Т.Доржханд: Гуравхан сар ажиллах усан оргилуур бидэнд хэрэггүй

Хотын захиргаанаас төв талбайн урд хэсэг буюу Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг өчигдрөөс эхлүүлээд байгаа билээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд 85 м урт, 14 метрийн өргөнтэй аялгуут усан оргилуур, нийтийн бие засах газар барихаас гадна иргэдийн амарч, зугаалах орчныг бүрдүүлэх тохижилтуудыг хийхээр зураг төсөлд тусгажээ. Уг төслийг 3,2 тэрбум төгрөгөөр барих асуудлыг эсэргүүцэж, Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус намын удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд "Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай энэ үед сонгуулийг угтсан бүтээн байгуулалтыг хийж байхын оронд аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэгчдийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар гуравхан сар ажиллах усан оргилуур бидэнд хэрэггүй.
Үүнийхээ оронд 400 мянган ажлын байрыг хадгалж үлдэх нь чухал. Засгийн газар яаралтай хуралдаж улсын төсвөө тодотгон, ийм үр ашиггүй зүйлсийг бүгдийн хойшлуулах хэрэгтэй" гэлээ. Харин ХҮН-ын дарга Б.Найдалаа хэлэхдээ "Хямралын эсрэг биш хямралыг дэмжиж хийж байгаагийн нэг жишээ нь 3,2 тэрбум төгрөгөөр хийж буй усан оргилуурын ажил байна. Энэ бол нэг л жишээ. Үүний цаана асар их мөнгийг аймаг, сум, ямар ч үр ашиггүй гүүр, хаалга, байшин гэх мэт олон зүйлд зарцуулдаг. Энэ бүх хөрөнгийг танах хэрэгтэй. Энэ цэцэрлэгт хүрээлэнг барихаар ашиг нь хэнд очих вэ гэхээр шулуухан хэлэхэд нэг эрхмийг авилгадсан нэгэнд л очно. Иймэрхүү байдлаар улсын төсвийг хувааж идэж байгаа асуудлыг зогсоохыг шаардаж байгаа юм" гэв.

Ж.Бат
Эх сурвалж: Guren.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан