Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонару пүрэв гаригт тус улсын Эрүүл мэндийн сайд Луиз Энрике Мандеттаг огцруулах шийдвэр танилцууллаа.
Ингэснээр тус улс нь “COVID-19” цар тахлын үед Эрүүл мэндийн байгууллагын удирдлагаа албан тушаалаас нь чөлөөлсөн дэлхийн анхны улс болсон юм. Мөн Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонару нь “COVID-19”-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ч хөл хорих арга хэмжээ хэрэгжүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа дэлхийн цорын ганц төрийн тэргүүн билээ. Тэрээр хөл хорих арга хэмжээ хэрэгжүүлж, бизнесүүдийн үйл ажиллагааг хязгаарлах нь эдийн засгийг ноцтой хямралд оруулах эрсдэлтэй гэх байр суурийг илэрхийлсэн.
Харин Эрүүл мэндийн сайд асан Луиз Энрике Мандетта нь вирусийн хор хөнөөлийг анхааруулж, Ерөнхийлөгчийн байр суурийг эсэргүүцэж байсан цөөн хэдэн Засгийн газрын гишүүдийн нэг байсан юм. Ажиглагчид энэхүү үйл явдлыг Засгийн газарт байсан цөөхөн эрүүл ухаантай хүмүүсийн нэгийг ийнхүү огцруулсан явдал нь Жайр Болсонаруд санасандаа хүрч, хөл хорио хэрэгжүүлэхгүй байх боломжийг олгох болно гэж дүгнэжээ. Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн засаг захиргааны зүгээс “COVID-19” бол ердөө нэг жижиг вирус, ханиад төдий гэх маргаан дагуулсан кампанит ажлыг өрнүүлэх болсон.
Бразил улсад өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан “30683” тохиолдол, 1947 нас баралт бүртгэгдээд байна. Ерөнхийлөгчийн зүгээс ямар ч хөл хорих арга хэмжээ хэрэгжүүлэхгүй, жижиг вирус гэх байр суурийг илэрхийлсэн тус улс нийт батлагдсан тохиолдлынхоо тоогоор дэлхийд 11-т, Латин Америкийн бүс нутагт тэргүүлж байгаа юм.
Хараат бус “Datafolha” судалгааны байгууллагын дөрөвдүгээр сард хийсэн улстөрчдийн ритенгийн судалгаагаар Эрүүл мэндийн сайд асан Луиз Энрике Мандеттагийн нэр хүнд ард түмний дунд 82 хувьд хүрсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр улстөрчийн рейтинг болжээ. Харин Ерөнхийлөгч Жайр Болсанаругийн ретинг 40 хувьд хүрч буурсан байна. Судалгаанд оролцогчдын зүгээс цар тахлын үед хэрэгжүүлж буй Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг “маш муу” гэж дүгнэсэн аж. Улс төрийн ажиглагчид энэ өнцгөөс Жайр Болсонару Луиз Энрике Мандеттаг огцруулсан явдал нь ирээдүйн улс төр дэх хүчтэй өрсөлдөгчөө замаасаа зайлуулж байгаа явдал гэж дүгнэсэн байна.
ДЭМБ болон хэд хэдэн орны төрийн тэргүүн нар Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээнд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн. Гэсэн ч өмнө цэргийн офицер байсан, хэт барууны чиг баримтлалтай улстөрчийн хувьд иргэдийн аюулгүй байдал, амь наснаас илүү эдийн засаг чухал гэх байр суурь дээрээ бат зогссон хэвээр байгаа юм.
О.Мөнхбат
Эх сурвалж: Huffpost, The Diplomat