У.Хүрэлсүхийн “хандив авахгүй” гэснийх нь цаана бохир мөнгө урсаж байж болзошгүй

“Сонгууль ба олигархиуд” цуврал-2
Тэтгэврийн зээлийг тэглэхээс эхэлсэн сонгуулийн жилийн популизм ирэх хавар, зун болтол өөр олон янзын поп үзүүлбэрээр хүргэлжлэх шинжтэй. Ахмад настангууд маань одоо хоёр гурван хэсэг болж талцаад үзэлцэж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас анх иргэдийн зээлийг тэглэх санаачлага гарган Х.Баттулгадаа захисныг өнөөөгийн эрх баригчид буюу МАН-ын Засгийн газраас ийнхүү хэрүүл шуугиантайгаар хэрэгжүүлж буй. Ингээд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн гэрээгээ зөрчихөд хүрэв. МАН-ын Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд энэ сангаас одоогоор 130 гаруй сая ам.доллар аваад байгаа юм. Мөн донор орнуудаас манайд 5.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээс дөнгөж тал нь хийгдээд байгаа.  Зөвхөн Засгийн газрын гадаад өр гэхэд өдгөө  7.3 тэрбум доллар болчихсон цохиж явна. 
Парламентад үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан иймэрхүү эрсдэлийг үл тоож,  өөрсөддөө ашигтайгаар баталсан Сонгуулийн тухай хуулиндаа найдан энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулна гэж сэрүүн зүүдэлж байх шиг байна. Гэвч юун ялах мантай. МАН-ын нэр хүнд навсайтлаа унасаар байна. Өнөөх шилдэг олигархиуд буюу тус намынхны  60 тэрбумын хэрэг, ЖДҮХС-ийн бүлэг дээрэм, Эрдэнэтийн алдарт луйвар гэх мэт дуулиан хэргүүд бүрэн шийдэгдэхгүй шүүх дээр гацсаар сонгууль өнгөрөөх янзтай. Энэ хооронд харин сонгогчдын нэлээд хэсэг нь ёстой  үхэж байсан ч МАН-аас нэр дэвшигч олигархиудад саналаа өгөхгүй гээд харайх... Шударга ёсны төлөөх манай иргэдийн санаа бодол чин үнэндээ яг ийм л болоод байгаа ажээ.
Тэгж байтал Сонгуулийн тухай хуулийнх нь зарим заалтууд Үндсэн хууль зөрчсөн хэмээн МАХН-аас Үндсэн хуулийн цэцэд хандан өргөдөл гомдол гаргаж байна. Тодруулбал, энэ хуулиар урьд нь авлигын хэрэгт холбогдон ял эдэлсэн тус намын дарга Н.Энхбаярын сонгох эрхийг хассан гэх бөгөөд мөн гадаад дахь Монгол иргэдээ сонгуульд оролцуулахгүй болсон нь сонгогчдын сонгох эрхэд халдсан ноцтой асуудал гэж үзжээ. Авлигын хэргээр ял сонссон этгээд сонгуульд нэр дэвшихгүй байхаар хуульчилсны учир холбогдлыг энэхүү цувралын нэгдүгээр хэсэгт товч боловч хэлсэн болохоор үүнийг энд түр азная. Харин гадаадад ажиллаж амьдарч байгаа хоёр зуун мянга гаруй монголчуудын хувьд парламентийн сонгуульд санал өгөх эрхгүй хоцорч буй нь маш харамсалтай. Уг нь гадаадад байгаа иргэд маань төр засгийн эрх баригчдын алдаа, оноог хамгийн гярхай ажиглагчид бөгөөд тэдний ихэнх нь одоогийн МАН-ын бодлого, үйл ажиллагааг дэмжихээ болиод удаж байгаа тул шанд нь  тийнхүү сонгох эрхээ хасуулав. Эрх баригчдын тайлбарлаж байгаагаар  бол тэдний дунд сонгуулийн тойрог зохион байгуулахад маш хэцүү, зардал мөнгө нь ч талийж өгөх юм байх. Гэтэл тэтгэврийн зээлтэй байсан иргэдийнхээ зээлийг хүн тус бүрд зургаан саяар тооцож хаагаад, үлдсэн зээлгүй иргэддээ дараагийн жилийн  тавдугаар сараас нэг сая төгрөгийн эрхийн бичиг тараан,  мөнгөө багтааж ядсан төр засагтай  болсон мэт дүр эсгэх нь ч бас гайхалтай.
Түүнчлэн улс төрийн намуудын сонгуулийн зардал өмнөхөөсөө улам өсөх ажээ. Намууд сонгуулийн санхүүжилтийг хандив, намын хөрөнгө, гишүүдийн хөрөнгөөр шийдэх учиртай. Шинэчилсэн хуулиараа ингэж хуульчилсан. Тэгтэл Ардчилсан намынхан нь нэр дэвших хүсэлт ирүүлсэн хүмүүстэйгээ 100 сая төгрөгийн дэнжин тавьж, түрүүчээс нь хурааж эхлээд байгаа нь нэлээд шүүмжлэл, маргаан дагуулж байна. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх нь болохоор “Сонгуульд хандив авахгүй”, “Мөнгөтэй гишүүдийг нэр дэвшүүлэхгүй” гэсэн юм яриад байгаа. Тэгвэл энэ нам хаанаас, хэнээс, ямар арга замаар сонгуулийнхаа зардлыг босгох юм бэ гэсэн асуулт сүүлийн үед цахим ертөнцийг доргиож буй нь зүй ёсных төдийгүй ихээхэн анхаарал татсан асуудал болов. Дашрамт өгүүлэхэд, улс төрийн намуудын санхүүжилт маш нууцлагдмал явж ирсэн бөгөөд ялангуяа МАН-ынхан санхүүгийн тайлангаа улс төрийн намын тухай хуулийн дагуу үнэн зөв гаргадаггүй, иргэдэд мэдээлдэггүй гэсэн шүүмжлэлийг ч тоохоо болиод удаж байгаа юм. Энэ удаагийн сонгуулиар харин тус намын дарга У.Хүрэлсүхийн дээрх мэдэгдлээс улбаалан санхүүгийнх нь тайлан мэдээлэл рүү  гүнзгий орж шалгахгүй бол нууцлалынх нь цаана ямар ч бохир мөнгө урсаж байхыг үгүйсгэхгүй аргагүй юм.   
Мөн МАН-ынхан сонгуулийн хуулийг хүч түрэн дангаараа батлахдаа жендерийн тэгш байдлыг хангахад ерөөсөө анхаарсангүй. Уг хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн хориос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” ч гэх шиг сонин заалт оруулж, эмэгтэйчүүдийн сонгогдох эрхэд дахин  халджээ.  Манай улс хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой бодлогын баримт бичигтээ жендерийн тэгш байдлыг хангах үүрэг хүлээж, УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн нийт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилна гэж тусгаснаасаа тийнхүү ухарчээ. Энэ зууныг “эмэгтэйчүүдийн зуун” гээд дэлхий нийтээрээ шуугиж, Европ, Скандинавын орнуудын төр засагт эмэгтэйчүүд бараг тал хувийг эзлэх болчихоод байхад манайд харин эсрэгээрээ эмэгтэйчүүдийг доош дарж байгаа нь үнэхээр гайхмаар үзэгдэл аж. Дэлхийн хэмжээнд тэдгээр дэвшилтэт төр засагт эмэгтэйчүүдийн эзлэх хувь өссөнөөр нийгмийн хүрээний олон чухал асуудлууд маш шуурхай шийдэгддэг болсон байна. Боловсрол, эрүүл мэнд, халамжийн гэх мэт манайх шиг будилж дуусдаггүй салбаруудад эрүүл саруул уур амьсгалыг  эмэгтэйчүүд нь олигархи эрчүүдээсээ илүү мундагаар бүрдүүлж чаддаг болжээ. Гэтэл дэвшилт хүн төрөлхтөний ийм сайн замналаас гажаад тууж явааг олигархи засаглал улам бүр гаарч буйн шинж гэхээс өөр юу ч гэх билээ дээ.

О.Баяр
Эх сурвалж: shuurhai.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан