Наадмын нээлтэд тэнгэрийн үнэтэй дуучдыг дуулуулах шаардлага байгаа юу


Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам дэлгэр сайхан болж өнгөрлөө. Бид наадмаа өнөө жил 2.7 тэрбум төгрөгөөр хийсэн.  Үүнээс 600 сая төгрөгийг баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилсан гэж байгаа. Гэвч наадамчин олон наадмын нээлтэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байна.

Анх 1990 оны наадмын нээлтийг найруулагч Г.Доржсамбуу гуай найруулж, есөн хөлт цагаан туг залах, Ерөнхийлөгч цагаан эсгий дээр алхах, есөн шарга морь бүхий торгон цэргүүд зэрэг Монгол наадмын одоогийн ёслолыг санаачилж, төрд үнэлүүлж 4 өрөө байраар шагнагдаж байжээ. Энэ тухай түүний хүү өөрийн фэйсбүүк хуудаснаа дурсан бичсэн байна. Тэгвэл өнөөдөр энэ хэв маяг л нэг хэвээрээ. 19 жилийн дараа ч бид 1990 оны наадмын нээлтийн хэв маягийг өөрчилж чадсангүй. Ийм л учраас наадамчин олон жил бүр шинэ, шинэлэг зүйл хүлээж, сэтгэл дундуур үлддэг. 

Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн продюсер Г.Цоггэрэл ажилласан. Тэрбээр “Үндэсний их баяр наадам бол Үндэсний мюзикл. Найруулгын хувьд гэхээсээ илүү технологийн хувьд илүү дэвшилттэй зүйлүүдийг харуулсан. Би дэлхийн хэмжээний нээлтийг хийсэн гэж хэлэхгүй. Гэхдээ хийж чадах нөхцөл, боломж байна гэдгийг харуулсан гэж бодож байна. Зарим зүйл дутуу байгааг үгүйсгэхгүй. Энэ жилийн наадмын төсөвт 600 сая төгрөг төсөвлөгдсөн. Гэхдээ энэ нь үнэхээр хүрэлцээгүй” хэмээн учирлав.

Мөн энэ тухай өмнө нь наадмын нээлтийг найруулж байсан найруулагчид хэлэхдээ “Дуучдын зардал нэмэгдсэн учраас төсөв хаанаа ч хүрдэггүй” хэмээн учирласан байдаг. Нэг үгээр Монгол төрийнхөө наадмын нээлтэд дуулдаг дуучид зардлын багагүй хэсгийг халаасалдаг гэсэн үг.

 Нээлтийн бэлтгэл ажилд багагүй цаг зав зарцуулдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ төрийнхөө наадамд тэнгэрийн үнээр дуулдаг дуучдаас татгалзах хэрэгтэйг сануулах нь илүүц биз. Хүрч ядсан наадмын төсвийн багагүй хувийг “акул”-ууд гэгдэх хэтэрхий үнэтэй дуучдад  зарцуулах шаардлага байдаг ч юм уу?

Урлагийн хүний хувьд төрийн наадмын нээлтэд оролцож, түмэн олноо баясган цэнгүүлнэ гэдэг том аз завшаан хүндэтгэл. Гэтэл үүнийг зоосныг нүхээр харж, өөрийгөө хэтрүүлэн үнэлэх дуучдаас татгалзах цаг болжээ. Төсвөөс цалинждаг, төрийн гэгдэх театр урлагийн газрууд манайд цөөнгүй бий. Тэдний цалин хангамж тийм сайн биш. Тэгвэл наадмын нээлтэд тэднийг урьж оролцуулж, цалингаас гадна урамшуулал олгож занших шаардлагатай болжээ. Үгүй бол наадмын нээлтийн төсөв үнэтэй дуучдын халаас руу урсаж, наадамчин олон бухимдаж үлдсээр байх нь.  

П.АНИР 
Оллоо.мн
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан