Хятадад НДШ-ийг буулгаж, ипотекийн төлбөрийг хойшлуулж байна


Хятадын Засгийн газраас коронавирусийн улмаас учирч буй хор хохирлыг арилгах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнд:
  1. Компанийн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, орон сууцны урьдчилгаа төлбөрийн хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан.
  2. Компанийн тэтгэвэр, ажилгүйдэл, хөдөлмөрийн ослын даатгалын төлбөр, хураамжийг үе шаттайгаар бууруулах буюу чөлөөлөхөөр болсон.
  3. Орон сууцны урьдчилгаа төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд хүлээн авч шийдвэрлэнэ. Энэ хугацаанд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлж чадаагүй ажилчид хугацаа хэтэрсэн торгууль төлөхгүй байна.
  4. Өвчний голомт нутаг болон халдварын тархалт ихтэй газраас бусад орон нутгаас эргэн ирж ажилдаа ороход нь хязгаарлалт тавих зэргээр хууль бус үйлдэл гаргуулахгүй байхад анхаарна.
  5. Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүй болсон хүмүүст ажилгүйдлийн тэтгэмжийг цаг тухайд нь олгоно.
  6. Хаврын тариалангийн бэлтгэл ажлыг хангаж цаг хугацаанд нь эхлүүлнэ.
  7. Цагаан будааны хамгийн бага үнийг тогтвортой хэвээр барина.
  8. Шувууны аж ахуй эрхлэгчдэд олгох зээлийн хугацааг сунгах, зээлийн баталгааг хөнгөвчилнө.
  9. Фермерийн аж ахуй эрхэлж буй малчид, тариаланчдад хүүгийн татаас олгоно.
  10. Хөлдөөсөн гахайн мах нөөцлөх, хадгалах хэмжээг нэмэгдүүлнэ.
  11. Хүнд эмгэг төрүүлэгч шувууны томуу, Африкийн гахайн томуу зэрэг малын гол өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгана.
БНХАУ-ын Шинжлэх ухааны акамемиас “Covid-19”-ийн эсрэг 30 төрлийн эм бэлдмэлийг өвчний шинж тэмдгийг бууруулахад хэрэглэх боломжтойг тогтоогоод байгаа ба үүнд “Lopinavir”, “Ritonavir” зэрэг ДОХ-ын эсрэг 12 төрлийн эм, Хятадын уламжлалт ургамлын гаралтай 18 төрлийн тан багтаж байна. Ухань хотод коронавирусийн эсрэг эмчилгээнд ардын уламжлалт зүү, төөнүүрийн эмчилгээг ихээр ашиглаж байгаа бөгөөд тус эмчилгээ үр дүнгээ өгч байна хэмээн дүгнэж байна.
“Алибаба” компани “Covid-19”-ийн халдварын батлагдсан тохиолдлыг компьютер томографын тусламжтайгаар 96 хувь хүртэл нарийвчлан оношлох “Al” хөдөлгүүртэй алгоритмыг зохиож, уг вирусийн халдвар авсан өвчтөн болон ердийн уушигны хатгалгааны үрэвсэлтэй өвчтөний ялгааг 96 хувийн нарийвчлалтайгаар ялган харуулах “СТ” сканнерыг ашиглах замаар найдвартай оношлох боломжтой болсон бана.
Тус улсад өндөр технологийн хүчин чадал бүхий ухаалаг дуулга (малгайг) ашиглан иргэдийн биеийн халууныг хэмжиж байна. Уг дуулганд камер суурилуулсан бөгөөд 5 метрийн зайд байгаа хүний биеийн дулааныг хэмжиж хэрэв халуунтай байвал дохио өгч мэдэгддэг байна.
Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй тэмцэх Хятадын судалгааны багийн ахлах шинжээч, Тяньжиний Уламжлалт анагаах ухааны их сургуулийн захирал Жан Боли 03 дугаар сарын дунд үе гэхэд БНХАУ-ын дотоодод Хубэй мужаас бусад газарт, 03 дугаар сарын эцэст Ухань хот дахь вирусийн шинэ халдварын тохиолдол “0” болох магадлалтай хэмээн мэдэгдсэн байна. Харин эмнэлгээс гарсан өвчтөн нас барсан нь түүнийг яаран гаргасантай холбоотой гэжээ. Эмчлүүлсэн хүмүүс дахин өвдөж байгаа нь тэд дахин халдвар авч байгаа биш, харин шинжилгээг буруу хийсэн, эсвэл тухайн хүний өвдөх үйл явц удаан хугацаанд үргэлжилж байгаагаас үүдэлтэй хэмээн Хонконгийн Их сургуулийн Ли Кашиний эмнэлгийн факультетын вирус судлаач Жинь Дунянь хэлсэн байна.
Хятадын Анагаах ухааны академийн тэргүүн Ван Чэнь “өнгөрсөн сард халдвар авсан нь батлагдсан тохиолдлын 30-50 хувийнх нь PRC шинжилгээ “эерэг” гарсан ба хоолойноос авсан арчдаст хийсэн шинжилгээний хариу худал “сөрөг” гарсан байх магадлалтай” гэсэн байна. Иймээс “Covid-19”-ийг оношлохдоо эпидемиологийн түүх, клиникийн болон дүрслэлийн илрэлийг PRC шинжилгээтэй хослуулах нь зүйтэй хэмээн Хятадын эрүүл мэндийн салбарын удирдлага үзэж байгаа аж.
Биеийн байдал сайжирч эмнэлгээс гарах хүнээс PRC шинжилгээг 2 биш 3 удаа авах нь зүйтэй гэх саналыг зарим судлаач дэвшүүлж байгаа аж. Учир нь эмнэлгээс гарах шаардлага хангасан 44 хүнээс 3 дахь удаагаа шинжилгээ авахад 26-гийнх нь хариу “эерэг” гарсан байна. Харин 3 дахь удаагийн шинжилгээний хариу “сөрөг” гарсан хүнээс илрэх магадлал бага аж. Дюкийн Их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор Грег Грэй “...шинжилгээний хариу буруу гарах нь оношлууртай холбоотой биш, харин шинжилгээнд авсан дээж түүнтэй ажиллах шаардлагыг хангахгүй байх, эсвэл дээжид маш цөөн тооны вирус агуулагдаж байгаатай холбоотой байх магадлалтай” хэмээн үзсэн байна.
Гуандун мужийн халдварт өвчний хяналтын төвийн орлогч дарга Сун Тиэ “...эмнэлгээс гарсан хүмүүс бусдад халдвар тараасан гэх тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тийм эрсдэл бага. Учир нь бидний хийсэн судалгаагаар залуу хүмүүсийн бие 14 хоногийн дотор эсрэг биет ялгаруулдаг бөгөөд шинжилгээний хариу эерэг гарсан байсан ч тэд цааш халдвар тараах эрсдэл маш бага. Харин өндөр настай хүмүүсийн бие эсрэг биет ялгаруулахдаа илүү урт хугацаа зарцуулж байгаа тул тэд халдварын эх сурвалж болох эрсдэлтэй” хэмээн тайлбарлажээ.
БНХАУ-ын эрдэмтэд “Covid-19” вирус төв мэдрэлийн системийг гэмтээдгийг тогтоосон байна. Нэгэн өвчтөний биеийн байдал сайжрахгүй, ухаан алдах шинж илэрч эхэлсэн бөгөөд компьютер томографийн шинжилгээгээр сэжигтэй зүйл илрээгүй ч генийн шинжилгээгээр тархи нугасны шингэнээс вирус илэрсэн байна. Түүнийг эмчилсэн эмчийн мэдэгдсэнээр вирусийн халдвар авсан өвчтөнд ухаан алдах шинж илэрсэн бол төв мэдрэлийн эсүүд гэмтсэн эсэхийг шалгах хэрэгтэй гэжээ.
Мөн эрдэмтэд вирусийн халдвар авсан өвчтөнүүдэд илрэх шинж тэмдэг өөрчлөгдөж байгаа тухай судалгааны дүнг "Social science research network" мэдээллийн хэрэгсэлд тавьсан байна. Вирусийн тархалтын эхэн үед халдвар авсан хүнд өндөр халуурах, цэр гарах, сульдах, булчин өвдөх, лимфоцитын тоо буурах зэрэг шинж илэрч байсан бол сүүлийн үед халдвар авсан хүнд дээрх шинж сул, эсхүл илрээгүй байна. Харин ханиалгах, цээжээр өвдөх, дотор муухайрах, суулгах шинж бүх тохиолдолд илэрч байжээ. Судалгааны дүнгийн талаар ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн захирал Майкл Райан "Вирусийн тархалт ойрын хэдэн сард буурна гэдэгт эргэлзэж байна" гэжээ.
Түүнчлэн Бээжин, Шанхайн вирус судлаачид “Covid-19” вирус илүү хор хөнөөлтэй буюу “L”, сул буюу түгээмэл ханиадтай төстэй “S” гэсэн 2 төрөл болж мутацид орсон гэж үзэж байна. Тэдний үзэж байгаагаар өвчтөнүүдийн 70 хувь нь “L” төрлийн вирусийн халдвар авсан гэжээ. Энэ төрөл нь илүү хор хөнөөлтэй, хурдацтай тархах чадвартай аж.
Итали, Испани Улсаас БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирсэн 2 хүн “Covid-19”-өөр халдварласан нь тогтоогдож БНХАУ-д гадаад улс орноос коронавирус дамжин тархсан 13 дахь тохиолдол болоод байна. Иймд эрх баригчид Бээжингийн олон улсын нисэх буудалд ирж буй зорчигчдыг онгоцноос хэсэгчлэн буулгаж, эрүүл мэндийн үзлэгт оруулах болсон байна. Мөн БНСУ, Итали, Иран, Япон Улсаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлаж, нисэх багийнхныг нислэгийн турш амны хаалт хэрэглэх шаардлага тавьж байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан