Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх эрхийг “Фүжи девелопмент” ХК-д шилжүүлэхийг хүслээ

Хан-Уул дүүргийн II хороонд байрлах Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл зогсоход хүрсэн талаар өнөөдөр “Фүжи девелопмент” компанийн удирдлагууд болон иргэд мэдээлэл хийлээ. Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг дахин төлөвлөх төслийг “Фүжи холдинг” компани хэрэгжүүлхээр болж, 2015 онд батламжаа гардсан боловч тус компани барилгаа барих санхүүгийн боломжгүй байсан тул хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, төслийг эхлүүлжээ.
Одоогоор тус компани 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нийт зургаан байр барихаас эхний барилга ашиглалтад орсон бол хоёр дахь нь 85 хувь, гурав дахь 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Нэхмэлийн дээрх байруудад нийт 256 өрх амьдарч байсан бөгөөд одоогоор ашиглалтад орсон эхний байранд 27 өрх орсон бол хоёр дахь барилгад 130 айл оруулахаар төлөвлөсөн гэдгийг “Фүжи деволопмент” компанийн гүйцэтгэх захирал Д.Наранболд мэдээллээ. Тэрээр, “Төсөл хэрэгжүүлэх эрх авсан “Фүжи холдинг” компанид хувьцаа эзэмшигчдийн маргаан үүсч, улмаар “Фүжи холдинг” ББСБ нь татан буугдсан. Тиймээс манай компани тус төлсөөс гарах санал тавьсан ч иргэд дахин төлөвлөлтийн төслийг дуусгах хүсэлт ирүүлсэн юм. Гэтэл “Фүжи холдинг” компанийн гүйцэтгэх захирал Т.Энхсайхан ХЗДХ-ийн сайдыг огцруулах өөрийн хувь хүний тэмцэлдээ манай компанийг хутгалдуулан, “Ц.Нямдоржийн гарын хүмүүс” хэмээн гүтгэлээ. Энэ мэдээлэл ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээв. Мөн тэрээр “Фүжи холдинг” компанийн гүйцэтгэх захирал Т.Энхсайханыг ташаа мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ дурдсан юм.
“Фүжи девелопмент” компанийн ерөнхий захирал Н.Мөнхбаяр, “Дахин төлөвлөлтийн байранд орж буй өрхүүдэд орон сууц өмчлөх эрхийн бичиг буюу ордер гаргахаас эхлээд төсөлтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд энэ компанийн тамга тэмдэг шаардлагатай болдог. Гэтэл “Фүжи холдинг” компани хувьцаа эзэмшигчийн маргааны улмаас үйл ажиллагаа нь доголдож, төсөл зогсоход хүрсэн. Тиймээс дахин төлөвлөлтийн эрхийг манай компани шилжүүлэн авах хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныханд хүргүүлэх хүсэлтийг дэмжиж, Нэхмэлийн байруудын 130 өрхийн төлөөлөл гарын үсэг зурсан байна. Нэхмэлийн өрхүүд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа ба тиймээс өөрийн орон сууцандаа богино хугацаанд орохын тулд “Фүжи деволопмент” компанийг дэмжиж, төслийг бүрэн хэрэгжүүлэхийг хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагуудаас хүссэн юм.

Ж.Бат 
Эх сурвалж: BOLOD.mn 


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан