Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл өглөө. Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг энэ долоо хоногт нээх бол Ээрмэлийн замын зорчих хөдөлгөөнийг ирэх долоо хоногт нээнэ.
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зорчих хэсгийг нээхэд бэлэн болсон. Гэвч УСУГ-ын хугацаат засварын ажилтай холбоотойгоор далангийн ажил удаашралтай явж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан хэллээ.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “УСУГ-ынхан өөрсдийн хийх ёстой хугацаат засвар, үйлчилгээний ажлыг зам болон бусад бүтээн байгуулалтыг далимдуулж хийлгэдэг. Авлига хээл, хахууль авч байгаа тухай ч мэдээлэл байна. Холбогдох хуулийн байгууллагад шалгуулна. Улсын ажлыг гацааж, шантаачилж өөрсдийн хийх ёстой ажлаа хийлгэх гэж байна” гэв.