Авлигачдаа өршөөсөн Монгол Улс ба 33 их наяд төгрөгийн дуулиан

АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийнхөө өмнө Байнгын хорооны танхимд боломж олдмогц амнаасаа унагасан үгс олны анхаарлыг шууд татав.
“Намайг томилогдсоноос хойших 2 жил 10 сарын хугацаанд ажиллахад хамгийн их саад болсон зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж авч замбараагүй үрчихээд, тэрийгээ 2015 онд Өршөөлийн хууль гаргаж, 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн явдал. Өөрөөр хэлбэл, хууль бусаар тайлагнаагүй 33 их наяд төгрөгөө өөрсдөө гаргачихсан” хэмээн тэрбээр микрофон асмагц хамгийн түрүүнд хэлсэн юм.
Түүнийг ийн мэдэгдэл хийсэн даруйд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Х.Энхжаргал гэдэг хүн АТГ-ын даргын ажлыг өгөхдөө ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Ямар ч 33 их наяд төгрөгийн хэрэг байхгүй. Тэр нь бондтой ямар ч холбоогүй. Бондын мөнгө бүр эзэнтэй. Тэгвэл тэр өршөөгдсөн 33 их наяд төгрөгийн эздийг ил зарла гэж би өнөөдөр хэлсэн. Хүсвэл МАН-д тийм боломж нь байгаа” хэмээн хариу тайлбарыг хийсэн юм.
Ийнхүү гэнэт сэдэрсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гэж чухам юу байсан талаар эргэн товч сануулъя.
2015 оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу өршөөлийн хуулийг хоёр өдөр хэлэлцээд баталсан байдаг. Тухайн үед УИХ-ыг З.Энхболд даргалж байсан бөгөөд уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг 50 гишүүний ирцтэйгээр хийж,  80%-ийн саналаар дэмжин баталж байв.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн гол зорилго нь далд эдийн засгийг ил болгож, санхүү бүртгэлийг дахин хийж, бүх аж ахуйн нэгжид тэгш боломж олгон, бизнесийн ижил гараанаас эхлэх боломж олгох, улмаар татвараар дамжуулан Монгол Улсын эдийн засгийг өөд татах байв. Гэхдээ ийм хуулийг өмнө нь нэг удаа хэрэгжүүлж байсан. Ингэхдээ мөн л бизнесүүдээ дэмжиж, нэг гараанаас эхэлж, татварын баазаа нэмэгдүүлээд бүгдийг нь бүртгэчихвэл дахиж “өршөөхгүй” хэмээж байв.
Гэтэл 2015 онд дахин өршөөх хууль гаргаж, түүнийгээ батлах гэж ээлжит бус чуулган хүртэл зарлаж байсан нь тухайн үедээ ч нийгэмд маш их хардлага төрүүлсэн. Хардахаас ч аргагүй, Монгол Улсын эдийн засагт маш их хэмжээний мөнгө цутгасан үе байв.
Тодруулбал, Ардчилсан нам 2012 оноос засгийн эрхийг барьж, 2015 онд өршөөлийн хууль гаргах хүртэлх хугацаанд “Чингис” бондын 1.5 сая, Монголын Хөгжлийн Банкны Евро бондын 580 сая, “Самуурай” бондын 300 сая, Хятадын Хөгжлийн Банкны 112 сая ам.доллар болон дотоодын 4 их наяд төгрөг зах зээлд хэдийнэ зарцуулагдсан байв. Бондын зарцуулалт өнөөдөр ч маргаан дагуулсан хэвээр, эцэслэгдээгүй, Монгол Улс хүү, төлбөрийг нь төлсөөр байгаа билээ.
Харин хэдэн жилийн дараа ийм асуудал үүснэ гэдгийг эртнээс мэдэж байсан эрх баригч нам Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг санаачлан боловсруулахдаа өргөн хүрээг хамрахуйцаар хийсэн нь өнөөдөр авлигачдаа өршөөх хөшүүрэг болсон байж таарах нь, АТГ-ын экс даргын хэлсэнчлэн.
Яагаад гэвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь Нийгмийн даатгалын хууль, Татварын ерөнхий хууль, Даатгалын хууль гэх мэт 8 төрлийн хуулинд үйлчлэх нөлөөтэйгөөр батлагдсан байдаг. Тэр дунд нь Авлигалын эсрэг хууль багтаад зогсохгүй түүнээс ноцтой заалт орсон нь 6.1.
Уг заалтад “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг ХОРИГЛОНО” хэмээн заасан.
Өөрөөр хэлбэл, 2012-2015 онд орж ирсэн тэр их мөнгөтэй холбогдсон хүмүүсийг эрүүгийн хариуцлага үүрүүлэхгүйгээр 100% өршөөх хуулийг ийнхүү баталсан байж болзошгүй нь.
Гишүүд тэр үед ийм хууль батлагдахыг яагаад зүгээр харж суусан юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Уг нь дугараагүй биш дугарч байжээ. Ц.Даваасүрэн, Р.Гончигдорж, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж гэх мэт.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Найман жилийн өмнө УИХ-аар эдийн засгийн өршөөлийн хууль гаргах гэж байхдаа энэ бол ёстой далд эдийн засгийг ил болгоод үүнээс цааш цэнгэлийн манлайд хүрнэ гэж ярьж байсан. Гэтэл дөрвөн жилийн дараа дахиад л ярьж байна. Энэ дотор хэн өршөөгддөг вэ гэхээр том ААН, компаниуд. Өнөөдөр УИХ-д байгаа нөхдүүд маань дандаа том пүүсийн эзэд. “Чингис” бонд тэргүүтэй өр зээлээ цааш нь нааш нь гулгуулаад, цайруулах гэж ийм хууль гаргаж байна” гэсэн бол Ж.Энхбаяр гишүүн “Татвар төлөхөөс нь өршөөнө, хариуцлага хүлээхээс нь өршөөнө. Яагаад татварыг нь ч авахгүй, эрүүгийн хариуцлагыг нь ч хүлээлгэхгүй болгож байгаа юм бэ” гээд нэр бүхий гишүүд өршөөсөн ч гэсэн тодорхой хэмжээний, ядаж 1%-ийн татвар авах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байж. Харин УИХ-ын гишүүдийн олонх үүнийг зөвшөөрөөгүй төдийгүй шударгаар татвар төлдөг байгууллагуудад хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх саналыг ч дэмжээгүй байдаг.
Ээлжит бус тус чуулган дээр яригдсан бас нэг анхаарал татах эшлэл нь ХЗ-н сайд асан Д.Дорлигжавын хэлсэн үг. Тэрбээр “Би хэлсэн, энэ бол Засгийн газрын санаачилгаар оруулж ирж байгаа хууль биш. УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн дагуу боловсруулагдсан, ХОЁР(Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн) Засгийн газар дамжиж байгаа ийм хуулийн төсөл.
Татвараас чөлөөлөх асуудлыг анх оруулахдаа бид татвараа төлөх нөхцөлтэйгөөр бусад хариуцлагаас чөлөөлөхөөр оруулж ирсэн. Наашаа орж ирээд хэлэлцэгдэх явцад, хөрөнгө орлогоо нуусны гол шалтгаан бол татвар төлөхгүй байх. Тийм учраас энийг өршөөхгүй юм бол энэ хууль чинь үйлчлэхгүй, агуулгагүй болно гэсэн үндэслэлүүд явсаар байгаад хуулийн төсөл ингэж орж ирсэн” хэмээн хариулж байжээ.
Тэгэхээр эрх баригчид хуулийг батлах явцдаа нэг ч татвар төлүүлэхгүйгээр бүрэн өршөөх зорилго аль эрт тавьсан байсныг илтгэж байгаа мэт.
Ийнхүү хүч түрэн баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль ямар ч байсан зорилгодоо хүрсэн.
Татварын ерөнхий газрын дарган албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабалын мэдээлсэнчлэн 25,069 ААН, 8,796 иргэн, гадаадын 448 иргэн хуулийн боломж эдэлжээ.
“Нийт дүнгээрээ 36,684 иргэн, хуулийн этгээд энэ хуулийн боломжийг ашиглаж, 33.3 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Үүнд ногдох буюу чөлөөлөгдөх татвар 3.4 их наяд төгрөг байсан. ААН-ийн хувьд 22,000 нь 1 тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгөө ил болгосон бол үлдсэн 3,000 гаруй нь үүнээс дээш хэмжээний орлогоо ил болгосон.
Хувь хүний хувьд нэг тэрбум хүртэлх орлогоо 7,000 орчим иргэн ил болгосон бол үлдсэн хувь нь үүнээс өндөр дүнгээр тайлангаа ирүүлсэн. Уг хууль нууцын зэрэглэлтэй, хаалттай учраас цаашид иргэн А хэдэн төгрөгийн орлогоо ил болгосон гэдгийг орж шалгах эрх байхгүй” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө тайлбарласан юм.
2014 онд Монгол Улсын ДНБ 24 их наяд төгрөг байсныг энд тодотгох хэрэгтэй.
Ийм их хэмжээний мөнгө улсын төсөвт орохгүйгээр өршөөгдөж, тэр татварыг төлөөгүй иргэн, хуулийн этгээдүүд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, тухайн үед хөрнгөжсөн өндөр албан тушаалтнууд ХОМ-тээ өөрчлөлт оруулахад нь саад учруулахгүй байх эрх олгосон хагас жилийн настай хууль авлигачдын толгойг илсэн маш том “гэмт хэрэг” байсан байж болзошгүй сэжүүрийг ийнхүү АТГ-ын дарга ажлаа өгөхөөсөө өмнө ил гаргаж тавилаа.
Х.Энхжаргал энэ үгийг ажлаа өгөхийнхөө өмнө хэлсэн хэдий ч авлигын гэмт хэргийг өөгшүүлсэн тухай түүх АТГ-т бичигдээд явсан байж таарна. Харин энэ үгийг хэлмэгц яаран мэдэгдэл хийсэн З.Энхболд даргын үйлдэл түүнийг хардахад хүргэж буй юм. Учир нь энэ хуулийг тухайн үеийн Засгийн газар биш, УИХ-ын даалгавараар боловсруулсныг Д.Дорлигжав хэлснийг дээр дурдсан бөгөөд түүний даргалсан Парламент Тавантолгойн төслийг гурван жил дамнуулан байж шийдсэн бол эдийн засгийн өршөөл үзүүлэх хууль хагас жилийн дотор дөрвөн удаа өргөн баригдаж, ээлжит бус чуулганаар батлагдаж байв. Тийм ч учраас авлигачдад хариуцлага тооцох хуулийн заалтуудыг ээлж дараалан хасаж баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль өнөөдөр 33 их наяд төгрөгийн дуулиан дагуулж байна.
Ямар ч улс орон авлигачдаа өршөөдөггүй. Хэчнээн жил өнгөрсөн ч хэрэг хуучирдаггүй. Харин Монгол Улс авлигачдаа хууль батлан өршөөсөн үү?

Р.Оюунцэцэг
Эх сурвалж: iKon.mn
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан