Монголчууд архи даадаггүй ард түмэн



  • Хүний биед архийг хоргүйжүүлдэг хоёр төрлийн фермент байдаг. Гэтэл энэ фермент монголчуудад тун бага байдаг
  • Үйлдвэрлэсэн болон импортоор авсныгаа  оруулан тооцвол нэг монгол хүнд 41.4 литр согтууруулах ундаа ногдож байна

Бараг л бүтэн сарын турш үргэлжилдэг шинэ жилийн баяр ард хоцорч, нэгэн шинэ он гарлаа. Арванхоёрдугаар сар гарснаас хойш нийт 26 хүн архины гүн хордлогын улмаас нас барсан гэх статистик байна. Мөн 23 хүн осгосон байдалтай амиа алджээ. Гэхдээ энэ бол арванхоёрдугаар сарын 27-ны дүн. Үүнээс хойших баярын оргил өдрүүдэд дахин хэдэн хүн мөнөөх шалтгааны улмаас хорвоог орхисон талаарх мэдээг хараахан нэгтгэж амжаагүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж буй хүмүүсийн 20 шахам хувь нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж бэртэж, гэмтсэн иргэд байна. Чухамдаа хэд хоног үргэлжилсэн шинэ жилийн баярын үр дүнд 50 гаруй хүн зуурдаар хорвоог орхиж, хэдэн зуугаар тоологдох хүн бэртэж гэмтжээ. Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээлэлд анхаарлаа хандуулъя. 2018 онд улсын хэмжээнд үйлдвэрлэсэн согтууруулах ундааг хүн амын тоонд хуваан үзвэл нэг хүнд 3.3 литр спирт, 9.2 литр архи, 28.9 литр шар айраг ногдож байна. Үүн дээр гаднаас импортоор авсан барааг оруулан тооцвол жилдээ нэг хүнд 41.4 литр согтууруулах ундаа ногдож байгаа юм. Бид архи, согтууруулах ундаанд гүн гүнзгий живснийг ганц энэ статистик харуулах биз ээ. Бидний өдөр тутамдаа хэрэглэх согтууруулах ундааны хэмжээ нэмэгдээд байдаг. Гэтэл монголчууд байгалиасаа архи даадаггүй ард түмэн болохыг энэ талын эрдэмтэн, судлаачид сануулж байна. Хэдэн мянганы турш бага градустай шимийн архи ууж ирсэн үндэстэн өндөр градустай барууны архи хэрэглэхээр бие организм нь дийлдэггүй болохыг ЭМЯ-ны хордлогын ерөнхий мэргэжилтэн С.Юндэн хэлсэн. Бие физиологийн ийм онцлогтой үндэстэн хэрнээ илүү их даварч, шунамхайрч уудаг нь биднийг архины гүн хордлогод хүргэх болжээ. Ашгүй нэг баяр нь дууслаа гэж санаа амрав уу. Болоогүй ээ, удахгүй цагаан сар гэж үүнээс дутахгүй нүсэр баяр биднийг хүлээж байгаа. Шинэ жилээр хүмүүс ихэвчлэн байгууллагаараа нийлж архиддаг бол цагаан сараар хамаатан саднаараа нийлж ууна. Уг нь ахмад настныхаа амар мэндийг эрэх, өвлийг өнтэй давснаа тэмдэглэх гүн гүнзгий утга учиртай, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн сайхан баяр боловч бид л болсон хойно хавтгай архидалт болгож хувиргахаа хэнээс ч дутахгүй мэднэ. Энэ үеэр чухам хэдэн хүн архины хордлогод орж, хэдэн хүн гэмтлийн эмнэлгийн үүд сахих бол гэхээс яс хавталзана. Уг нь баяр ёслолоо зөв сайхан тэмдэглээд сурчихвал хэн хэндээ хэрэгтэйсэн. Гэвч бидний тэмдэглэдэг баяр улам олон болж, уух шалтаг тэр хэрээр нэмэгдсээр байгаад харуусал төрөх юм. 
Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан