Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргож, 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр ОХУ-ын Тувад амиа алдсан тухай өмнө нь бид мэдээлсэн.
Албаныхны өгч буй мэдээллээр, байлдагч Ц.В нь ахлагчийнхаа моринд өвс тавьж өгнө хэмээн морийг нь унан, цэргийн ангиас гарчээ. Ийнхүү цэргийн ангиас гарсан байлдагч заставыг олон цагийн турш орхисон тул түүнийг цэргийн дотоод журмын дагуу оргон зайлсан гэж үзэн, эрэн хайж эхэлсэн байдаг. Байлдагч оргох үедээ 50 ширхэг сумтай буутай явсан учир онц аюултай оргодол хэмээн цэргийн анги болон хилийн тагнуулын алба хаагчдын нийлсэн 168 хүний бүрэлдэхүүнтэй баг 16 тээврийн хэрэгсэл, хоёр нисдэг тэргээр хоёр өдөр хайсны эцэст хоёрдугаар сарын 02-ны өдөр олсон юм. Эрлийн багийнхан оргосон цэргийг олох үед амьд байсан ба ОХУ-ын хил рүү хууль бусаар нэвтэрсэн байжээ. Талийгаач Ц.В-г тэнгэр рүү гурван удаа буудаж, дараа нь өөрийгөө буудан, амь хохирсон гэдэг мэдээлэл бий.
Одоогоор дээрх хэрэгт шинжээч томилон үргэлжлүүлэн шалгаж байгаа ба олон улсын эрхзүйн гэрээний дагуу Москва руу хүсэлт гарган, хариуг хүлээж байна хэмээн Увс аймгийн прокурорын газрын, ерөнхий прокурор Г.Эрдэнэбаяр мэдээлжээ.
Харин талийгаач цэргийн ээж Н.Нямсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оросын талаас хариу ирэхээр хэрэг шийдэгдэнэ гэж хэлсэн. Цаг хугацааны хувьд жаахан удаж магадгүй. Хоёр улс дамнасан асуудал болохоор гэж хэлсэн. Яг газар дээр нь харсан бол бас нэг ийм, тийм юм байна багцаа орох л байсан байх. Сэжүүр ч олж харах байсан байж магадгүй. Бид нарт ерөөсөө харуулаагүй. Эрэлд оролцьё гэхэд оролцуулаагүй. Тэр одоо ямар утга учиртай юм, би бас хардангуй л байгаа. Ерөнхийдөө танай хүүхэд оргосон гэж хэлсэн. Яагаад гэхээр, буу хутгатай явсан учраас гэдэг. Нүдээрээ хараагүй, бид. Өөрсдөө нэрээ цэвэрлэх гэсэн ч юмуу бид нар мэдэхгүй шүү дээ. Оргоод явсан хүн орон нутаг руугаа явна гэхээс Оросын хилийн даваад явна гэж байхгүй. Санаатай оргоод явсан хүн нутгаа л бараадна биз дээ. Яагаад оргосон гэсэн юм бэ гэж асуухаар танай орон нутагт байгаа байх гэж бодсон юмаа. Миний хүү оргоогүй, оргох ч хүүхэд биш. Шантарган, юм болгонд шантраад байхаар ч хүүхэд биш. Бид хоёрыг тангарагын баяраар очиход янзын сайхан болчихсон байсан хүүхэд яагаад ч оргож босч явахгүй. Би хүүхдийнхээ нэр төрийг сэргээлгэж авья гэж бодож байна. Нас барсан ч гэсэн хүүгийнхээ нэрийг ард түмэнд нутгийн олонд нь цэвэрлэж өгөхийг би хүсч байгаа” гэжээ.
Б.Гантуяа