Дипломат дархлаагаа хэтрүүлэгчид


Олон улсад Diplomatic im­munity гэсэн ойлголт бий. Дипломат дархлагдсан байдал буюу дархлаат байдлыг нь хууль эрх зүйн хүрээнд нь хүлээн зөвшөөрч буйг илэрхийлсэн энэ ойлголтыг 1961 онд Дипломат харилцааны тухай Венийн конвенциор баталсан байдаг.
Дипломат дархан эрх нь Засгийн газрын харилцааг зохицуулах үүргээ үр дүнтэй гүйцэтгэх боломжийг олгохын тулд тодорхой эрх ямба эдэлдэг. Гэхдээ асуудлын нөгөө талд дипломат эрх ямбаа хэтрүүлэн хууль зөрчих, аймшигт гэмт хэрэг үйлдэж, түүнийхээ ял шийтгэлээс зугтахдаа дипломат дархлаагаа ашигладаг увайгүй хүмүүс ч бий.
Төв гудамжинд хонь муулсан дипломатчид
Улс орон бүрт эртнээс уламжлагдан ирсэн хачирхалтай ёс заншил байдаг. Өөрсдөд нь энгийн санагддаг үйл нь гаднынхны нүдийг орой дээр гаргах нь ч бий. 1984 онд Иран улсын дипломатч, 5 иргэнийхээ хамтаар Лондон хотын төв гудамжнаа хүмүүсийн нүдэн дээр уламжлалт аргаараа хонь төхөөрсөн нь британичуудын нүдийг орой дээр нь гаргасан гэдэг. Британийн Амьтан хамгаалах тухай хуулийн дагуу бол олон нийтийн өмнө амьтны хоолойг амьдаар нь хэрчсэн аймаар хүмүүс хорих ялаар шийтгүүлэх байсан ч дипломат дархлааныхаа ачаар тэд иргэдийн шүүмжлэлээс өөр шийтгэлгүй хоцорсон байна.
Жагсагчид руугал нээсэн Элчин сайд
1984 оны дөрөвдүгээр сарын 17. Лондон дахь Ливи улсын Элчин сайдын яамны гадаа дарангуйлагч Каддафиг эсэргүүцэх жагсаал болж байх үеэр Элчин сайдын яамнаас жагсагчид руу гал нээв. Арав гаруй жагсагч суманд өртсөн бөгөөд тэдний нэг цагдаагийн албан хаагч Ивонн Флетчер (Yvonne Fletcher) шархаа даалгүй нас баржээ. Дипломат эрхийнхээ утгыг ойлгоогүй дипломатчийн хийсэн хэрэг нь араасаа дипломат түвшний томоохон асуудлыг дагуулж, Лондон хотын цагдаагийн газраас Ливийн Элчингийн байрыг 11 хоногийн турш бүслэлтэд байлгаж, Их Британи улс Ливитэй тогтоосон бүх дипломат харилцаагаа таслахад хүргэжээ. Асуудал ийн хүндэрсэн ч Ивонн Флетчерийн амийг хөнөөсөн этгээдийн нэрийг Ливи улс илчлээгүй юм. Уг хэргээс 27 жилийн дараа 2011 онд Ливид Каддафигийн дэглэм унах үеэр британичууд нууц ажилтан илгээж хэрэгтнийг илрүүлэхийг оролдсон ч амжилтад хүрээгүй гэдэг. Каддафигийн дэглэмийн үед сайдын албан тушаал хашиж байсан нэгэн Их Британид улс төрийн орогнол хүссэнийхээ дараа дээрх хэрэгтэй холбоотой байж болзошгүй хэмээн баривчлагдсан ч уг асуудал тэгсгээд чимээгүй болсон. 2017 онд Британий цагдаагийн газар Ливийн Элчин сайдын яамнаас жагсагчид руу гал нээсэн хэргийг хааж байгаагаа мэдэгдсэн юм. Их Британийн шүүх энэ хэргийн эзнийг илчилвэл үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх асуудал үүсэх учир нууцалж байх магадлал өндөр гэж үзэх шинжээчид бий. Хэрэв шинжээчдийнхээр дүгнэвэл Элчин сайдын яамнаас энгийн иргэд рүү гал нээсэн хэрэгт Ливи улсын дипломат ажилтан буруутай байх магадлал өндөр гэсэн үг юм.
Эхнэрийнхээ цогцсыг ил шатаасан харгис дипломатч
Олон улсын дипломатчдын түүхэнд тохиосон хамгийн аймшигтай, харгис, хүн бусын үйлдэл 1979 онд Шри Ланк улсад гарчээ. Бурм улсаас Шри Ланкад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд эхнэрээ хөнөөсөн хэрэг гарсан юм. Дипломатчийн хийсэн хэрэг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Тэрээр эхнэрийнхээ амийг хөнөөснийхөө маргааш өглөө нь Элчин сайдын яамны арын хашаанд цогцсыг нь шатаахыг харсан хөршүүд цагдаад дуудлага өгсөн байдаг. Харамсалтай нь дипломат албаны бүрэн эрхийн улмаас цагдаа нар Элчин сайдын яаманд нэвтэрч чадаагүй бөгөөд хашааны гаднаас л эхнэрийнхээ цогцсыг шатаахыг нь баримтжуулж авсан гэдэг. Уг хэргийн дараа Элчин сайдыг Бурмаас эргүүлэн татсан бөгөөд хэсэг хугацааны дараа өөр улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ахин томилсон гэх мэдээлэл цацагдаж байв.
Дипломат хүчирхийлэл
Энэтхэгийн Нью Делид суух Саудын Арабын Элчин сайд Мажед Хассан Ашүүрт холбогдох хэрэг 2015 онд хэвлэлээр цацагдаж шуугиан дэгдээж байв. Элчин сайдын яаманд үйлчлэгчээр ажилладаг Непал улсын иргэн хоёр эмэгтэй бүтэн сарын турш хүчирхийлүүлж байсан нь илчлэгдэв. Элчин сайдын яаманд ажиллаад 3 сар гаруй болж байсан тэднийг Мажед Хассан Ашүүр өөрөө хүчирхийлэхийн зэрэгцээ яаманд нь зочилогсод ч хүчирхийлж байсан гэдэг. Хүчирхийлүүлсэн эмэгтэйчүүдийн нэг нь уг хэргийг задалж, цагдаад гомдол мэдүүлэн очсон ч гэмт хэрэгтнүүдийг шүүх нь бүү хэл баривчлах боломж ч олдоогүй байдаг. Саудын Арабын Элчин сайдын яам Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээр хийн дипломат ажилчдаа эгүүлэн татсан бөгөөд хохирогч эмэгтэйчүүдийн асуудлыг энэтхэгчүүд хариуцан үлджээ.
Япон дипломатч Шүжи Шимокожийн гэр бүлийн хүчирхийлэл
Шүжи Шимокожи нь 1970 оноос хойш Япон улсын дипломат албанд хүчин зүтгэсэн сэхээтнүүдийн нэг бөгөөд олон оронд Элчин сайдаар сууж байсан тэрээр 1999 онд Ванкувер хот дахь Японы ерөнхий консулын албыг хашиж байхдаа үнэн төрхөө харуулжээ. Шүжи Шимокожийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэдгийг Канадын цагдаагийн албаныхан илрүүлжээ. Тэрээр эхнэрийнхээ нүүр, гарыг хөхөртөл зодсон байсан бөгөөд мөрдөн байцаалтын үед “Эхнэртээ гар хүрнэ гэдэг япончуудын соёлын онцлог. Тийм болохоор сүртэй хүлээж авах хэрэггүй” гэж мэдүүлсэн байдаг. Түүнд хүчирхийлэл үзүүлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч бүрэн эрхийнхээ ачаар хэрэг нь хэрэгсэхгүй болж, Канадын хуулийн өмнө ямар ч хариуцлага хүлээлгүйгээр нутаг буцав. Гэхдээ үйлдсэн хэрэг нь Шимокожийн дипломат замналд нөлөөлөөгүй бөгөөд албан ёсоор уучлалт гуйсныхаа дараа АНУ-д суух Японы Элчин сайдын албанд томилогдсон гэдэг.
Гаж сонирхолтой  ЭЛЧИН САЙД
2005 он. АНУ-ын Виржиниа мужийн Бэдфорд хотын шерифын орлогч насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татагч “том загас” барьжээ. Тэрээр 13 настай охины дүрд орон нэгэн эртэй холбоо тогтоож, худалдааны төвд уулзахаар болзов. Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татагчдыг барих уг ажиллагаа явуулсан шерифийн албаныхан өгөөшийг үмхсэн эр нь Арабын Нэгдсэн Эмирaт улсын дипломат Салем Ал-Мазруй байлаа.
Элчин сайд Ал-Мазруй нэн даруй дипломат эрхээ эдлэх хүсэлтээ гаргаж чадсан учир цагдаагийн албан тушаалтнууд хангалттай эд мөрийн баримттай байгаад ч гэмт хэрэгтний өмнө хүчгүйдэв. Прокурорууд Элчин сайд Салем Ал-Мазруйг яллаж, дипломат эрхийг нь хүчингүй болгохоор хөөцөлдсөн ч Арабын нэгдсэн Эмиратын Элчин сайдын яам түүний хэргийг эх орондоо мөрдөн шалгана гэсэн шалтгаанаар гэмт хэрэгтнийг АНУ-аас яаралтай гаргажээ. Хэдийгээр гаж донтон дипломатыг АНУ- ын хуулиар яллаж чадаагүй ч улсынхаа хилээр ахин оруулахгүй болгож чадсан гэдэг. Төрийн департаментаас түүнийг Виржиниад хэргээ хүлээхээр ирэхээс бусад тохиолдолд АНУ-ын газар нутагт хөл тавихыг хориглосон нь дипломатчдын түүхэнд гарсан амжилттай шийтгэлүүдийн нэг болсон гэхэд хилсдэхгүй.
Дипломатуудын боолчлол
Дипломат ажилтнууд бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн ажиллаж амьдарч буй улсдаа хувийн туслах, гэрийн үйлчлэгч нараа эх орноосоо авчран ажиллуулах давуу эрхтэй байдаг. Тэдний зарим нь энэ эрхээ давуулан ашиглаж нутгаасаа дагуулж ирсэн ажилчдынхаа гадаад паспортыг нь хураан авч, хамгийн бага цалингаар “зарцалдаг”. 2008 онд АНУ-ын Засгийн газрын Хариуцлагын албанаас тус улсад суух Элчин сайдын яамдад зарцлагдаж буй 42 ажилчныг илрүүлжээ. Гэхдээ цагаачлалын албаны мэргэжилтнүүд Элчин сайдын яамдад боолчлогдож буй ажилчдын бодит тоо үүнээс хэд дахин олон гэж үздэг байна. Энэхүү нөхцөл байдлыг хянадаг байгууллага, мөрдөн байцаах байгууллагаас ихэнх улс орнууд энэ асуудлыг ямар нэг хэмжээгээр мэдэж байгаа боловч тоодоггүй нь улс хоорондын дипломат харилцаанд сэв суулгахгүй гэж үздэгтэй холбоотой. Дипломатчдын боолчлолд ажилладаг хүмүүсийн зарим нь завсарлага, амралт, заримдаа бүр хоол ундгүйгээр долоо хоногт хамгийн багадаа 90 гаруй цагаар ажилладаг гэх асуудал хэдэн арван жил үргэлжилж буй гэдэг. Хүн худалдаалах гэмт хэргийн улмаас асуудалд орж, улс орон нь өөрсдийн хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон тохиолдол их цөөхөн байдаг төдийгүй ил болсон хэргүүд нь нуун далдлах аргагүй, эсвэл дипломат албан тушаал доогуур хүмүүст л хамааралтай байдаг.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан