Далайд гарцгүй манай оронд агаарын тээврийн салбар чухал ач холбогдолтой. Гэвч тус салбарын бодлого, үйл ажиллагаа доголдох, нислэгийн аюулгүй байдлын зөрчил гарах явдал цөөнгүй, тус салбарыг удирдаж буй эрх мэдэлтнүүд нь караокед тамхи татаж, шаардлага тавьсан ажилтны эрүүл мэндэд хохирол учруулсан, хүүхдүүдээ төрийн зардлаар гадаадад сургасан, УИХ-ын гишүүнд агсам тавьсан зэрэг мэдээлэл үе үе цацагддаг ч хариуцлага тооцсон нь бараг л үгүй. Тэгсхийгээд дарагддаг билээ. Цусаар бичигдсэн дүрэмтэй, цэргийн дэглэмтэй хэмээн ярьж бичдэг нисэхийн салбарт хариуцлага алдагдвал олон хүний амь хохирох аюултай. Гэвч цөөнгүй зөрчил, дутагдал гарч, Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас зөвлөмж хүргүүлдэг ч биелсэн нь цөөн гэх юм билээ. Тухайлбал, тус албанаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд хандаж илгээсэн албан тоотод “Аюулгүй ажиллагааны зөвлөмжийн хэрэгжилтийн талаар танайхаас ирүүлсэн албан бичиг баримтыг үндэслэн дүгнэж үзэхэд хэрэгжсэн тав, хэрэгжих шатандаа байгаа буюу хэрэгжээгүй 18, хэрэгжүүлэх шаардлагагүй болсон хоёр зөвлөмж байна. Бүрэн хэрэгжээгүй аюулгүй ажиллагааны зөвлөмжүүдийн 50 хувь нь 4-10 жилийн хугацаа өнгөрсөн, биелэлт удаашралтай байна. Нислэг техникийн осол, зөрчил болон аюулгүй ажиллагааны зөвлөмжийн хэрэгжилтийн бодит байдал, удирдах түвшинд буй хандлагаас үзэхэд нислэгийн аюулгүй байдлын эрсдэл өндөр байна” хэмээжээ.
Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь хэн нэгнийг буруутгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй, Монгол Улсын нэгдэн орсон Чикагогийн конвенцын хавсралт 13, документ 9756, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн есдүгээр бүлгийн дагуу иргэний агаарын хөлөг, түүнтэй холбогдсон осол, зөрчлийг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх үйл ажиллагааг явуулдаг. Шинжлэн шалгах ажиллагаа нь осол, зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой бүтэц юм. Тус алба ажлаа Зам, тээврийн хөгжлийн сайдад тайлагнадаг аж.
“АН-2”-ЫН ОСЛЫН НОТЛОХ БАРИМТЫГ УСТГАХ ШАЛТГААН ЮУ БАЙВ
Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас ИНЕГ-ын даргад хаягласан албан тоотод “Аюулгүй ажиллагааны зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс хүний амь, эд хөрөнгөд учирч болох эрсдэлийг санаатай, эсхүл албан тушаалдаа хайхрамжгүй хандаж байгаа нь хуулийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тайлан зөвлөмжийг үндэслэн нислэгийн аюулгүй ажиллагааны эрсдэлийг тооцон судалж, иргэний нисэхийн салбарт нислэг, техникийн осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг давтан гаргуулахгүй байх нь ИНЕГ-т хуулиар оноосон үүрэг гэж бид үзэж байна” гэжээ. Л.Бямбасүрэн тэргүүтэй ИНЕГ-ын одоогийн удирдлагын албан үүрэг гүйцэтгэж байгаа үе буюу 2016 оны есдүгээр сараас 2019 оныг дуусталх хугацаанд иргэний нисэхийн салбарт ноцтой зөрчлүүд удаа дараа гарсан, давтагдсаар байжээ. Харамсалтай нь, хариуцлага хүлээсэн албан тушаалтан алга. 2016 оны есдүгээр сараас хойш 2019 оныг дуусталх хугацаанд хэд хэдэн ноцтой зөрчил гарсныг тэр бүр олон нийт мэдээгүй өнгөрсөн. Хүний амь эрсэдсэн онгоцны осол гараагүй учраас ИНЕГ-ын албан тушаалтнууд дарагдуулаад өнгөрсөн байхыг үгүйсгэхгүй. Бидэнд олдсон мэдээллээр нислэгийн үед агаарын хөлгийн хөдөлгүүр унтарсан тохиолдол гурван ч удаа гарчээ. Үүнийг жирийн иргэд тэр бүр мэдээгүй. Авиа компаниуд ч, ИНЕГ-ынхан ч нууцлаад өнгөрсөн бололтой. 2018 оны наймдугаар сарын 18-нд “Фоккер-50” загварын агаарын хөлөг Өмнөговийн “Овоот” нисэх буудлаас зорчигчдоо суулган Улаанбаатарыг зорьж, агаарт гарсан үедээ баруун хөдөлгүүрээ унтраасан аж. Тухайн хөдөлгүүрийнх нь нэг үзүүлэлт унаснаас нисгэгчид нь агаарт ийм арга хэмжээ авчээ. Буцаагаад хөдөлгүүрээ асаах оролдлого хийсэн ч амжилтгүй болсон тул дээрх буудалд эргэж буусан байна. Тэгэхэд нисэх багийн тав, нийслэлийг зорьсон 14 зорчигч онгоцонд байжээ.
Өөр ноцтой зөрчлүүд олон удаа давтагдсан аж. Хүний амь эрсдэх дөхсөн осол нэг удаа, агаарын хөлгүүдийн ойртолттой холбоотой зөрчил гурав, хөлгийн дугуйны түгжээг авалгүй хөөрсөн тохиолдол, хойд тулгуураараа газар хүрсэн, дугуйны резин хэсэг салж унасан явдал тус бүр хоёр, агаарын хөлөг шувуутай 43 удаа мөргөлдсөн, олон улсын нислэгт агаарын зайн зөрчил хоёр гарсан байна. Хамгийн олон удаа давтагдсан нь нислэгт бэлэн гэх агаарын хөлгүүд техникийн шалтгаанаар буцсан тохиолдол 76 удаа гарчээ. Түүнчлэн 2018 оны тавдугаар 26-ны шөнө “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хориотой бүс рүү автомашинтай залуус дайрч орон нэгийнх нь амь үрэгдэж, нэг нь хөөрөх, буух зурвас дээр явган таваргасан ноцтой үйлдэл гарсныг мөн л нууцлаад өнгөрсөн. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийж дуусгаад явах гэж байхад харуул хамгаалалтын албаныхан нь мэдсэн гэх ам дамжсан яриа нисэхийнхний дунд бий.
Хамгийн ноцтой нь “Чингис хаан” нисэх буудлаас хөөрөх гэж байхдаа осолдсон “АН-2”-ын зарим нотлох баримтыг устгасан зөрчил гарсан байгаа юм. ОХУ-ын “АН-2” онгоцны шинэчилсэн загвар ТВС-2МС “төмөр шувуу” 2017 оны зургадугаар сарын 2-нд Сэлэнгэ аймаг руу туршилтын нислэг хийх гэж байхдаа тус нисэх буудлын хөөрөх, буух зурвас дээр осолдсон билээ. Уг ослыг шинжлэн шалгах үйл ажиллагаанд саад учруулж, нотлох баримт устгасан ноцтой зөрчил гарч байсныг Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас ИНЕГ-ын удирдлагад сануулсан байх юм. Үүнээс үзэхэд, дээрх албаныхны өгсөн зөвлөмж, анхааруулгыг үл ойшоодог, хэрэгсэж үздэггүй мэт.
ИНЕГ-ЫН ДАРГЫН ХОЛБОГДСОН АЛБАН ТУШААЛЫН ХЭРГҮҮДИЙГ ХЭЗЭЭ ШИЙДВЭРЛЭХ ВЭ
Иргэний нисэхийн салбарт бодлого алдагдаж, осол, зөрчил гарч байгааг мэргэжлийн хүмүүс, ахмадууд нь мэргэшсэн бус гэж болохуйц хүнээр удирдуулж буйтай холбон ярьдаг. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбоотой гомдол, мэдээллийг хууль сахиулах байгууллага төдийгүй УИХ-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын сонорт иргэний нисэхийн салбарын төрийн бус байгууллагуудаас удаа дараа хүргэсэн ч шийдвэрлэсэн нь үгүй. “Магадгүй Л.Бямбасүрэнгийн “Ерөнхий сайдтай би нэг анги, найз. У.Хүрэлсүх байхад надаар оролдоод үр дүнд хүрэхгүй” гэж ярьж явдаг нь нөлөөлдөг байх” гэсэн явган яриа иргэний нисэхийн салбарынхны дунд байдаг юм билээ. Нисэхийн салбарынхны дунд буй яриагаар бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Л.Бямбасүрэн нар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэг ангийнхан гэх.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд холбогдох нэг бус үйлдлийг АТГ-т шалгаж байгаа юм билээ. Түүний нэг нь “Гүрэн” гэх дээд сургуулийн удирдлагатай хамтарч хөрөнгө завшсан үйлдэл. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаал гаргаж “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэлээр зохион байгуулах” тендерийн үнэлгээний хороо байгуулсан байдаг. Тус хороо нь хууль, журмаа зөрчин “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулж, 640 сая төгрөг шилжүүлсэн юм. Үнэлгээний хорооны дарга нь тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдоржтой хуйвалдан “Цахим” дээд сургуулийг тендерт оролцсон хэмээн хуурамч баримт үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон гэдэг. Мөн 2017 оны наймдугаар сарын 1-нд ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 596 сая төгрөг завшсан болохыг “Баян сагсай аудит” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтээр тогтоосон бөгөөд эдгээр үйлдэлд нь Л.Бямбасүрэнд холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 18.6-2.3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 180200021 дугаар хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.
Дээрх хэргээс гадна зарим удирдах албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, садан төрлийн хүмүүсээ ажилд томилж, хууль бус үйлдлүүдээ хаацайлдаг, гэр бүлийнхнээ дагуулан гадаадад албан томилолтоор явдаг зэрэг олон гомдлыг иргэд, байгууллагаас АТГ-т хүргүүлсэн ч шийдэгдээгүй байгаа аж. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буйгаа гомдол гаргагчдад АТГ-аас нэг бус удаа мэдэгдсэн ч эцсийн үр дүн гарахгүй байгаа нь олон нийтэд хардлага төрүүлж буй юм. Зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан нь ч АТГ-ынхныг хардах нэг шалтгаан болж буй гэсэн. Бидэнд олдсон мэдээллээр ИНЕГ-ынхны хууль бус үйлдлүүд үүгээр дуусахгүй. Хэд хэдэн тоног төхөөрөмжийн сонгон шалгаруулалтыг хууль зөрчин явуулж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэл гаргасан юм билээ.
Уг нь өнгөрсөн оны эхний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн долдугаар зүйлд “төрийн албан хаагч хууль дээдлэх, мэргэшсэн, тогтвортой байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” ёстойг хуульчилсан. Харамсалтай нь, ИНЕГ-ын удирдлага хуулиа дээдэлж, ашиг, сонирхлын зөрчлөөс ангид байж чадаж буй, эсэх нь дээр дурдсан жишээ баримтаас харагдах биз ээ.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН БОДЛОГО ГАЖУУДСАН УУ
УИХ-ын 2013 оны хоёрдугаар сарын 7-ны 18 дугаар тогтоолоор Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг баталж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан батлах, тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгаж ажиллахыг Засгийн газарт даалгасан байдаг. Уг бодлогын баримт бичгийн 3.10-т “Монгол Улсын агаарын орон зайн аюулгүй байдал, иргэний агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангахад иргэний нисэх ба батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөртэй байна”, 3.11 дэх хэсэгт “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн талаар улсын болон иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгоно” гэж тусгасан. Улмаар Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 28-ны 428 дугаар тогтоолоор Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгахыг Сангийн, Эдийн засгийн хөгжлийн болон Зам, тээврийн сайдад даалгасан байдаг. Гэвч уг төлөвлөгөөнд Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 3.10, 3.11 дэх заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ, ажил, төслийг тусгаагүй байх юм.
Улсын болон иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ байгуулах нь Монгол Улсын эдийн засгийн бодлого, төлөвлөлт, стратегийн ач холбогдолтой дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Харамсалтай нь, үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр хэн ч, юу ч хийхгүй байгаа нь ямар нэг ашиг сонирхлын зөрчил байна гэж нисэхийн мэргэжлийн боловсон хүчнүүд сэжиглэдэг.
Уг нь шинэ нисэх буудлын нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд агаарын навигацын үйлчилгээний техник, тоног төхөөрөмж суурилуулахдаа дээрх бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой аж. Ингэснээр агаарын цэргийн анхдагч радиолокацын хяналтын системтэй болох, түүнтэй уялдсан байх шаардлага хангуулснаар улсын болон иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгох юм. Улмаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах эрх ашигт нийцүүлэх боломж бүрдэх билээ. Тиймээс Батлан хамгаалах болон ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудад энэ чиглэлээр үүрэг өгөх нь зүйд нийцэх биз ээ.
Дээрх бодлогын баримт бичгийн 3.10, 3.11 дэх заалтыг даруй хэрэгжүүлэхгүй бол эрсдэл учирч болзошгүй нь. Учир юу гэвэл, ИНЕГ-т байдаг, нислэгийн мэдээлэл дамжуулах, боловсруулах үүрэгтэй AFTN систем доголдож, ажиллагаагүй болсон гэнэ. Уг систем нь олон улсын болон орон нутгийн нисэх буудлууд хооронд нислэгийн мэдээлэл дамжуулдаг бөгөөд одоогоор ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин хотын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй холбогдож мэдээллээ солилцдог төхөөрөмж аж. Эл системийн үйл ажиллагаа өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд доголдож эхэлсэн бөгөөд үүнийг засуулахын тулд төхөөрөмжийг нийлүүлэгч “Cop¬perchase” компанид хандахад зөвхөн ажлын хөлсөнд 8634 фунт стерлинг төлөх ёстой, ингэхдээ хэвийн ажиллуулах баталгаа өгч чадахгүй гэжээ. Оронд нь түр ажиллуулах AFTN систем өгөхийн тулд 30 000 гаруй фунт шаардагдана гэдгийг ч илэрхийлсэн сурагтай. Манайхан нэг удаа AFTN системээ өөрсдөө засаж ашиглалтад оруулсан ч төд удалгүй, 2019 оны аравдугаар сарын 1-нд бүрэн зогссон юм байна. Тиймээс шаардлагатай арга хэмжээг даруй авах хэрэгтэй болжээ.
Цаашид иргэний нисэхийн салбарт учирсан бодлогын гажуудлыг засахгүй бол ИНЕГ-ыг ирээдүйд удирдах хүмүүс ч хэтэвчээ зузаалахын тулд л ажилласаар байх нь. Өөрөөр хэлбэл, ИНЕГ бол тус салбарын аюулгүй ажиллагаанд хяналт тавих төрийн зохицуулагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нисэх буудлын болон агаарын навигацын үйлчилгээ үзүүлэх давхардал үүсгэснээр мэргэжлийн хяналт тавьдаг хариуцлагаасаа зайлсхийж, алдаа дутагдлаа нуух боломж бүрдүүлчихээд байгаа. Тиймээс ИНЕГ-ын удирдлага агаарын навигацын болон нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх ажиллагаанд шаардагдах хөрөнгийг өөрийн ашиг сонирхолд зарцуулахыг зорилгоо болгодог гэсэн хардлага нисэхийн салбарынханд бий.
Тиймдээ ч ИНЕГ-аас зарласан тендер будилаантай болох тохиолдол гарч, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орохгүй өдий хүрч байна гэх мэдээллийг бидэнд эх сурвалжууд өгсөн. Тус буудлын урсгал зардалд жил бүр 10 тэрбум төгрөг зарцуулдаг, Японы Засгийн газарт төлөх зээлийн эргэн төлөлт эхэлж, манай Засгийн газар алдагдалд орж болзошгүй байгааг албаны хэд хэдэн хүн тодотгосон юм.
ИНЕГ-аас зарласан нэг бус сонгон шалгаруулалтыг ашиг сонирхлын зөрчилтэй явуулж, халаасаа зузаалсан байж болзошгүй үйлдлийг бид цаашид дэлгэрүүлэн мэдээлэх болно.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин