Идлэг шонхор хамгаалах ажлын ихэнх нь үр дүнд хүрсэнгүй

Шонхор шувуу цагт 300 км хурдалдаг учраас "тэнгэрийн ирвэс” хэмээж, ан гөрөөнд ашигладаг аж. Дэлхийд 58 төрөл, зүйлийн шонхор байдгаас цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд зэрэг 10 гаруй зүйл нь манай оронд бий. Эл шувуу ангаа сахиж хүлээдэггүй, араас нь хөөж барьдаг учир эрэмгий, дайчин гэгддэг. Энэ шинж чанарыг нь бэлгэшээж монголчууд төдийгүй олон улс шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарласан байдаг. Манайд шонхор шувуу ховорт тооцогддог тул ашиг олох зорилгоор хилээр гаргахыг таван жилийн хугацаатай хориглох тухай тогтоолыг Засгийн газраас 2013 онд анх баталсан.
Эл тогтоолыг мөрдөх хугацааг өнгөрсөн сарын 9-нд дахин таван жилээр сунгасан юм. Гэхдээ дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн гадаадын төлөөлөгч нарт шонхор барих зөвшөөрөл олгох тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ. Өөрөөр хэлбэл, гадаадын төлөөлөгчдөд соёлын зориулалтаар бэлэглэх нь идлэг шонхрын тоонд сөргөөр нөлөөлөхгүй гэж албаныхан үзжээ. Арабын улс орнуудад эл шувуу элбэг. Гэсэн ч Монголд амьдардаг нь биеэр арай том, анд эрэмгий учраас Катар, Кувейт зэрэг орны төлөөлөгчид манайхаас авах сонирхол их аж. Үүнийг нь улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх давуу тал хэмээн эрх баригчид үзэж үндэсний бахархалт шувуугаа гадаадынханд бэлэглэсээр байна.
Уг нь идлэг шонхор барих жишиг үнэ 11 750 ам.доллар буюу 30 гаруй сая төгрөг. Гэхдээ гадаадын оронд соёлын зорилгоор бэлэглэхэд дээрх мөнгөн дүнгийн 30 хувийг л төсөвт төвлөрүүлдэг юм байна. 11 750 ам.долларын 30 хувийг тооцвол нэг шонхрыг 3525 ам.доллар буюу ес орчим сая төгрөгөөр "зарж” байгаа хэрэг. Энэ жаахан мөнгөний 30 хувийг нь л шонхор шувууг хамгаалахад зориулж, орон нутгийн төсөвт суулгах ёстой аж. Тодруулбал, нэг шонхор шувуу хамгаалахад дунджаар 2.8 сая төгрөг зарцуулах ёстой.
Үнэхээр нэг шувууг хамгаалахад энэ хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа, эсэхийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайханаас тодруулахад "Арилжааны зорилгоор идлэг шонхор худалдах, барихыг хориглох хугацааг таван жилээр сунгасан. Соёлын зорилгоор гадаад руу гаргахыг зөвшөөрч байгаа. Арабын орнуудын удирдагч хүсэлт гаргавал Гадаад харилцааны яам бусад холбогдох салбар яамаар дамжуулан соёлын зориулалтаар бэлэглэж болно. Энэ нь найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх арга. Тэд манайхаас хурдан удмын адуу, эсвэл нүүрс авахгүй. Ганц сонирхдог зүйл нь идлэг шонхор. Тэдэнд шонхор бэлэглэснийхээ хүчинд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол Улсын хөгжилд тус нэмэр болохуйц зээл, тусламж хүсэх боломж бүрддэг. Үндэсний бахархалт шувуугаа хамгаалахын тулд өндөр хүчдэлүүдийн шонгуудын загварыг өөрчлөх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Идлэг шонхор шувууг соёлын зорилгоор гаргаж, орлогынхоо 30 хүртэлх хувийг орон нутгийн төсөвт суулгах ёстой. Хэрхэн зарцуулдгийг нь сумын Засаг дарга нараас асуух хэрэгтэй” гэлээ.
Гадаадын төлөөлөгчдөд шонхор бэлэглээд Тайширын усан цахилгаан станц барихад 13, Биологийн олон янз байдлыг судлах судалгааны төв байгуулахад 3.4, Хэнтий болон Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөхөд 360 сая ам.долларын тусламж авчээ. Мөн Түлэнхийн төв барихад долоо, Хэнтий аймгийн нисэх онгоцны буудалд 12 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэх. Гэхдээ эдийн засагт хөрөнгө оруулахад ашигтай байлаа гээд ховор шувууг гадаадад олноор нь гаргаж болохгүйг судлаачид санууллаа.
Улсын хэмжээнд 10 300 идлэг шонхор байгааг БОАЖЯ-наас мэдээлсэн. Энэ бол өнгөрсөн онд гаргасан тоо. Гэхдээ дээрх тоо бодитой, эсэх нь эргэлзээтэй. Үүний 10 хувь буюу 1000 шонхрыг энэ онд соёлын зориулалтаар гадаадад гаргах боломжтой гэж БОАЖЯ-ныхан хэлсэн.
Нэг жишээ дурдъя. Жилд 4000 шонхор өндөр хүчдэлд цохиулж үхдэг гэсэн баримт байна. Дээр нь 1000 идлэг шонхрыг соёлын зориулалтаар гадаад руу гаргана гэж тооцвол байгаа хэдийнхээ 50 хувийг устгана гэсэн үг үү.
Эл шувуу өөрөө үүрээ засдаггүй, бусдын бэлдсэн оромжид "толгой хоргодох”-доо дунджаар гурван өндөг гаргадаг гэж Монголын шувуу хамгаалах төвийнхөн хэлсэн. Заримдаа хон хэрээ болон начин шонхрын "гэрийг” булааж өндөглөдөг учраас "тэнгэрийн ирвэс”-ийн үүрийг танихад төвөгтэй. БОАЖЯ болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотын Байгаль орчны албаныхны хооронд байгуулсан гэрээний дагуу "Идлэг шонхор шувууны хиймэл үүр” барих төслийг Монголын шувуу хамгаалах төвийнхөн 2010 онд хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Баян, Бүрэн, Баян-Өнжүүл, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг, Галшар, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Баяндэлгэр, Дорноговь аймгийн Айраг, Иххэт, Дундговь аймгийн Гурвансайхан, Мандалговь, Адаацаг зэрэг сумд нийт 5000 үүр байршуулжээ. Тухайн үед 800 хос шувуу тэдгээрт үүрлэсэн гэнэ. Нэг үүрэнд дунджаар гурван өндөг гаржээ. Энэ нь идлэг шонхрыг хамгаалах зорилгоор хийсэн ганц ажил гэхэд хилсдэхгүй.
Гэхдээ уг ажлыг үргэлжлүүлэх, үүрнүүдийг засаж сэлбэдэг хүн өдгөө алга. Хиймэл үүрнүүдийн хэд нь бүрэн бүтэн үлдсэн нь ч тодорхойгүй. Үүр бэхэлсэн төмөр шонг нутгийн иргэд хулгайлж, малын саравч барихад ашиглах нь элбэг гэнэ. Уг нь идлэг шонхор үлийн цагаан оготноор хооллодог учраас бэлчээрийн экосистемд чухал ач холбогдолтой. Хэрэв малчдын ухамсарт нөлөөлж чадвал хиймэл үүр байгуулах нь үр дүнтэйг судлаачид онцолсон. Дээр дурдсанчлан, хиймэл 5000 үүрэнд 800 хос дунджаар гурван өндөг дарсан гэж тооцвол ганцхан жилийн дотор 4000 шонхор байгальд тавьсан гэсэн үг. Жил бүр 4000 шонхор үржүүлээд байвал цахилгааны утсанд цохиулж үрэгдэх шувуудын тоог бууруулаад зогсохгүй гадаад орнууд руу гаргах нөөцөө ч тодорхой болгоно гэж шувуу судлаач нар үзэж байна. Ийм аргаар шонхор бойжуулах нь өндөгнүүдийг цаг агаарын аюулт үзэгдлээс хамгаалахад сайнаар нөлөөлдөг гэнэ.
Эл шувууны хорогдох гол шалтгаан нь цахилгаан дамжуулах утастай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, шонхор төдийгүй бусад жигүүртэн ч 15 кВт-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах утсанд цохиулж үхэх нь элбэг. Монгол оронд ийм хүчдэлтэй 2000 гаруй км урт цахилгааны утас бий. Тэгвэл жилд 5000 шонхор үржүүлж гадаадын төлөөлөгч нарт соёлын зориулалтаар бэлэглээд, орлогынхоо 30 хувиар цахилгааны утас дамжуулах шонг шинэчлэх боломжтой гэнэ.
Уг нь БОАЖЯ-ныхан Эрчим хүчний яамныхантай хамтран "15кВт-ын өндөр хүчдэлийн шувуудад ээлтэй загвар” төслийг энэ жилээс хэрэгжүүлжээ. Одоогоор шувуудад ээлтэй байхаар цахилгаан дамжуулах загварын судалгаа хийж байгаа аж. Гэхдээ энэ нь маш нарийн, төвөгтэй асуудал учраас хэзээнээс ажил болох нь одоогоор тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, шонхроос бусад төрлийн шувуу ч цахилгааны утсанд цохиулж хорогддог. Тиймээс цахилгаан дамжуулах шонгийн загварыг бүх шувууны биеийн хэмжээ, далавчны уртад тохируулах уу гэдэг асуудал тулгарчээ. Энэ мэтээр шонхор хамгаалах чиглэлээр өөр төсөл хэрэгжүүлсэн ч үр дүн муутай байсныг П.Цогтсайхан хэлсэн.
Цахилгаан дамжуулах утаснаас гадна, гадаадын төлөөлөгчид гэлтгүй нутгийн иргэд ч үндэсний бахархалт шувуунд дайсагнадаг байхыг үгүйсгэхгүй гэдгийг зарим судлаач тэмдэглэсэн. Харамсалтай нь, үүнийг тогтооё гэхээр шонхор барьж буйг хянадаг хүн манай улсад байхгүй. Хамгаалах нь битгий хэл олигтойхон тоолж ч чадахгүй байж бид идлэг шонхрыг Үндэсний бахархалт хэмээн цээжээ дэлдэх эрхтэй юү гэж судлаачид шүүмжилж байна.

Г.Баясгалан
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан