Т.Доржханд: Үр ашиггүй зардлуудаа хэмнээд, цементэд биш хүндээ зориул

Эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа.  
-Монголбанкнаас бодлогын хүүгээ буурууллаа. Заавал байлгах албан нөөцийг 10.5-аас 8.5 хувь болгож, хоёр функтээр буулгасан. Мөнгөний бодлогын чиглэлээр авсан энэ арга хэмжээг та юу гэж харж байна?
-Бодлогын ээлж, дараалал гэж байдаг. Юу гэхээр, эхлээд төсвийн бодлогын арга хэмжээ авч, нөөц боломжоо шавхах ёстой. Төсвийн асуудлаа шийдсэнийхээ дараа мөнгөнийхөө бодлого руу ордог. Үндсэндээ бодлогын арга хэмжээний сүүлийн боломж нь тухайн улсын Төв банк байдаг юм. Харамсалтай нь манай улс эсрэгээрээ төсөв дээрээ ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийж байгаа нь тийм ч сайн үр дүн гарахгүй болов уу. Төсөв гэдэг чинь Монгол Улсын 3.3 сая хүнд зориулж тухайн жилдээ зарцуулах ёстой, буцаан төлөгдөхгүй татаасын шинж чанартай мөнгө. Бизнес хийх зориулалттай мөнгө биш шүү дээ.
Яг ийм онцгой нөхцөлд, хямрал гарахад, эрүүл мэндийн асуудал үүсэхэд хамгийн түрүүнд төсвийн эх үүсвэрээ нэгтгээд, хямралын эсрэг зарцуулах ёстой. Ажлын байраа яаж хамгаалж, эрүүл мэндийнхээ асуудлыг яаж шийдэх үү. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд түүнд шаардлагатай байгаа хөрөнгийг яаж татан төвлөрүүлэх вэ. Иргэдэд ирж байгаа нийгмийн даатгал, татварын дарамт, хүндрэлийг цогцоор нь шийдэх шийдэл нь төсөв юм. Энэ бүхнийг шийдэхийн хажуугаар эдийн засгийг идэвхижүүлэх зорилгоор бүх улсын Төв банк арга хэрэгслээ ашиглаад явж байна. 
Монголбанкны зүгээс ашиглаж болох үндсэн хоёр төрлийн л арга байгаа. Эдийн засгийг идэвхижүүлэх чиглэлээр. Өөрөөр хэлбэл, зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг нэмэх. Ингэхийн тулд нэгдүгээрт, бодлогын хүүгээ бууруулах. Хоёрдугаарт, зайлшгүй байх нөөцийг бууруулдаг.  Түүнээс гадна, эдийн засгийн хүндрэлийн үед арилжааны банкуудад чанаргүй зээлийн асуудал үүсдэг. Улмаар банкны систем хүндрэлд орох эрсдэл үүсдэг болохоор хяналт, шалгалтаа сайжруулж, чанаргүй зээлийг чанартай болгох арга хэрэгслийг авах нь Монголбанк болон Засгийн газрын хамтарсан үүрэг. Ийм байдлаар уялдаж ажиллах ёстой. 
-Засгийн газраас ямар арга хэмжээ авах нь зөв бэ?
-Үр ашиггүй төсөвлөчихөөд байгаа 3.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт. Ялангуяа хөдөө, орон нутагт цемент зуурах гээд байгаа 2.2 их наяд төгрөгийнхөө эх үүсвэрийг маш яаралтай төсөвт тодотгол хийж, танаач ээ. Танасан эх үүсвэрээрээ ажлын байрыг тогтворжуулах, тогтоох, байгууллагуудын хүсээд байгаа банкны зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх. Түрээсийн асуудлыг шийдэхэд зарцуулах нь зүйтэй. Тусгай зориулалтын сангуудаараа дамжуулаад ажлаа хийх хэрэгтэй байна. Одоо л ЖДҮХС чинь ажиллаж байх ёстой. Эрүүл мэндийг дэмжих сан, Газар тариалангийн чиглэлийн сангууд нь ажиллах байх ёстой юм. 
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөв тодотгохгүй. Хэрвээ бид төсвөө тодотгоод, хөрөнгө оруулалтыг таначихвал эдийн засгаа борцолж байгаатай ялгаагүй гээд дайраад байна.  Энэ талаар та юу хэлэх вэ?
-Төсвийг тодотгоно гэдэг нь мөнгөө хэмнээд, эдийн засгийг борцол гэсэн үг биш ээ. Үр ашиггүй зардлуудаа хэмнээд, түүнийг цементэд биш хүндээ зориул л гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл, төсөв тодотгоод, үр ашиггүй зардал гээд байгаа 2.2 их наядын сул эх үүсвэрийг бид ажлын байрыг хамгаалах, ЖДҮ-ийг дэмжих ажилд л зарцуул гээд байна. Маш олон хүн түрээсийн асуудал хүнд байгаа талаар яриад байгаа. Үнэхээр түрээсээ төлж дийлэхгүй, хүндэрчихсэн тохиолдолд Засгийн газар өөрийнхөө сангуудаар дамжуулаад хөрөнгө оруулалт хийх ёстой. 
Үнэхээр зээлийн асуудал гарч ирж байгаа бол Монгол банк л энэ асуудлыг шийдэх ёстой гэж болохгүй ээ. Монгол банк төсвийн шинж чанартай санхүүжилтийг огт хийж болохгүй. 2015 он хүртэл эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан нь Монголбанк төсвийн шинж чанартай, Сангийн яам шиг ажилласнаас болсон. Үүнийг одоо огт давтаж болохгүй. Засгийн газар төсвөө хэмнээд, хэмнэсэн эх үүсвэрээ өөрийнхөө сангуудаар дамжуулаад арга хэмжээ авах хэрэгтэй. 
-Сангийн сайд Монголбанкнаас бодлогын арга хэмжээ авлаа. Арилжааны банкууд ч цаашид хүүгээ өөрчлөх, хойшлуулах, төлөхгүй байгаа хүмүүст алданги тооцохгүй байх ажлыг хийх боломж бүрдлээ гэж мэдэгдсэн. Монголбанкны авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын шийдвэр арилжааны банкуудад зээлийн хүүгээ өөрчлөх, магадгүй багасгах, эсвэл түр зогсоох орох зайг олгож чадах уу?
-Монголбанк аж ахуйн ажил хийгээд явах ёсгүй гэдгийг би дахиад хэлье. Өнөөдрийн нөхцөл байдал зээл авсан иргэд, аж ахуйн нэгжид илүү хүндрэлтэй тусаж байна. Энэ хүмүүс бүтэн хоёр сар сул зогсоод, орлогогүй болчихоод байгаа. Тэгэхээр зээл авсан хүмүүсийн өр, зээл, алданги, торгуулийн асуудлыг маш яаралтай шийдэх хэрэгтэй байна. Үүнийг төсвийн бодлогын хүрээнд шийдэх ёстой. Монголбанкны мөнгөний бодлогын нөлөөлөл дор хаяж 3-6 сарын дараа л илэрдэг. Тийм болохоор Монголбанкны гаргасан мөнгөний бодлогын шийдвэр оны дараа л нөлөөлөл нь гарна гэж үзэхэд болно. Монголбанк энэ бодлогыг авч хэрэгжүүлсэн нь зөв. 
-Төсөв тодотголоо гэж бодъё, хэрэггүй зардлаа таналаа.  Хэмнэсэн мөнгөөрөө бид яг ямар бодлого барьж, ажил хийвэл болох юм.  Яг нэн түрүүнд хийх ёстой ажил нь юу гэж бодож байна?
-Тухайлбал, бид 2.2 их наядын үргүй зардлуудыг танаад, тэндээсээ 500 тэрбум төгрөгөөр Нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сарын турш 50 хувь бууруулах боломжтой. Хоёрдугаарт, Зээлийн батлан даалтын сан гэж байгаа. Одоо үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн хүүгээ төлж чадахгүй болчихоод байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн тооцоо, судалгааг гарга. Энэ ажлыг Монголбанк дэмжээд оролцох боломжтой. Улмаар хэцүүдээд байгаа аж ахуйн нэгжүүдийн зээлийг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Зээлийн хүүгийн өрийг хүндрэлтэй цаг үед тэглээд явах ёстой гэсэн үг.
Гуравдугаарт, Монголбанк эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд мөнгөний бодлогын хүүгээ буулгаад байгаа энэ үед нөгөө талд Засгийн газар санхүүгийн эх үүсвэрийг нь хэрэггүй хөрөнгө оруулалтаас суларсан мөнгөнөөсөө шийдэх хэрэгтэй. Тухайлбал, 1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг сангуудаараа дамжуулаад зээлэх хэрэгтэй байна. Орон нутагт барилга барьснаар эдийн засаг сэргэхгүй, идэвхжихгүй. Эсрэгээрээ үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан чинь ажилгүй, орлогогүй болчих гээд байна. Энэ салбарт ажиллаж байгаа хүн нийт ажиллагсдын 50 хувийг эзэлж байгаа. Ажил хийж байгаа монголчуудын 50 хувь нь чухал юм уу, эсвэл сонгууль нь чухал уу гэдэг дээр Засгийн газар яаралтай шийдвэр гаргаад явах ёстой. 
-Хэрвээ төсвөө тодотгохгүй, сонгуулиа бодоод барилга, байшингаа барина гээд зүтгэвэл эдийн засагт үзүүлэх хор хөнөөл нь ямар байх вэ?
-Эдийн засаг оны хоёр, гуравдугаар улиралд хямрана. Энэ нөхцөл байдал зургадугаар сарыг хүртэл, хоёрдугаар улирал дуустал үргэлжлэх нь тодорхой болчихлоо. Эдийн засгийн хямрал гэдэг хоёр улирал дараалан уналттай гарахыг хэлдэг. Унасан тохиолдолд нийт монголчууд хүндрэлийг нуруун дээрээ шууд үүрнэ. Сонгуулийн дараачаас л иргэд эдийн засгийн хямралыг үүрч эхэлнэ гэсэн үг. Эдийн засаг хямраад ирэхээр хүмүүс ажилгүй, орлогогүй болж, бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг. Нийгмийн хүнд нөхцөл байдлууд үүсдэг. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Эсвэл урьдчилан сэргийлж, Засгийн газрынхаа хэмжээнд зохицуулалтаа хийх гээд явах уу гэдгээ шийдэх цаг болжээ. 

Н.Пунцагболд
Эх сурвалж: zaluucom.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан