Төрийн өмчийг төрд нь үлдээе

Ардчиллыг дураар авирлахын нэр гэж хүлээж авснаар та бид юуг алдсан бэ. Үүний хамгийн том жишээ нь төр өмчгүй болсон явдал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзсэн 1990-ээд оноос төрийн гэх тодотголтой бүхнийг хувьчилсан байдаг. Тэр үеийн их хувьчлалын үед харин хэн баяжсан бэ. Ардчилал бол дураар авирлахын нэр гэж сэтгэсэн зарим эрх мэдэлтэн, албан тушаалтан төрийн өмчийг хувьдаа завшсан түүх хуучраагүй байна. Барилга байшингаас эхтэй энэ их хувьчлал сүүлдээ газар руу шилжсэний том жишээ нь “Найрамдал” зуслан болоод байна.
Монголдоо ганцхан байдаг олон улсын хэмжээний энэ зусланд бараг өөрийн гэсэн газар үлдээгүйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх олны сонорт хүргэсэн.
Энд нэг зүйлийг онцлоход, төрийн өмчийн томоохон газруудыг хувьд шилжүүлсэн талаарх баримтыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед ил болгож, олонд мэдээлсэн нь яалт ч үгүй сайн жишиг. Ингэснээр төрийн болон нийтийн өмчийг аливаа эрх мэдэлтэн наймаалцаж, ашиг олдог байдлыг таслан зогсоох, төрийн өмчийг буцааж мэдэлдээ авах том боломжийг нээсэн нь сайшаалтай. Хүүхдийн баярын өмнөхөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал болж, Засгийн газрын тэргүүн уг хуралд оролцох үедээ “Найрамдал зуслангийн газрыг хулгайчид хулгайлж авсан. Сэтгэлгүй хулгайчид энэ төрд байсан юм билээ. Хүүхдийнхээ зуслангийн газруудыг хувааж аваад дээр нь байшин бариад хувьдаа авчихсан. Түүнийг нь зогсоогоорой. Барьсан байшинг нь буулгаж болно. Нэг удаа буулга л даа. Ард түмэн хараг.
Хүүхдийн зуслангийн байшин, спортын талбай дахиад дээрэмдвэл төр төмөр нударгаа үзүүлдэг гэдгийг харуулчих хэрэгтэй юм” гэснээр энэ талаарх мэдээлэл анх олны сонорт хүрсэн.
Ингэснээр төрийн өмчийг эргүүлж авах их ажлыг ЗГХЭГ-аас эхлүүлж буйгаа мэдэгдсэн билээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ талаар Найрамдал төвийн талбай дотор 100 гаруй аж ахуй нэгж, иргэнд газар олгосон байна. Найрамдал бол онцгой обьект гэж хэлж болно. Аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэхийг дэмжилгүй яах вэ. Гэхдээ хүүхдийн зуслан, цэцэрлэгт хүрээлэн рүү орж болохгүй. Хүүхдийн парк руу орсон тохиолдол ч бий. Үүнийг цэгцлэхийг Улаанбаатар хотын Засаг дарга болон Барилга, хот байгуулалтын сайд, БОАЖ-ын сайд нарт үүрэг болгосон. Зөвшөөрөлгүй барьсан обьектыг буулгахаас өөр аргагүй. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд замбараагүй төлөвлөлт явсан. Тиймээс бид Улаанбаатар хотын төлөвлөлттэй холбоотойгоор ийм шийдвэр гаргаж байгаа юм” хэмээн онцолсон.
Баримт дурдахад, 2008 оныг хүртэл хүүхдийн Найрамдал төвийн мэдэлд 5300 гаруй га газар байсныг эрх мэдэлтнүүд тоносоор өнөөдрийн байдлаар 1200 орчим га газар л үлджээ. Тэр бүү хэл, зуслангийн газрын зориулалтыг өөрчилж, орон сууц, зуны зуслангийнх болгосноор зарим хүнд “ял завших” боломж олгосон байх юм. Энэ тухайд хамгийн их хамааралтай хүн нь УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ болж хувираад байна. Түүний хувьд Найрамдал төвийн газартай зүй ёсоор холбогддог. Учир нь өнөөдөр ч яваад очсон “С.Эрдэнийнх” гэх тодотголтой томоохон байгууламж Найрамдал зуслан орчимд байдгийг мэдэх хүн олон. Гэхдээ албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээ түүний нэр дээр байхгүй нь ойлгомжтой. Харин Үндэсний аудитын газраас 2016 онд хийсэн шалгалтад Найрамдал төв нь ХАХНХЯ-ны /тухайн үеийн/ харьяа улсын төсөвт үйлдвэрийн газар, тус яамны эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Улмаар “Найрамдал” төвийн эзэмшлийн нутаг дэвсгэрт “Молор констракшн” ХХК-ийн зүгээс 143 айлын орон сууц барьсан талаар тов тодорхой дурджээ. Хамгийн хачирхалтай нь, тус компанийг тухайн үед ХАХНХЯ-ны сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ байгуулсан нь улсын бүртгэлд үлджээ. Харин өдгөө тухайн компанийн үйл ажиллагааг түүний хүү Э.Ганболор хариуцан явуулдгийг “Найрамдал”-ынхан андахгүй. Бариулсан орон сууцаа иргэдэд зарж борлуулсан гэх мэдээлэл ч бий.
Харамсалтай нь, энэ асуудлыг сөхсөн даруйд АН-ын дарга С.Эрдэнэ эрс эсэргүүцсэн төдийгүй “Хүүхдийн Найрамдал зусланд С.Эрдэнэ гэдэг нэртэй гэрчилгээтэй ямар ч газар байхгүй. Хотын захиргааны зөвшөөрлөөр газар, усны асуудлыг шийдэж, орон сууцны барилга барьсан.
Энэ нь манай хүүхдийн нэр дээр бий. Надтай ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Зуслангийн ажилчид болон иргэдэд зориулж орон сууц барьсан юм билээ. Бусдаар бол газар эзэмшиж, тансаг хаус барьсан зүйл байхгүй. Хоёрдугаарт, намайг газар олгосон мэтээр мушгин гуйвуулсан мэдээлэл гарсан. Газар олгодог " эрх мэдэл надад байхгүй. Газрын харилцаа, газрын тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргад ийм эрх нь бий. Онцгой обьектод Застийн газрын тогтоол, шийдвэрээр газар олгодог. Ийм л хуультай. Найрамдал зусланг төрийн онцгой обьект гэж яриад байгаа юм. Энэ бол онцгой обьект биш. Хүүхдийн зуслангийн зориулалтаар ашиглаж байсан газар. 5000 гаруй га талбайтай байсан нь одоо 1200 га талбай үлдсэн гэж яриад байна. 1200 га талбай нь одоогийн Найрамдал зуслангийн хаалганаас хойших газрыг хэлээд байгаа юм. 5200 га байхдаа Орбит, Найрамдал зуслан хоёрын голд жижиг “Бор толгой" байдаг. Тэр “Бор толгой”-гоос хойш хяналтын бүс буюу ногоон бүс гэж хуучин “Найрамдал”-ын мэдэлд байсан газар.
Тэр газрыг хувь, хувьсгалд бүгдийг олгож дууссан. Энэ газрыг олгосон эрх мэдэлтнүүд өөрсдөө тайлбарлах байх” гэх тайлбар өгсөн. Үүнээс үзэхэд төрсөн хүү нь хүүхдийн Найрамдал төвийн газраас хумсалсан нь үнэн төдийгүй барилга байгууламж барсныг нь баталж байгаа юм. Гэвч тэрбээр өөрт огтхон ч хамааралгүй бөгөөд С.Эрдэнэ гэдэг хүний нэр дээр ямар ч газар байхгүй гэсэн нь нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болов. Харамсалтай нь энэ тайлбараараа тэрбээр “Миний хүү надад хамааралгүй” гээд хэлчихэв. Тэгвэл танаас асууя. Салбарын сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн зуслангийн эзэмшил нутаг дэвсгэрт барилга байгууламж бариулсан тань хууль зөрчсөн үйлдэл биш гэж үү. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.315, 12 дугаар зүйлийн 12.116 дахь заалтыг зөрчсөн үйлдэл биш гэж үү.
Төрсөн хүүгийнх нь компани аавынхаа хариуцан ажилладаг салбарын мэдлийн хүүхдийн зусланд орон сууц бариулсан нь хамаарал бүхий этгээд, ашиг сонирхлын зөрчил биш гэж үү. Цаашлаад намын нөхөр Ж.Батзандангийнхаа хэлсэн үгийг та хэрхэх вэ. “С.Эрдэнэ гишүүн Найрамдал зуслангийн газрыг өөрийнхөө ах дүү, хамаатан саданд өгсөн” гэж тэрбээр мэдэгдсэн шүү дээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ талаар хэлэхдээ “АН-ын дарга С.Эрдэнэ Найрамдал зуслангийн газрыг өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст өнгөрсөн дөрвөн жилийн турш өгч ирсэн.
Хулгай нь баригдахаар хуурамч нэр тавьж байх шиг байна. Найрамдал зуслан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд байдаг. Тиймээс сайдын эрх мэдлийн хүрээнд газраас хумсалсан.
Жирийн иргэнд хашаа хатгах газар олдохгүй байхад С.Эрдэнэ нарын эрх мэдэл, албан тушаалтнууд газрын хулгай хийж байна” хэмээн мэдэгдсэнийг эргэн сануулъя. Ямартай ч, дээрх баримтаас үзэхэд хүүхдийн зуслангийн зориулалтын газраас хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан хумсалсан хүмүүсээс С.Эрдэнийг ангид авч үзэх аргагүй бололтой юм. Ийнхүү хүүхдийн зуслангийн газарт гар дүрэх явдлыг таслан зогсоох эхний алхмыг хийсэн. Цаашдаа эрх мэдэлтнүүдэд ямар арга хэмжээ авч, хэрхэн хариуцлага тооцохыг харах л үлдлээ. Хүүхдийн зуслангийн газраас тонож эхэлснийг мэдсэн учраас Засгийн газраас эхний ээлжид Найрамдал төвийг улсын төсөвт үйлдвэрийн газар болгосон.
Улмаар энэ мэт улсын буюу нийтийн эзэмшлийн зам, талбай, газрыг хувчлан авч, ашиг олж буй байдлыг таслан зогсоох үүднээс Засгийн газраас ажлын хэсэг гарч тэд Улаанбаатар хотод замбараагүй олгосон, улмаар зориулалтын бусаар ашигласан газар олголтын талаар нарийвчлан судална. Эхний ээлжид “Найрамдал”-д хууль бусаар газар эзэмшиж байсан зарим аж ахуйн нэгжийн  зөвшөөрлийг цуцалсан. Цаашид хэд хэдэн газрыг чөлөөлөх нь тодорхой болсон билээ.
Тухайлбал, нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га газрыг таван жилийн хугацаатайгаар Улаанбаатар хотын банкинд, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд 0.24 га, МУИС-ийн оюутны байрны урд талын 0.12 га газрыг тус бүр таван жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан байх юм.
Түүгээр ч зогсохгүй Улсын драмын эрдмийн театрын өмнөх 0.4 га, “Улаанбаатар” зочид буудлын урд талын талбай, Д.Сүхбаатарын талбай зэрэг нийтийн эзэмшлийн газрыг эзэмших зөвшөөрлийг 2012 онд гаргасан нь тодорхой болсон. Тиймээс чөлөөлөх ажлыг Засгийн газраас гарсан ажлын хэсгийхэн шат дараатай хийхээ мэдэгдээд байгаа юм. Нийтийн эзэмшлийн газар, зам, талбайд эзэн сууж болохгүйг Засгийн газрынхан ийнхүү харууллаа. Цаашдаа дээрх газрыг чөлөөлж, нийтэд тустай үйл ажиллагаа явуулах л үлдлээ.

М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан