Тоймч Ш.Гантулга: Ерөнхийлөгч болон ҮАБЗ-ийнхөн бол хулгайч нар гэдэг нь бол тодорхой байна

Тэтгэврийн зээл тэглэх нь халамж уу эсхүл хорлох бодлого уу?   

2020 оны босгон дээр Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулгын тэтгэврийн зээлийг тэглэх талаар хэлсэн хариуцлагагүй мэдэгдэл ард  түмний дунд хагарал, үл ойлголцолыг үүсгэсээр байна. Иргэдийн дийлэнх олонх нь дэмжиж байгаа явдал нь өнөөгийн нийгмийн сэтгэлгээний доройтлыг илтгэж байна. Арга ч үгүй байх. Ийм төрлийн халамжийн гэх тодотголтой үнэндээ бол нийгмийг хорлох бодлого нь 2000 оноос эхлэн сонгууль бүрийн өмнө давтагдаж байгаа нь ямар нэгэн байдлаар ард түмний шийдвэрт нөлөөлөх дархлаа нь болж ужгирчээ. 
2000 онд “Залуу гэр бүлийн 500 мянга”, 2004 онд Гүндалайгийн санаачилсан “Хүүхдийн мөнгө”, 2008 онд МАНАН бүлэглэлэлийн санаачилсан “Эх орны хишиг” (өгч чадахгүйд хүрээд 1072 хувьцаа болгож өөрчилсөн), 2012 онд Ардчилсан намын санаачилж гаргаж ирсэн “иргэдээ өмчтэй болгож, газрыг жинхэнэ утгаар нь эргэлтэд оруулна гэсэн сүржин уриатай Цахим өмчлөл”, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын дэвшүүлсэн “иргэдийн Өр тэглэх” зэрэг нь нийгэмд хор уршиг тарьсан уу гэхээс ямар нэгэн дэвшил авчраагүй нь хэнд ч ойлгомжтой. Иргэдийн дийлэнх олонх нь дэмжиж байна гэдэг нь гарцаагүй зөв гэсэн үндэслэл болохгүй. Учир нь эдгээр бодлогын хор хөнөөл нь ирээдүй хойч үеийнхэнд маань өр болж үлдэж байгаагаар илэрч байгаа нь үүнийг баталж байгаа юм. 
Яагаад бид эдгээр бодлогыг халамжийн бодлого биш гэж хардаад байгаа вэ? Үүнийг ойлгохын тулд иргэд, олон нийт “Халамжийн бодлого”-ын мөн чанарын талаар зөв ойлголттой байх нь чухал болов уу? Тэгэхлээр, халамж гэж юу вэ? 
Эцэг эх үр хүүхдээ асран халамжилдаг. Үр хүүхэд нь өсөж, том болоод эргээд эцэг эхээ асран халамжилна. Харин тахир дутуу  иргэд, өрх толгойлсон эх, нэн ядуу өрх гэх мэт нийгмийн  халамж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай зарим хэсгийг төр халамжиндаа авдаг. Эндээс дүгнэж хэлэхэд “Халамж гэдэг бол хайрын илэрхийлэл юм”. Харин энэхүү сонгодог утгыг нь гажуудуулбал “Хорлох бодлого” болж хувирдаг байх нь. 
Тэгвэл дээр дурьдсан сүржин нэртэй, халамжийн гэх тодотголтой бодлогууд нь үнэндээ халамжийн бодлого уу, хорлох бодлого уу гэдгийг яаж мэдэх вэ? Үүнийг бодлого тус бүр дээр нь товчхон тайлбарлая. 
2000 оны залуу гэр бүлийн 500 мянга: Гэр бүлийн үнэ цэнэ юун дээр тогтох вэ? Хайр, итгэл, зүтгэл дээр тогтохоос биш ашиг сонирхол дээр тогтохгүй. Энэ бодлогын уршигаар гэрлэлтээ хуурамчаар батлуулах, гэр бүл хэврэгших, салах явдал гаарсан байдаг. 
2004 оны хүүхдийн мөнгө: Гүндалайгийн би санаачилсан гэж хашгираад байдаг энэ бодлого нийгэмд маш хортой. Хүүхдээр халхавчилж бэлэнчлэх сэтгэлгээ газар авсан. Маш буруу бодлого. Учир нь хүүхэд аав ээжтэй. Тэгээд ч эцэг эхийн үр хүүхдээ гэсэн сэтгэл гэгээн байдаг. Төр дундуур хутгалдах шаардлага байхгүй. Хүүхэд эцэг эхдээ бэлэг болж ирсэн учраас, олон зүйл өгдөг учраас эцэг эх нь үүрэг хүлээх учиртай. Өгөгтүн өгөгдөх болно гэсэн зарчим бий. Хүүхэд өгч байгаа учраас эцэг эхээсээ бас авах эрхтэй. Хүүхэд эцэг эхдээ багаар бодоход 3 зүйл өгдөг. Нэгд. Хорвоод хүн цорын ганц үүрэгтэй ирсэн нь үр удмаа үлдээх явдал юм. Тэгвэл хүүхэд хорвоод мэндэлснээрээ эцэг эхдээ энэ зорилгыг нь биелүүлж өгсөн. Хоёрт, хүүхэд гэр бүлдээ гэрэл гэгээ, илч дулаан, амар тайван уур амьсгалыг бэлэглэдэг. Гуравт, эцэг, эхийнхээ нийгэмд ажиллаж, хөдөлмөрлөх зорилго тэмүүллийнх нь үндэслэл, хөшүүрэг нь болж өгдөг. Ийм байхад эцэг эхүүд хүүхдүүдээрээ халхавчилж төрөөс мөнгө салгаж, бэлэнчлэх нь хэр зохистой вэ? Тэгээд ч төрөөс хүүхдэд хандсан халамжийн бодлого сонгодог хэлбэрээрээ хэрэгжиж байдаг. Хүүхдийг 18 нас хүртэл нь үнэ төлбөргүй сургах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах бодлого манайд сайн ажилладаг. Нийгэм тэр чигээрээ хүүхдийн мөнгөөрөө амьдарч байна гэсэн зөвтгөл олон хүнээс ирдэг. Үнэндээ бол тийм биш. Үнэхээр тийм хэсэг байгаа юу гэвэл бий. Тэгвэл тэр хэсэгт нь энэ мөнгийг нь эцэг эхэд нь хаяглаж өгвөл зохистой. Тийм халамжийн төрөл ч байдаг. 
 
2008 оны Эх орны хишиг: Нийгмийг хавтгайд нь бэлэнчлэх сэтгэлд уриалсан хортой бодлого. Эрүүл саруул хүнд асуудлаа шийдэх эрүүл саруул арга зам хэрэгтэй. Тэр нь хөлс, хүч, хөдөлмөр билээ. Тиймээс л бид гартай байгаа юм. Тийм бишсэн бол бид гараа тайрч хаяад, ажил хийлгүй, амаа ангайгаагаад хэвтэж байх нь дээр биз. Энэ бодлого нь хөдөлмөрийн эрхийг зөрчиж байдаг. Хүнийг хоёр хөлт хоохондой  гэж зүгээр ч нэг хэлчихээгүй. Амьтнаас ялгарах бидний давуу нөхцөл нь гар юм. Гарны үнэ цэнэ хөдөлмөрөөр тодорхойлогддог болохыг бид мэднэ. 
 
2012 оны Цахим өмчлөл. Монголчууд түүхэндээ газрыг өмчлүүлж байгаагүй. Энэ нь гүнзгий учир шалтгаантай. Өнөөдрийн нийгмийн хямралын үндэс суурь нь энэ бодлогын гүнд нуугдаж байдаг. Учир нь, газар өмчлөлөөр дамжин газрыг худалдах, худалдан авах эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл, газрын наймаа. Газар бол зарж худалдаад байдаг бараа таваар биш юм. Ийм үнэ цэнэтэй зүйлийнхээ үнэ цэнийг ойлгохоо больсны уршгаар монголчууд бид өнөөдөр газар нутгаа алдахад хүрээд байгааг хэзээ ухаарах вэ!  Бид газрыг зардаг болсон учраас газар нутгаа алдаж байгаа юм. Иргэн нь газар зарж болж байгаа учраас уул уурхайн хайгуул, ашиглалтын лицензийг нь зарж болж байгаа юм. Үр дүнг нь бид амсаад явж байна. Өвөг дээдэс маань огт өөр бодолтой байсныг дараах тунхаглалууд гэрчилж өгөх байх. Модун шанью: “Газар бол Улсын үндэс. Хэн ч дураар зарж үл болно. Зарахыг оролдох аваас цаазаар даруй авмуй...” О.Дашбалбар “Газраа худалдах гээд байгаа хүнийг 7 үеэр нь шалгах хэрэгтэй. Монгол хүний амнаас ийм үг гарах ёсгүй”. Тиймээ, газар нутаг гэдэг бол Эх орон. Газар нутаг бол Монгол. Газар нутаг бол бидний эх. Газраа зарна гэдэг нь Эх орноо зарна гэсэн үг. Газраа зарна гэдэг нь  Монголоо зарна гэсэн үг. Газраа зарна гэдэг эхийгээ зарна гэсэн үг. Тиймэс газар зарна гэсэн чөтгөрийн сэдэл монгол хүний ой тоонд байж болохгүй, монгол хүний амнаас ч ийм үг гарах учиргүй. Цахим өмчлөлийн хувьд төр ажлаа сугалаагаар явуулна гэдэг нь үнэндээ эмгэнэл юм. Угтаа бол газар азтайд нь бус хэрэгтэйд очдог механизмыг төр зохицуулж өгөх нь зүйд нийцнэ. 
2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын “Иргэдийн өрийг нэг удаа тэглэх бодлого”: Энэ ч маш хортой бодлого. 

Нэгд: Авсан бол өгнө, зээлсэн бол төлнө гэдэг бол шударга ёсны зарчим юм. Өөрсдийн хэрэгцээнд зээл авчихаад төрөөр төлүүлнэ гэдэг нь хувь хүний хүлээсэн үүргээ бусдад тохон зугтаах гэсэн бэртэгчлэл юм. Төр ийм бэртэгчин үзлийг дэвэргэх учиргүй.

Хоёрт, зээл аваагүй иргэдээ яах вэ? Хариуцлагагүйг нь өөгшүүлж, хариуцлагатай хэсэг рүү нь нулимдаг ийм төрлийн алагчлалыг төр хөхүүлэн дэмжиж болох уу? 

Гуравт, энэ зээлийг өглөө гэж бодоход хэн төлөх вэ? Ирээдүй хойч үеийнхэн л төлнө. Үр хүүхдүүдийнхээ халаасыг өнөөдөр ухах нөхцөлийг бүрдүүлсэн, хожим хойно үр хүүхдээр нь эцэг эхийг нь шүүлгэсэн ийм зөрчилтэй бодлогыг төрийн ерөнхийлөгч таслан зогсоох ёстой атал санаачилж байгаа нь ямар нэгэн улс төрийн зорилго агуулж байна гэсэн хардлагыг хүссэн ч эс хүссэн ч төрүүлж байна.

Дөрөвт, энэ бодлогоо хэрэгжүүлэхдээ Салхитын ордоо барьцаа болгон ашиглана гэсэн байна. Ундардаггүй, дундарч шавхагддаг хязгаарлагдмал нөөцтэй жаахан баялгаасаа олсон ашгаа өр ширний асуудалд биш хөгжил дэвшилдээ зарцуулбал яасан юм. Тавд, тэтгэврийн өртэй хэсэг нь тэр чигээрээ энэ шударга бус шийдвэрийг дэмжиж байгаа нь тун харамсалтай. Энэ бол нийтээрээ шударга бус зүйлд ууссаж дассан, эх орон, хойч үеэ гэсэн дархлаагүй болсныг гэрчилж байгаа хэрэг. Өнөө цагт Эх оронч үзлийг хэмжих ганц л хэмжүүр бий. Надад ашигтай ч мөн чанар нь буруу зүйлээс татгалзах. Өөрсдийн тавьсан өрөө төрөөр даруулах нь танд ашигтай байж магад,  харин үр хойчид чинь хортой гэдгийг  та бүхэн ухаарч байна уу? Өнөөдрийн хувийн эрх ашгийнхаа төлөө, ирээдүй хойч үеэ, газар нутаг, тусгаар тогтнолоо барьцаалж байгаа гэдгээ та бүхэн ухаарч байна уу? Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлынхан бол хулгайч нар гэдэг нь тодорхой байна. Учир нь, хулгайч нараас л ийм  шийдвэр гарна. Энэ нь тэдний дээшээ мацдаг арга. Эх оронч хүн эцэг эхээр нь үр хүүхдийнх нь ирээдүйг баллуулах бодлого нийлүүлэхгүй. Тэгэхлээр, хулгайч нар чаддагаа л хийнэ. Харин тэтгэврийн зээлтэй настангууд та бүхэнд сонголт бий. Танд ашигтай ч, үр хойчид чинь хортой энэхүү хорлох бодлогоос татгалзаж, өөрсдийн тавьсан өрөө шударга ёсны зарчмын дагуу өөрсдөө төлөх аль эсхүл “эх оронч”-ийн дүр эсгэсэн эдгээр хонины арьс нөмөрсөн чононуудын шийдвэрийг дагаж өөрсдийн тавьсан асуудлаа үр хойчийнхоо тусгаар тогтнолоо барьцаалан шийдүүлэх. Эхнийхийг нь сонгосноор та бүхэн Эх оронч гэдгээ батлах төдийгүй хойч үедээ үлгэр дууриалал үзүүлнэ. Хоёр дахь сонголтыг хийснээрээ та бэртэгчин гэдгээ батлах төдийгүй хойч үе тань та бүхэнд хамаагүй болохыг илтгэж байна. Энэ бүхэн таны л сонголт.

Дүгнэлт: 2000 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн эдгээр гоёмсог нэртэй хорлох бодлогууд нь гинжин хэлхээгээр хоорондоо холбогдож байгааг дараах нөхцөлүүд баталж байна. 

• Дандаа сонгуулийн өмнө хэрэгжүүлээд байгааг та бүхэн анзаарч байгаа байх

• Ийм яр идээ нийлүүлсэн нам нь ялалт байгуулаад байгааг та бүхэн анзаарсан байх 

• Энэ удаа ч та бүхэн тэтгэврийн өр тэглэхийг дэмжвэл ирэх сонгуулиудад МАНАН арилахгүй гэдгийг ухаарсан байх

• Яагаад нэгдээд ийм шийдвэр гаргаад байна гэв үү? Муур нохой хоёр амин дээрээ тулах үед тогоочийн эсрэг нэгддэг гэж үг бий. Муур нохой мөнхийн дайсан хэдий  ч өөрсдөө бусдын хоол болох  дээрээ тулвал амиа авч гарахын тулд нэгдэж чаддаг байх нь. Нийгэмд МАНАН ялзралд хүрч, улс төрийн шинэ хүчнүүд түрж орж ирж байгаа нь энэ хоёр намыг байр сууриа хадгалахын тулд юу ч хийхээс буцахгүй нөхцөл рүү шахаж байгаа нь илт байна.

• Энэ шийдвэр улс төрийн технологи гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Эцэст нь хэлэхэд: Бидний юу болох нь юу идэхээс хамаарна гэдэг зарчим байдаг. Баас идвэл ялаа болно. Балт ургамлаар хоолловол зөгий болно. Үхдэл сэгээр хоолловол хон хэрээ болно. Үр тариагаар  хоолловол тагтаа болно.

Өөрөөр хэлбэл, бид юу иднэ түүнийгээ илэрхийлнэ. Тиймээс бид идэж уухдаа сэрэмжтэй байх ёстой. Учир нь өвдөл цөвдөл, үхдэл сэгээр хооллосон хон хэрээнүүд (өнөө цагийн улс төрчид) яр, идээ, баас л нийлүүлж чадна. Харин өвөг дээдэс батганатай газар баастай гэж бидэнд сэрэмжлүүлсээр ирсэн. Тэтгэврийн зээл тэглэх бол хон хэрээнүүдийн нийлүүлж буй угаадас болох нь тодорхой юм. Харин та бүхэн түүнийг нь хүлээн авбал угаадсан дээр цуглах батганаас дээрдэх юу байгаа юм. Харин эсрэгээрээ та бүхэн өнөөдөртөө танд ашигтай ч, маргааш үр хойчид ч хор хөнөөлтэй энэ угаадаснаасаа татгалзаж чадвал алс хэтдээ зөв нийгмийг цогцлоож чадах нь гарцаагүй. 

Монголчууд бид ялгах ухаан нь өндөр хөгжсөн хүчтэй ард түмний үр сад билээ. Манай их хаадуудын гол төлөөлөгчдийн нэг болох доголон Төмөр хаан нэгэнтээ “Шударга түмэн хүчтэй” гэж хэлсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хүчтэй ард түмэн хүчтэй төрийг бүтээдэг байх нь. Мөн хүчтэй байхын тулд шударга байх хэрэгтэй байх нь. Харин энэхүү шударгын шалгуур нь өнөөдөр тэтгэврийн зээл тэглэх гэсэн шударга бус шийдвэрээр таныг сорих гэж байна. Монголын ард түмэн бүхэнд энэ сорилтыг давах ухаан, ялгах мэлмий байгаа гэдэгт миний зүгээс бүрэн итгэлтэй байна. 
 
Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэсэн өвөг дээдсийн маань үнэт сургаал бий. Болгоомжлол чухал болохыг сануулсан болов уу? Эсрэгээр нь, зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэсэн үг ч бий. Энэ нь аливаа сонголт хийхдээ бид үр дагаварыг нь давхар сонгож байдгийг л анхааруулсан болов уу? Бид ийм л өвөг дээдэстэй ард түмэндээ, уг нь. Та бүхний сонголт мэргэн байх болтугай!
 
 
Улс төрийн тоймч Ш. Гантулга.
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан