Шүүхийн төсөв, өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам сэдэвт хэлэлцүүлэг боллоо


 
         “Шүүхийн төсөв, өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт санал солилцох хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт урилгаар Улсын их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн яам болон Эдийн засгийн яамны төлөөлөл, НҮБ-ын “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн багийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
 
  
 
          Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, нэгжийн дарга нар, зарим албан хаагч болон шүүхийн Тамгын газрын дарга нар танхимаар болон цахимаар оролцож, сэдвийн дагуу мэдээлэл солилцон хэлэлцүүлэг өрнүүлэв.
 

 
          Хэлэлцүүлгийг нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Бодлого тодорхологчийн зүгээс төсвийг хариуцлагатайгаар төлөвлөх, батлах, захиран зарцуулах, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг сайжруулж, төсвийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдүүлэхээр зорьж буйг талархалтай хүлээн авч, дэмжиж байгаа. Үүнтэй зэрэгцээд шүүх бие даасан төсөвтэй байх хуулийн заалтыг бодитоор хэрэгжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах, төсөв, санхүүгийн болон хүний нөөцийн менежментийг удирдах бодлогоо тодорхойлж, эрх зүйн орчныг бүрдүүлэн хуульчлах чиглэлд УИХ, Засгийн газартай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлье” гэсэн юм.
 
  
 
          Эхний илтгэлээр Улсын их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Монгол Улсын төсвийн бодлогын шинэтгэл” сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээллийг хүргэлээ. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр "Шүүхийн төсвийн сүүлийн жилүүдийн харьцуулалт" сэдвээр, Н.Отгончимэг “Монгол Улсын шүүхийн санхүүжилтийн механизмыг шинэчлэх шаардлага” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Мөн НҮБ-ын төслийн зөвлөх Я.Бямбасүрэн “Үр дүнд суурилсан төсөвлөлт” сэдвээр мэдээлэл хэлэлцүүллээ.
 
  
 
            Үргэлжлүүлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Болормаа “Шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хүргэсэн.
 

 
          Дээрх илтгэл, мэдээлэл хэлэлцэж дууссаны дараа оролцогчид санал солилцов.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан