Х.Хатанбаатар: Цахим орчинд иргэдээс мөнгө хурааж азтан шалгаруулах нь залилах төрлийн гэмт хэрэг

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Х.Хатанбаатартай ярилцлаа.
-Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл гарчээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-2017 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар мөрийтэй тоглохыг гэмт хэргээс хасч зөрчлийн хуулинд оруулсан байсан. Энэ үеэр мөрийтэй тоглоом зохион байгуулсан, орон байраар хангасан бол зөрчлийн хуульд заасны дагуу 500 мянгаас хоёр сая хүртэл төгрөгөөр торгох санкцтай байв.
Сүүлийн гурван жилийн хугацаан дахь статистик мэдээллийг харахад тогтмол 40-50 хувиар нэмэгдэж ирсэн байдаг. Энэ хугацааны туршид мөрийтэй тоглоом манайд хөгжиж байсан нь тоон үзүүлэлтээс харагдаж байгаа юм.
Харин 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар мөрийтэй тоглоом зохион байгуулах, байраар хангах үйлдлийг гэмт хэрэгт зүйлчилж 3-5 жил хорих ял шийтгэхээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага мөрийтэй тоглоом зохион байгуулсан, орон байраар хангасан этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар 12 этгээдэд дөрвөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
-Хэргийн газраас 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгө хураан авч битүүмжилсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж биетээр 250 сая төгрөг хурааж авсан. Мөн нөүтбүүк, макбүүк, процессор, гар утас, пос машин зэрэг 100 гаруй техник хэрэгслийг хэргийн газраас хурааж битүүмжлээд байна. Мөн дээрх этгээдүүдийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй 490 сая төгрөгийн өртөг бүхий зургаан орон сууц, 200 орчим сая төгрөгийн өртөг бүхий гурван тээврийн хэрэгсэл, хадгаламжид 840 сая төгрөг байсныг битүүмжилж авсан. Нийт 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрх этгээдүүдээс хурааж авсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
-Мөрийтэй тоглоомыг дагаж гардаг дам хохирол нь өндөр байдаг юм шиг. Зөрчлийн хуулиас эрүүгийн хуульд оруулснаар гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Мөрийтэй тоглоом тоглох гэдэг өөрөө хууль бус. Зөрчлийн тухай хуулийн 5.7-д зааснаар мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд торгуулийн арга хэмжээ авагдах ёстой. Мөрийтэй тоглоом гэдэг хар тамхи шиг хүнийг донтуулдаг, аюултай зүйл. Мөрийтэй тоглоомонд донтсон этгээд мөнгө олохын тулд залилан мэхлэх, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг үйлдэж мөнгө олдог. Мөн дээрээс нь өөрийн гэрийн эд хөрөнгийг зарж үрдэг хор уршигтай. Нийгэмд гарах дам хохирол нь өндөр байдаг учраас Эрүүгийн хуульд оруулсан нь зөв гэж харж байна.
Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авдаг байхад цахим тоглоомын газрын хэрэглэлүүдийг лацдах, хураах эрхгүй байсан. Торгоод л өнгөрнө. Ашиг орлогынхоо цөөхөн хувиар торгуулаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг байв. Одоо бол шууд лацдаж зохион байгуулсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж хариуцлага тооцох эрх зүйн чадамжтай болсон.
Мөрийтэй тоглоомыг олон янзаар зохион байгуулдаг. Орон байранд цуглуулах хэлбэр байна. Нөгөө талаараа цахим орчинд программ бүтээгээд хүмүүсийг уриалан дуудаж код өгч 5-10 хүнийг бүлэг болгож покер тоглож байгаа юм. Цахим дахь операторын үүргийг зохион байгуулж байгаа этгээд гүйцэтгэдэг. Зохион байгуулах үүрэг гүйцэтгэсэн этгээдийг 3-5 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн шинэ заалттай болсон.
Үүнээс гадна тухайн этгээд нууц дугаар аваад мөрийтэй тоглож байна гэж итгэж байтал нөгөө талд нь цахим луйвар явж байдаг. Бүлэг этгээдүүд цахимд нийлж бусдын мөнгийг луйвардаж авах явдал бий.
Дээрх их хэмжээний мөнгө бол одоогоор ил болоод байгаа нь. Цаашид мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдий хэмжээний мөнгө луйвардаж авсан нь тогтоогдох байх.
Бохир аргаар олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд янз бүрийн арга хэрэглэсэн байна лээ. Жишээ нь, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани, хадгаламж зээлийн хоршоо байгуулж байна. Үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваад эргээд зарж борлуулах маягаар цэвэр мөнгө болгож байгаа юм. Дээрээс нь татвараас нуун далдлах гэмт хэрэг давхар үйлдэгдэж байдаг.
-Энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа явуулдаг хэдэн газрын үйл ажиллагааг түдгэлзүүлээд байна вэ?
-Сүүлийн гурван сарын хугацаанд цагдаагийн байгууллагас нийтдээ 126 ширхэг мөрийтэй тоглоом зохион байгуулдаг фэйсбүүк хуудас, хаяг, 46 төрлийн вэб сайтыг илрүүлж харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад устгасан байгаа.
-1.9 тэрбум гэдэг их мөнгө. Энэ хөрөнгө мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөх хандлагатай байгаа талаар та яриандаа дурдлаа. Ер нь нэг иргэн дунджаар хэд орчим төгрөгөөр мөрийтэй тоглосон байна вэ?
-Янз бүр. Хамгийн багадаа л таван мянган төгрөг төлж код авсан байгаа юм. Тав арван мянгаар хожиж байгаад л ахиухан дүнтэй мөнгөн дүн дээр алдсан тохиолдол олон байна. Зөвхөн нэг удаа тоглохдоо л таван сая төгрөгөөр код авч тоглосон тохиолдол байсан.
-Цахим мөрийтэй тоглоом тоглосон иргэдэд Зөрчлийн хулийн дагуу арга хэмжээ тооцсон уу. Төрийн албан хаагч тоглосон тохиолдол байна уу?
-Одоогоор төрийн албан хаагч тоглосон тохиолдол бүртгэгдээгүй. Нэг данс руу нь л 10 орчим мянган хүн их бага хэмжээний мөнгө шилжүүлсэн байгаа юм. Тэр бүрийг нягталж шалгахад цаг хугацаа орно. Ямар ажил хөдөлмөр эрхэлдэг хүн тоглосон, төрийн албан хаагч эсэхийг нь шалгаж тогтооно.
-Ер нь хөл хорио тогтоосон, иргэд гэртээ байгаа энэ үед гол төлөв ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?
-Иргэд ихэвчлэн цахим орчинд өдрийг өнгөрөөж байна. Гэмт хэрэгтнүүд үүнийг нь олзолж хууль бус үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Иргэд гэртээ цахим орчинд цагийг өнгөрүүлэх болсноор онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, азтан шалгаруулах үйл ажиллагаа, сонжоо гэх мэт цахим гэмт хэргүүд эрчээ аваад байна.
Тэр дундаа иргэдээс 5-10 мянган төгрөг хурааж азтан шалгаруулж байгаа нь ашиг олох зорилготой, залилангийн шинжтэй үйлдэл гэдийг энд анхааруулъя. Эхлээд тодорхой хэмжээний мөнгө амлаад азтан шалгаруулдаг байсан бол энэ нь даамжраад байр, машин хурдан удмын адууны хонжвортойгоор явагддаг болжээ. Идэвхтэй группт лайв хийгээд л данс байршуулж иргэдээс 20 мянган төгрөг хурааж азтан шалгаруулдаг болж. Манайхан ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөөд хэдэн зуугаараа л оролцоно. Эдгээр үйл ажиллагаануудын ихэнх нь ашиг хонжоо олох зорилготой байдгийг иргэд ухамсарлахгүй, залилуулсаар байгаа нь харамсалтай. Лайваар азтан шалгаруулахад үйл явцыг нь та нарийн хянах боломжгүй байдаг. Хэдэн таньдаг хүмүүстээ л хонжвороо хувааж өгч залилдаг бүлэг этгээдүүд байна. Үүнээс сэрэмжлэхийг дахин анхааруулъя. Мөн онлайнаар бараа зарж иргэдийг залилдаг тохиолдол одоо хэр нь байгааг энд дуулгая. Захиалсан барааны урьдчилгаа гэж мөнгө аваад л алга болдог жишээ олон байна.

О.Дашням
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан