Өвөр Монгол зохиолчийг “салан тусгаарлагч” гэж буруутган баривчилжээ


Өвөр Монголын эсрэг Хятадын зүй бус үйлдлийг баримтжуулан ном гаргасан, түүхч, зохиолч Лхамжав Боржигин эрх чөлөөгөө хасуулсан талаар share.america.gov /Орч: АНУ-ын гадаад бодлогын талаарх мэдээллийг хилийн чанадад хүргэх зорилготой, Төрийн департаментын портал / цахим хэвлэл мэдээллээ. 

Эх  сурвалжийн мэдээлснээр Лхамжав Боржигин Өвөр Монголын уугуул бөгөөд түүний номонд Хятадын Коммунист намаас  зохион байгуулсан “соёлын хувьсгал”-ын үеэр монголчуудын даван туулсан эмгэнэлт түүхүүдийг тусгасан байна. Мөн БНХАУ-ын эрх баригчдыг өвөр монголчуудыг үй олноор устгасан, тамлаж байсан хэмээн буруутгажээ.
 
Өдгөө 74 настай Өвөр Монголын түүхч, зохиолч Лхамжав Боржигин “үндэсний салан тусгаарлалт”, “үндэсний эв нэгдлийг хагаралдуулсан” гэсэн үндэслэлээр буруутгагдан,  гэрийн хорионд байгаа гэнэ. Түүнтэй холбоотой шүүх хурлыг олон нийтээс нууцлан явуулсан гэж эх сурвалж дамжуулсан байна. 

Тэрбээр өвөр монголчуудын эрхийг хамгаалдаг, хүний эрхийн төрийн бус байгууллагад өгсөн ярилцлагдаа өөрийг нь хэрхэн буруутгасан талаар тодорхой өгүүлжээ. 

“Өвөр Монголд геноцид /үй олноор хөнөөх/үйлдсэн хүмүүсийг үндэсний эв нэгдлийг бусниулсан гэж үзэх үү эсвэл над шиг, энэ геноцидийн талаар ярьсан хүмүүсийг эв нэгдэл бусниулсан гэж үзэх үү гэж асуун, би өөрийгөө өмгөөлсөн” хэмээн Лхамжав Боржигин ярьсан байна. 

Өвөр Монгол дахь  нөхцөл байдал 

Лхамжав Боржигин бол Өвөр Монголд саяхан баривчлагдсан монгол угсаатай зохиолчдын нэг юм гэж www.rfa.org мэдээлсэн байна. 

Мөн “Чөлөөт Ази радио”-ийн мэдээлснээр энэ бүс нутагт төрөөс дэмждэг уул уурхайн болон ойн аж ахуйн компаниуд нутгийн малчидтай газар эзэмших асуудлаас болж маргаан, сөргөлдөөн үүсгэсний улмаас нөхцөл байдал хүндэрч байгаа аж. 

Энэ радиогийн онцолсноор, Өвөр Монголд амьдардаг монголчууд Хятадын засгийн газрыг “хүний эрхийг зөрчдөг, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээрх монголчуудыг ялгаварлан гадуурхдаг, мөн тэдний уламжлалт нүүдэлчин хэв маягийг устгахад чиглэгдсэн бодлогыг олон жилийн туршид явуулсан” гэж буруутгадаг байна. 

Энд өгүүлэхэд, Шинжаанд Хятадын эрх баригчид Хятадын үндсэрхэг үзлийг сурталчилан, уйгурууд, уугуул казахууд, киргизүүд болон бусад мусульмануудын угсаатны ижилсэл, соёл,  шашин шүтлэгийг  зохион байгуулалттайгаар дарж, хавчдаг гэж www.rfa.org мэдээлжээ. 

Өнгөрсөн сарын зургааны өдөр болсон Хятад улс угсаатны болон шашны цөөнхүүдийг хавчиж байгаа асуудлаарх бага хурал дээр Шашин шүтэх олон улсын эрхийн асуудал хариуцсан АНУ-ын элч Сэм Браунбэк  “Хятадын засгийн газрын үйлдэл нь угсаатны болон шашны тал дээр ялгаатай ард түмнүүдэд хүч хэрэглэсэн ширүүн хяналт тавихад чиглэгдсэн” гэж онцолж байв.
 
Зохиолч Лхамжав Боржигинийг баривчилсан нь “Өвөр Монголд үг хэлэх эрх чөлөө, түүхэн судалгаа явуулах эрх чөлөө рүү халдсан хэвээр байгаагийн илрэл” хэмээн утга зохиолын салбарын хүний эрхийг хамгаалах байгууллага болох PEN America мэдэгджээ. 

“Монголчууд бидний хувьд улс төрийн автономт статус байтугай хүний үндсэн эрх, эрх чөлөө гэж байдаггүй” хэмээн Лхамжав Боржигин өгүүлсэн байна. 
 
Г.Бямбасүрэнскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан