Малайз улсын Ерөнхий прокурор Томми Томас 2006 онд Куала Лумпур хотноо тус улсын цагдаагийн хоёр алба хаагчийн гарт онц хэрцгийгээр амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дахин сэргээх болсноо мэдэгдлээ.
Энэхүү хэрэгт цаазын ял сонсоод буй Азила Хадри өнгөрөгч долоо хоногт Ш.Алтантуяа агсны амь насыг хөнөөх захиалгыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакаас авсан болохоо мэдүүлсэн билээ. Үүний дараа хэрэг гарах үед Малайзын Батлан хамгаалахын сайд болон Шадар сайдын албыг давхар хашиж байсан Нажиб Разак нь “энэ бүхэнд ямар ч буруугүй бөгөөд Азила Хадригийн мэдүүлэг бол цэвэр гүтгэлэг” гэсэн мэдэгдэл хийгээд байгаа юм.
Тэгвэл Малайзын Ерөнхий прокурор Томми Томас баасан гаригт сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ “Уг хэрэгт зөвхөн Азила Хадри болон Сирул Азхар Умар нарыг гэм буруутай гэж үзэх нь утгагүй. Мөн хэргийн гол ээдрээ бүрэн тайлагдаагүй, нотлох баримт хангалттай бус гэдгийг хүн бүхэн мэдэж байсан. Өмнө нь шүүхээс гэмт этгээдүүдэд зөвхөн онц хэрцгий хүн амины гэмт хэрэгт нь цаазаар авах ял оноосон. Харин Азила Хадригийн сүүлийн мэдүүлэгт аллагын шалтгааныг тодорхой болгохуйц чухал зүйлс тэмдэглэгдсэн. Тиймээс хэргийг дахин нээж, цагдаагийн байгууллага шинээр мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэж ярьжээ.
Гэрчүүд 2007 онд талийгаач Ш.Атлантуяа нь Малайзын Батлан хамгаалах яамны захиалгаар Франц-Испанийн “Armaris” компаниас нэг тэрбум еврогийн үнэ бүхий “Scorpen” ангиллын гурван шумбагч хөлөг онгоц худалдан авах учир битүүлэг хэлэлцээрт Малайзын Батлан хамгаалахын сайд Нажиб Разак болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Perimekar” компанийн захирал Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан болохыг мэдүүлсэн байдаг. Тэгвэл энэхүү учир битүүлэг хэлэлцээрийг одоо Малайзын Авлигатай тэмцэх алба болон Францын хууль хяналтын байгууллагууд хамтран шалгаж байгаа аж.
О.Мөнхбат
Эх сурвалж: Free Malaysia Today