Парламент гурав дахь гишүүнээ явуулав

Эрх баригч намын бүлэг гурав дахь гишүүнээ үдэж, парламент 73 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо. Өнгөрсөн баасан гаригт болсон чуулганаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөв. Тэрээр энэ сарын 3-нд буюу хаврын ээлжит чуулган нээхээс өмнө чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байдаг. Тэгвэл түүний чөлөөлөгдөх хүсэлтийг парламент хэлэлцэн, нууц санал хураалт зохион байгуулж, 47 гишүүний 27 нь дэмжсэн юм. Энэ үеэр санал шүүмжлэл хэлэх гишүүн байсангүй, нам жимхэн чөлөөлчихлөө.
Өмнө нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 7-нд Б.Батзоригийг түдгэлзүүлэх асуудлыг парламент хэлэлцэж байсан. Тус хуралдаанд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх асан М.Энх-Амгалан оролцож,  Б.Батзоригтой холбоотой хуулийн байгууллагын тогтоолыг танилцуулж байв.  
Тэрээр “Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа хоёр удаагийн тушаалаар ЖДҮ-ийг дэмжих сангаас 99.5 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргаж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Улсын ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гаргасан, Иймд гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг хүссэн юм.
Гэвч тухайн үед гишүүдийн 86.8 хувийн саналаар Б.Батзориг гишүүнээр үлдэж байлаа.  Харин түүнийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас огцруулж байсан юм.
Өдгөө ЖДҮ-тэй холбоотой Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа. Мөн 2018 онд хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүний хоёрынх нь буюу Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хэрэг шүүхэд шилжсэн. Намын даргын зүгээс тэднийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа гэх мэдээлэл бий. Харин Б.Ундармаа, Л.Энхболд нарын холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгааг АТГ-аас мэдэгдсэн билээ. Ийнхүү 2018 онд төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан дуулиан дэгдэж, хуулийн байгууллагаас шалгаж, сонгуулийн өмнөхөн нэг гишүүнээ явуулав.
Өмнө нь 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж байсан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлсэн байдаг.

Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан