ЖДҮ-гийн эх орон-2: Зээлийн мэдээллийг шилэн болгоё

АТГ-ын албан мэдээ: ЖДҮХөгжүүлэх сангаас зээл авсан 11 этгээдээс 11 тэрбум 195 сая 611 мянга 321 төгрөгийг битүүмжилж, нөхөн төлүүлэх арга хэмжээ аваад байна. Үүнээс 5.5 тэрбум төгрөгийг нь ЖДҮ Хөгжүүлэх санд буцааж нөхөн төлүүлсэн. Тус сангаас 1544 иргэн, аж ахуйн нэгж зээл хүссэнээс 216 төсөлд зээл олгосон. 801 төсөл шалгараагүй үлдсэнээс 100 гаруй нь зээлийн бүх нөхцлийг хангасан байв…
Энэ бол зөвхөн ХХААХҮЯ-ны дэргэдэх ЖДҮ Хөгжүүлэх сангийн зээлийн талаарх тоон мэдээлэл. Дүүргүүдийн Жижиг, дунд, үйлдвэрийг дэмжих төвүүдэд тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт гэхэд нэг жилийн дотор 1000 гаруй санал ирдэг. Гэвч тэдний дийлэнх нь зээл авч чаддаггүй. Магадгүй заримд нь зээлийн талаарх мэдээлэл дутмаг, зээлийн нөхцлийг хангах боломж ч тааруу. Магадгүй бүр олон хүн хэрхэн зээл авах талаар ч мэдээлэлгүй байдаг. Муу юманд ч сайн тал бий гэдэгчлэн ЖДҮ-гийн хэргийн дуулианаар энэ сангийн талаар хүмүүс мэддэг болсон. Тэр хэрээр зээлийн хүсэлт, хүлээлт ч илүү их болох болов уу, ойрын хугацаанд.
Наад зах нь л хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа буцаагдсан, эргэн төлүүлсэн хэдэн тэрбум төгрөгнөөс бидэнд олдох болов уу гэсэн найдвар төрж байгаа. Харамсалтай нь энэ талын мэдээлэл бас дутмаг хэвээр. Одоо ч гэсэн хүмүүс улстөрчид нэгэнт зээлээ эргүүлж төлсөн юм чинь яаж, хэрхэн, хаана хандаж, зээл авах боломжтой бол гэсэн асуулт тавьж байна. ЖДҮ-гийн зээлийн талаарх дуулиан дэгдэхэд олон жил бизнес эрхэлсэн томоохон бизнесмэн хүртэл жилийн 3 хувийн хүүтэй зээлийн боломж байсан талаар дуулаагүй өнгөрсөндөө гайхаж, бүр гомдож байв.
Жилийн 24 бүр 60 хувийн хүүтэй зээл авах гэж олон шат дамжлага давдаг байсан бизнес үйлдвэрлэл эрхлэгчид гомдсондоо уйлах шахаж байв. Эндээс хэрвээ мэдээлэл ил тод, тэгш байсан бол, хэрвээ… гэсэн олон гомдол төрнө. Төрөхөөс ч өөр аргагүй. Мэдээлэл ил, тод бөгөөд хүртээмжтэй, шударга байсан бол ямар олон хүний итгэл найдварыг биелүүлж болох байсан бол гэсэн энэ гоморхол дахиад боломж бий болгох эрэл, гарцын эхлэл цэг байх ёстой мэт.
Өөрөөр хэлбэл, мэдээлэл тэгш, нээлттэй байхын чухлыг өмнөх ЖДҮ Хөгжүүлэх сангийн зээлийн харамсалтай жишээ бидэнд харуулсан болохоор эн тэргүүнд зээлийн мэдээлэл ил тод байх нөхцлийг бүрдүүлэх алхам эн тэргүүнд шаардлагатай байна гэсэн үг. Зөвхөн мэдээлэлд ойр байгаа хэсгийнхэн бус хэн бүхэн ямар нөхцлөөр, ямар хэмжээний зээл олгох боломжтой байгаа мэдээллийг хардаг, хэрхэн бэлтгэх талаар мэдлэгтэй болдог ШИЛЭН орчин бидэнд хэрэгтэй байна.
Зөвхөн зээлийн нөхцлийн тухай мэдээлэл бус зээлийн нөхцлийг хангаж чадаагүй байлаа гэхэд ямар учраас, ямар нөхцөл хангагдаагүй байсан учраас гэх мэт мэдээллийг шууд шуурхай хардаг бүрэн цогц ШИЛЭН мэдээллийн орчин бидэнд хэрэгтэй байна. Цахимчлагдсан, даяарчлагдсан өнөөгийн орчинд энэ бол тийм их хэцүү зүйл биш.
Өдгөөгөөс хэдэн жилийн өмнөөс төрийн албаны мэдээллийг ШИЛЭН болгох алхам хийгдэж, чамлахааргүй үр дүнд хүрсэн. Энэ суурин дээрээ ЖДҮ-гийн зээлийн мэдээллийг, цаашид олгогдох зээл, түүний нөхцөл, өмнө олгогдсон зээлүүд, ямар нөхцөлтэй ямар төслүүд шалгарсан, ямар төслүүд яагаад шалгарч чадаагүй гээд бүх мэдээллийг ил тод мэдээлж байвал хаа хаанаа хардлагагүй, дараа дараагийн ажилд тустай байх нь тодорхой.
Дашрамд сануулахад дээрх албан мэдээлэлд 801 төсөл тэр дундаа бүх болзлыг хангасан 100 гаруй төсөлд зээл олгогдоогүй гэсэн тоо байгаа. Тэд ч гэсэн юун дээр, ямар алдаа гаргасан, цаашид хэрхэн зээлийн төсөл, хүсэлтээ илүү сайжруулах вэ гэсэн мэдээлэл хайж, горьдлого тээж байгаа байх. Тийм болохоор ЖДҮ-г жинхэнэ утгаар нь хөгжүүлэх гол дэмжлэг болсон зээлийн мэдээллийг ШИЛЭН тунгалаг болгоцгооё гэсэн шаардлага тавьж, хаа хаанаа ажил хэрэг болгохыг зоривол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тустай ажил болмоор байна. Та санал нийлэх үү?
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ШИЛЭН БОЛГОЦГООЁ.
/Үргэлжлэл бий/
Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.ГЭРЭЛТ-ОД
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан