд 27/33 ийн бүлгээрээ хуваагдалгүй УИХ-ыг тараахыг дэмжиж гарын үсэг зурсан байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮД УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХААР ХУРАЛ ХАЯЛАА
УИХ-ын чуулган өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сарын 28-нд хуралдаагүй. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал болон хэд хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн ч хуралдаж чадаагүй юм. Төрийн ордонд Ёс зүйн хороо хуралдах ёстой гэсэн ч мөн л ирц бүрдээгүй. Гишүүд “УИХ-ын дарга М.Энхболдыг харсан хүн байна уу. Бид даргыгаа хайгаад олохгүй байна” гэх зэргээр үйл явдал хурдтай өрнөсөн юм.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ 60 ТЭРБУМААР ТӨРИЙН АЛБЫГ ЗАРАХ ГЭСНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ
image
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг тоймлон хүргэж байна. Хүсэлтэд “УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох үед Монгол Ардын Намын зарим албан тушаалтан, түүний дотор одоогийн УИХ-ын дарга М.Энхболд нар үгсэн хуйвалдаж, төрийн албан тушаалыг наймаалцах хэрэгсэл болгож, үүнээс улбаалан 60 тэрбумын гэх тодотголтой хэрэг эдүгээг хүртэл ямар нэг байдлаар шийдэгдэхгүй байсаар байна. УИХ-ын дарга өөрт ногдоогүй эрх эдэлж, янз бүрийн шалтаг, шалтгаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулаагүй нь олон түмэнд ил болсон. 60 тэрбумын гэх хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын түвшинд шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, УИХ-ын нэр бүхий 26 гишүүний шаардлагыг хяхан боогдуулсан УИХ-ын даргын үйлдэл үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тул дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.
МАН-ЫН БҮЛЭГ 60 ТЭРБУМААР ТӨРИЙГ ЗАРАХ ХЭРЭГ ҮНЭН БОЛОХЫГ БАТАЛЛАА
МАН 2020 оны сонгуульд 60 тэрбум болон ЖДҮ-д холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй байхаар тогтов. Тухайлбал, Хяналтын ерөнхий хороо болон МАН-ын баримталж буй зарчим ямар нэг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд буюу намын гишүүн улс төрийн дэмжлэг хүлээхгүй гэсэн заалт хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, “60 тэрбум”-ын хэрэг, ЖДҮ-гийн асуудал, мөн бусад ёс зүйн асуудалд нэр холбогдсон. Тэр нь шүүхээс тогтоогдсон гишүүд дараа дараагийн УИХ-ын болон бусад сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа юм.
ШУДАРГА ТАВАН ГИШҮҮН ТОДОРЧ, ХОЁР УДАА ТӨВ ТАЛБАЙД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Шударга таван гишүүн гэгдэх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар нь УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах шаардлагын хүрээнд 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр жагсаал зохион байгуулж байсан. Хоёр дахь удаагийн жагсаал МАНАН дэглэм буюу шударга бусын хонгилын эсрэг гэх агуулгатай байсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын төв талбайд болж байв.
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛЛАА
image
УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тухай асуудлыг 2019 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 65 гишүүнээс 43 нь дэмжсэнээр түүнийг УИХ-ын даргаас чөлөөллөө.
АТГ-ЫН ДАРГА, УЕП, ШҮҮХИЙН ДАРГА НАРЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ОГЦРУУЛАХААР ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ЯАРАВЧИЛСАН ГОРИМООР ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАВ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны гуравдугаар сарын 25-ны хуралдаанаар “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгчид даалгасан байна. Энэ хүрээнд шүүгч, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлдөг байхаар хуулийн төсөлд тусгажээ.
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРЛОО
image
FATF/ФАТФ/ буюу Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагаас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулж, хяналт тавьж буйгаа дэлхий нийтэд зарласан. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон хариуцлагыг тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт ноогдуулж, огцруулсан байдаг.
ГЭМТ ХЭРЭГТНЭЭР ДҮҮРСЭН УИХ-ЫГ ӨӨРӨӨ ТАРАХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁР ДАХЬ УДААГАА УРИАЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг санал болгосон билээ. Тэрээр 2019 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг дахин уриалж, “Та бүхнийг улс төрийн эр зориг гаргаж, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шудрагын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй” гэсэн юм.
ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
image
2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Хуралдаанд МАН-ын 59 гишүүн, МАХН-ын нэг, бие даагч нэг, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын хоёр гишүүн оролцож, нийт 63 гишүүний 100 хувийн саналаар Шинэ Үндсэн хуулийг баталсан юм.
2017 ОНД АМАЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨР ТЭГЛЭХ БОДЛОГО ХЭРЭГЖИЖ, АХМАДУУДЫН ӨРИЙГ ТЭГЛЭЛЭЭ
image
Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан. Хууль батлагдсанаар зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэж, түүнээс дээш зээлтэй ахмадуудын зээлээс зургаан саяыг хасахаар хуульчилж өгсөн. Ингээд энэ оны хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн тэтгэврийн нэмэгдэл орж, мөн ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэв. Тодруулбал, 230 мянга гаруй ахмадын 1-6 сая хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн билээ.
УИХ -ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫГ БҮРЭН ЭРХЭЭС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ
Энэ оны нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн.
image
Тодруулбал, УЕП-оос ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нууц санал хураалтын тогтоолын төслийг албажуулах санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 76.3 хувь нь дэмжсэнээр УИХ-ын Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.
МАН Н.НОМТОЙБАЯРЫГ НАМААСАА “ХӨӨЛӨӨ”
МАН-ын Хяналтын хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хасах шийдвэр гаргасан байна. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар хэлэхдээ "Намын Хяналтын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргасан" гэжээ.
МОНГОЛ УЛС ХАР ЖАГСААЛТАД ОРЛОО
image
Европын Комисс нь ЕХ-ны санхүүгийн системд ноцтой аюул учруулж буй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эсрэг тааруу ажиллаж буй, өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын шинэчилсэн жагсаалтыг гаргасан. Тус жагсаалтад 12 улсыг оруулах болсноо Европын холбоо зарлаж, мөнгө угаах аюултай, банк, санхүү, татварын систем нь ил тод бус эрсдэлтэй хэмээжээ. Эдгээр 12 улсын жагсаалтад Монгол Улс албан ёсоор багтаад байна.

Эх сурвалж: Medee.mn скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан