Номин хөх өнгөөр туяарах үзэсгэлэнт Охрид нуураар аялах усан онгоцондоо бид сэтгэл догдлон суулаа. Яруу найргийн охин тэнгэр бидний дэргэд эгшиглэнт дуу аялаж, хайрын тухай хачин уярам шүлэг сонсож, нисэх мэт сэтгэлээ тогтоон барих гэхдээ догдлолоо улаан, цагаан дарсаар даруулж, хөх алмаз шиг нүдтэй нуурын сахиусан тэнгэрт бүх хүслээ нууцхан шивнэж орхиод, нүдээ тас аньж, буй орчлонгоос алсран, аз жаргалын мандалд хөвөн байснаа эргэн дурсана. Онцгой нандин мэдрэмж төрүүлэх Охрид нуур нь нэгэн зүйл загаснаас нь зөвхөн өвлийн улиралд олзворлодог үелсэн цайвар чулуун судлуудтай, өнгөлөг цагаан сувдаараа ихэд алдаршиж Балканы сувд гэх яруу уянгалаг нэр нь дуурсчээ. Үзэсгэлэнт байгалийн тогтцоор хэв маягаа илэрхийлсэн цагаан элсэн наран шарлагын газрууд, амралтын газруудаар хүрээлүүлсэн Охрид нуураар хоёр цаг хэртэй аялаад нуурын эрэгт байрлах хосгүй үзэсгэлэнт Галисиса парк (Nacionalen Park Galicica) , Поградек (Pogradec) болон крилл үсгийг түгээн дэлгэрүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хутагт Наумыг бунхалсан Гэгээн Наумын хийдээр (Monastry of Saunt Naum) зочлон, байгалийн үзэмж төгөлдрийг бишрэн, энд ч тэнд ч яруу найргийн мөрүүд тэрлэж, орон орноос ирсэн найрагчид дотно яриа өрнүүлэн, нөхөрлөлийн зурвасыг илгээнэ.
Стругагийн яруу найргийн наадмын нээлтийн өдрийн оройн хүлээн авалтын үеэр танилцсан, найрсаг сайхан инээмсэглэлээрээ дулаан мэдрэмж төрүүлэх Ираны яруу найрагч, орчуулагч Азита Гарреман (Azita Ghahreman) эгчтэй дотно яриа хүүрнэн, (Тэрээр Ираны нэр хүндтэй яруу найрагчдын төлөөлөл төдийгүй 2006 оноос Шведэд ажиллаж, амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа, Перс хэл дээр 6 ном, Швед хэл дээр 3 ном болон олон орчуулгын бүтээл туурвиж, Шведийн ханхүү Вилгелм шагнал болон Оросын академийн Людвигийн Нобэлийн шагнал, “English Pen Award” хүртэж байсан гайхалтай уран бүтээлч юм. Азита эгч авьяаслаг уран бүтээлчээс гадна торгон мэдрэмжтэй бүсгүй агаад бид насны зөрүүг үл анзааран бүсгүй хүний нандин нөхөрлөлөөр үүрд холбогдсон билээ. Азита эгчийн шүлгүүдээс сэтгэлийн эмзэглэл нэвт салхилж, цөллөг, эх орныхоо үзэл санааг соён гэгээрүүлэх эмэгтэй хүний хүсэл тэмүүлэл нэвт шингэсэн нь мэдрэгдэх төдийгүй миний л хувьд домгийн хэл болох Перс хэл дээр бичигдсэн гэдэг нь ер бусын гайхалтай мэдрэмж төрүүлж байсныг дурсан санаж байна.
Азита эгчтэй ярилцсан хором мөчүүд миний зүрх сэтгэлийг одоо ч хөглөсөөр байнам...), Лийтэв ахын хүн бүртэй гайхалтай нийцэх нөхөрсөг сайхан харилцааг бахдаж, Македоны соёл урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөр ялгарч, эрхэмсэг байр суурийг хэдийн эзлэсэн, энэ л эрхэм хүмүүнээр бахархаж, энэ мөчид хүний оршихуйн цор ганц давтагдашгүй эрхэм сайхныг бишрэн хүндэтгэж билээ... Стругагийн их наадамд урьд өмнөх жилүүдэд уригдан оролцож, найргийн мөрүүдээр дурсамжаа хөглөн буцсан эрхэм хүндэт найрагчид Г.Аюурзана, Б. Галсансүх, Дан. Нямаа ... (гэх мэт миний таних болон танихгүй олон нэр хүндтэй яруу найрагчид) нарын энд үлдээсэн дурсамжыг сэргээн, Лийтэв ах маань өмнөх жилүүдийн наадмуудын сонин сайхныг хуучлана. Сэтгэлд ер бусын тайван мэдрэмж долгилон, ертөнцийн хамгийн цэвэр цэнгэг устай нууруудын нэг гайхалтай үзэсгэлэнт Охрид нуурын эргээр алхаж байснаа үүрд дурсан санана гэдгээ мэдрэхэд сэтгэлд гэнэт хөнгөн гуниг төрж билээ. Бидний аялал үргэлжлэн усан онгоцондоо суун Охрид хотыг зорилоо. Усан онгоцны тавцан дээрх хүмүүсийн харц ер бусын тайван дөлгөөн, зүрх сэтгэл нь догдлолоор дүүрэн.
Стругагийн яруу найргийн наадмын зохион байгуулагчид эгэл бидний л адил энгүүн даруу хүмүүс ажээ. Төрөлх нутгийнхаа дотно сайхан аялгуутай дууг хоолой нийлүүлэн уянгалуулан, үе тэнгийн үзэсгэлэнт бүсгүйчүүд хөгжмийн хэмнэлээр бүжих нь энхрий ялдам. Македон хэлний яруу сайхныг бишрэн бодохуйд крилл үсгийг зохиосон ах дүү хоёр хувраг Кирилл, Методий нар энэ л нуурын хөвөөнд төрж өссөнийг, тэдний түүхт хөшөө дурсгал Охрид хотод сүндэрлэн буйг нэхэн дурслаа. Охрид хот туйлын үзэсгэлэнтэй хийгээд ер бусын нууцлаг жимээр биднийг хөтлөнө. Охрид хотод үдийн зоог барихын зэрэгцээ шүлгийн мөртүүд зохион дарсны шошгон дээр бичих хөнгөн хэрнээ хүнд даалгаврыг хүлээн авч энд бас тэнд яруу найраг тэрлэх найрагчдын харцнаас яруу найргийг мэдэрнэ. Хэдийнээ бие биендээ дасч эхлэснийг илтгэх мэт дотно, нөхөрсөг инээмсэглэл бялхуулсан хундага дарсаар сэтгэлээ харамгүй илэрхийлнэ. Яруу найрагчдын үдийн зоог яг л тийм байдгийг нэхэн дурсана. Дурлал, дарс, яруу найргийн тухай дуу хуур тасралтгүйгээр эгшиглэнэ. Хөвөлзөх мандлаас нь алмазан хөх нүдийг олж үзсэн эсэхийг минь хэн ч үл мэднэ...
"Алтан титэмт стругагийн тэмдэглэл"-ээс...
Охрид нуур. Струга хот. Умард Македон улс. 2019.08.25