Даваа гарагт Пакистаны ерөнхий сайд Имран Хантай уулзах үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “хэрвээ хүсвэл Афганистаныг долоо хоногийн дотор газрын хөрснөөс арчиж чадна” гэж ярьсан нь хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм.
Тэрээр олон жил үргэлжилж байгаа Афганистаны дайныг дуусгах хүч чадал АНУ-д байгаа ч олон сая хүний амь насыг хөнөөх хүсэлгүй байгаагаа ингэж илэрхийлсэн байна.
2017 онд Пентагон өөрийн бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн бус бөмбөгийг Афганд хэрэглэж байв. Трамп ярихдаа ийм бөмбөг хэд хэдийг хэрэглэхэд энэ улсад 18 жил шахуу үргэлжилж байгаа дайныг түргэн дуусгах боломжтой гэжээ.
Тэгвэл энэ уулзалтын дараа Афганистаны нийслэл Кабулд тус улсын ерөнхийлөгч Ашраф Гани АНУ-ын тусгай элч Залмай Халилзадтай уулзах үеэр Трампын хэлсэн үгний талаар харамсал илэрхийлсэн байна.
Афганий албаныхан Трампын хэлсэн үгэнд эмзэглэж байгаагаа Вашингтоны төлөөлөгчид илэрхийлсэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ.
Мөн Афганистаны ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сэдик Сэдикки “Афган үндэстний хувь заяаг гадаадын ямар ч гүрэн шийдэж чадахгүй. Афганистан-Америкийн харилцаанд олон нүүр гаргаж байгаа АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдлийн талаар манай засгийн газар тайлбар шаардаж байна” гэж мэдэгдсэн байна. Вашингтонтой гал зогсоох хэлэлцээ хийж байгаа Талибан хөдөлгөөний төлөөлөгч бас мэдэгдэл хийж, Трампын хэлсэн үгэнд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
“Афганистанд цаашдаа цагдаагийн үүрэг гүйцэтгэхийг хүсэхгүй байгаа, энд үргэлжилж байгаа дайнд ялахгүйгээ Трампын засаг захиргаа ойлгосон нь сайн хэрэг. Гэхдээ Афганистаныг газрын хөрснөөс арчиж, 10 сая Афган хүнийг устгах, ийм аргаар дайнд ялах тухай ярьсан нь хариуцлагагүй явдал бөгөөд бид үүнд маш их харамсаж байна” гэж Талибаны төлөөлөгч Забихуллах Мужахид ярьсан байна.
Талибанчуудтай тохиролцоо хийж чадахгүй байгаа Дональд Трамп Пакистанаас дэмжлэг авахыг хүсэж байгаа юм. Гэвч Афганистаны засгийн газар хөрш Пакистан улсыг терроризмийг дэмжигч, Талибанчуудын түшиг тулгуур гэж үздэг. Өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео цэргээ Афганистанаас гаргахаар бэлдэж байгааг мэдээлсэн ч тодорхой цаг хугацаа хэлээгүй юм.
Пакистаны ерөнхий сайдтай уулзах үеэр ярьсан зүйлээсээ болж Трамп хоёр ч улсын засгийн газрын эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэрээр Кашмирын асуудлыг шийдвэрлэхэд зуучлагчаар ажиллахыг Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хүссэн тухай Пакистаны ерөнхий сайдад ярьсан юм. Үүний дараа Энэтхэгийн засгийн газар ерөнхий сайд нь ийм хүсэлт тавиагүй болохыг мэдэгдээд байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: CNN