Буруу замаар будаа тээсэн Турк, Монголын харилцаа

Монгол Улс Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоод 50 жил болжээ. Орчин үед л хагас зуунаар хэмжигдэж байгаа болохоос хоёр улс, үндэстний хувьд олон зуун, мянганаар тоологдох түүхэн харилцаатай гэдгийг бид сайн мэддэг.
Монголын газар нутагт түрэгүүдийн үлдээсэн өв их байдаг бол Турк улсад үлдсэн монголчуудын өв ч их бий. Тухайлбал, Орхоны хөндий дэх түрэгүүдийн түүхэн дурсгал, Билгэ хаан, Культегин, Тоньюкукийн хөшөө дурсгалуудыг бид сайн мэднэ. 2000-2003 онд Хөшөө цайдамд хийсэн археологийн малтлага, судалгаа дэлхий нийтийн анхаарлыг онцгой татаж, тэндээс Билгэ хааны алтан титэм, хатдын өмсгөл зүүлтийн алт, мөнгөн чимэглэл, тахилын алтан аяга, мөнгөөр хөөмөлдөж алтаар шарсан буга зэрэг нэн ховор, түүхэн чухал, үнэ цэнэтэй олдвор олж байсан удаатай.
Туркийн Анатолий дахь Ил хаадын дурсгал, Эрзурум хотод монгол ноёны байгуулсан гүүр, тэнд амьдран сууж байсан монгол ноёны бичсэн захидал, нутгийн иргэдийг татвараас чөлөөлсөн талаарх монгол хаадын шийдвэрийг цайзын ханан дээр сийлэн үлдээсэн бичээс зэрэг Монгол Улс, монголчуудад хамаатай дурсгал Туркт олноор байдаг. Энэ бүхэн нь хоёр улсын харилцааг шинэ зуунд түүчээлэн хөгжүүлэх хангалттай суурь бөгөөд амжилттай ч хөгжүүлж байв. Орхоны хөндий дэх Түрэгийн дурсгалт газар руу саадгүй очих боломжийг бүрдүүлэх зорилгоор Турк улс зам тавьж өгч байсан нь хоёр улс цаашид улс төр, эдийн засаг, соёлын хувьд илүү ойртож нөхөрлөх эрмэлзэлтэй байгааг харуулж байлаа. Байв, байлаа гэж өнгөрсөн цаг дээр бичээд байгаагийн учир нь, 2016 оноос хоёр улсын харилцааны үнэт зүйлс нь баларч, зүйрлэж хэлбэл буруу замаар будаа тээх болсон юм.
Тэр жил Туркт төрийн эргэлт хийх оролдлого гарч, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган арай гэж тогтож үлдсэн бөгөөд дараа нь буруутай этгээдүүдийг олж цээрлүүлэх өргөн хүрээтэй ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Энэ ажиллагаа дотоодоос хальж, гадаад улсаар үргэлжилсний нөлөө нь орчин үеийн хууль журам, ёс зүйгээр сүлэгдэн хөгжиж байсан Монгол-Туркийн уламжлалт харилцааг булингартуулж эхэлсэн байдаг юм.
Турк сургуулиудын эзэмшигч солигдсон түүх
2016 оны сүүлээр Туркийн Засгийн газрын гишүүн сайд Монголд ирэхдээ урьд өмнө үзэгдэж сонсогдоогүй их хэмжээний буцалтгүй тусламж амалж, олон бүтээн байгуулалт хийхээр амалсан байдаг. “Алаагүй баавгайн арьсыг арав хуваав” гэдэг шиг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэх мэт албан тушаалтнууд тэр амлалтыг нь хийх ажлынхаа хөтөлбөрт нэмчихээд жилд зуугаар тоологдох сургууль, өрхийн эмнэлэг барина хэмээн зарлаж байсан нь мартагдаагүй байна. Харин Туркийн сайдыг нутаг буцсаны дараа  “Өнөөдөр” сонинд айлчлалын “хөшигний ард” өрнөсөн яриа хэлэлцээрийн тухай буюу Туркийн тал Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Турк сургуулиудын үйл ажиллагааг зогсоохыг хүссэн тухай мэдээлэл гарснаар их хэмжээний зээл, буцалтгүй тусламжийн учир тодорхой болсон юм. Туркийн тал Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Турк сургуулиудын дипломыг хүчингүйд тооцох шийдвэрийг 2017 онд гаргаснаар Турк сургуулиудын эзэмшигч солигдож, энэ түүх өндөрлөсөн. Туркийн хуулийн байгууллага Монголд ажиллаж байгаа Турк сургуулиудын хүүхэд сургаж олсон мөнгөний тодорхой хэсэг нь төрийн эргэлт хийх ажилд зарцуулагдсан байх магадлалтай гэж үзсэний үндсэн дээр дээрх хэрэг болоод өнгөрсөн байдаг.
Эрх баригчдын тусламжтайгаар хүн хулгайлахыг завдсан хэрэг
Улаанбаатар дахь Турк сургуулийн багш Вейзел Акчайг 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 09:51 цагт Сүхбаатар дүүргийн II хорооны нутаг дэвсгэрээс үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн “Toyota Alphard” маркийн автомашинд суулган хүчээр авч явсан хэрэг гарсан. Хууль хяналтын байгууллага, Парламент дахь сөрөг хүчин, иргэдийн хүчтэй эсэргүүцлийн ачаар Вейсел Акчайг тухайн үед авч үлдэж чадсан юм. Тухайн үед Туркийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа дахь нисэх онгоцны буудалд буугаад байсан бөгөөд орой нь буцаж ниссэн байдаг. Туркийн Үндэсний Тагнуулын газар (MIT) Фетуллах Гюлений сүлжээтэй холбоотой хүмүүс гэгдэх Юсуф Инан, Сали Зеки Ийгит гэх хоёр сэтгүүлчийг Украинаас, Азербайжанд Иса Оздемир нарыг хулгайлан тусгай онгоцоор Истанбулд аваачсан түүх байсаар атал манай эрх баригчид тухайн үед “Онгоц Вейсель Акчайг авч явах гээгүй” гэж мэдэгдсэн нь энэ хэрэгт эрх баригчид холбоотой байж болзошгүй гэдэг хардлагыг төрүүлж байлаа. Олон улсын хэвлэлүүдэд ч иймэрхүү утга агуулга бүхий мэдэгдэл гарч, АН-ын дарга С.Эрдэнэ ч албан ёсоор Ерөнхий сайдад асуулга тавьж байсан удаатай.
Вейсель Акчай баривчилгаанаас мултарсныхаа дараа “Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” гэж байсан ч Монгол Улсаас гарсан нь хоёр улсын харилцаагаа бодсон, нөгөө талаас ТИКА байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн төслүүдтэй холбоотой гэж харагдсан.
Турк, Монголын харилцааны үнэт зүйл нь мөнгө болсон уу
Хоёр улс харилцааны олон жилийн түүхтэй ч харилцаандаа баримтлах зарчим, ёс зүй, олон улсын харилцааны зарчим гэж бий. Харин Монгол Туркийн харилцаанд энэ зарчим алдагдаж, нэг нь мөнгөөр урхидан хууль бус, ёс зүйгүй ажилдаа татан оруулах гэсэн, нөгөө нь шуналдаа хөтлөгдөөд арга ятгалагад нь автаж байгаа юм шиг л байдал ажиглагдах болов. Турк улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Турктэй харилцаагаа сайжруулаад явбал их боломж байгаа талаар ярьсан байна лээ. Хоёр улсын харилцааг хөгжүүлэх үүрэгтэй хүний хэлдэг л үг. Гэвч тэр хөгжлийг бий болгох гэж, амалсан эдийн засгийн тусламж дэмжлэгийг нь авахын тулд бид дэлхийн өмнө хүний эрх, эрх чөлөөг боомилсон шийдвэр гаргаж болохгүй билээ.
Туркийн “Эксим” банкнаас нээж өгсөн 300 сая ам.долларын зээлийн шугамын асуудал байна. Өчнөөн олон жил болсон ч эцэслэн тохиролцож чадаагүй. Магадгүй Туркийн эрх баригчдын Монгол дахь ашиг сонирхлыг бүрэн хангасан тохиолдолд энэ зээл шийдэгдэх байх. Гэвч тэр ашиг сонирхол нь юу байх вэ, түүнийг нь гүйцэтгэснээр бид соёлт ертөнцийнхөнд гаднаасаа яаж харагдах вэ, юу алдах вэ гэдгийг бодох л хэрэгтэй.
Туркийн Элчин сайдын яам нэр бүхий найман иргэний гадаад пасспортыг хүчингүй болгосон тухай бичгийг ГИХГ-т явуулахад манай тал “гадаад пасспортоо ЭСЯ-аараа баталгаажуулчих” гэдэг нохой заль гаргаад хилээр нэвтрүүлээгүй гэсэн мэдээлэл цацагдсан. Гадаад харилцааны яамнаас энэ мэдээллийг няцаасан ч мэдээлэл оргүй хоосноос үүсдэггүй.
Гэтэл гадаад ертөнцөд Р.Т.Эрдоганы үйлдлийг хүний эрхийг зөрчсөн хэмээн шүүмжилж, үгссэн, дэмжсэн улс орнуудыг соёлт хүн төрөлхтөн буруушааж байна. НҮБ, Европын зөвлөлөөс шийдвэр гарч, Малайз, Косово, Молдаваас хулгайлагдсан багш нарыг суллах, нөхөн олговор олгохыг Анкараагаас шаардсаар байна. Хулгайлахад нь тусалсан дээрх улсууд хоморгонд нь хориг тавиулж магадгүй байгаа.
Хэдийгээр Туркийн дотоод хэрэг боловч Р.Т.Эрдоганы дайснууддаа хандах хандлага сүүлийн үед улам хатуу болж, эрхийг нь илт зөрчих болсон нь дэлхий нийтийн дургүйцлийг хүргээд байна. Туркийн хууль хүчнийхэн дипломат ажилтнуудаа барьж хорих үедээ эрүүдэн шүүлт хэрэглэсэн талаар сэтгэл сэртхийлгэм мэдээлэл цацагдаж, олон нийтийн жигшил зэвүүцлийг хүргэсэн. Энэ цаашдаа үргэлжилбэл хууль бус үйлдэлд нь хамтарсан бусад улсууд хориг тавиулах ч магадлалтай юм.
Сүүлийн үед гаднын улс орнууд дахь Монголын дипломат корпусын ажилтнууд хүн хулгайлах, хар тамхи наймаалах гэх мэт онц ноцтой хэрэгт холбогдлоо. Аль улстай харилцаа илүү гүнзгийрч, бугшсан бэ, хэм хэмжээнээс хэтэрсэн бэ гэдэг нь харагдлаа.
Монгол, Турк улсууд өнө удаан жилийн түүхэн уламжлалт харилцаатай. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэвч тэглээ гээд олон улсын хэм хэмжээг зөрчих ёсгүй. 2016 оноос гажуудсан хоёр улсын харилцааг өмнгөх хэм, хэмжээнд нь аваачих зайлшгүй шаардлага байна.

Эх сурвалж: eagle.mn
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан