Иргэдийн амьдралыг, эдийн засгийг НЭГ цонхоор хар!


Улстөрчид 2019 оны төсвийн зардлыг энэ оныхоос 20 хувиар нэмэгдүүлж батлаад удаагүй байтал өмнөд хөрш нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийв. Гэтэл хилийн чинадад АНУ-ын Төв банк он гараад мөнгөний бодлогын суурь хүүгээ дахин нэмэх тухай дуулдав. Ерөнхийдөө гадаад дотоод бүхий л нөхцөл байдал мөнгөний бодлогыг чангаруулах тийш заллаа. Энэ онд хадгалагдсан эдийн засгийн өсөлт ирэх онд болзошгүй шокуудын өмнө хүчгүйдэх магадлалтай учир, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй болсон гэдэгтэй санал нэгдэх эдийн засагчид, шинжээчид олон байгаа юм. Инфляцийн тогтвортой байдлаар дамжуулж эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах “үүрэг”-тэй гэдгээ тод дуугарах болсон Төв банкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэр хөрсөн дээр зөв буухын тулд төр засгийн үйл ажиллагаа уялдах ёстой байна. 
Хоёр жилийн өмнө 2016 онд Бодлогын хүү 15 хувьтай байлаа. Тэр үетэй өнөөдрийн 11 хувь гэсэн хэмжээг  харьцуулахад бодлого тултлаа чангарчихаагүй нь ойлгогдоно.
Гэхдээ Бодлогын хүүгийн өсөлт зээлийн өсөлтийг хумин, зээлийн хүү буурахгүй байх нөхцлийг бууруулдаг тухай онол талын мэдээллийг бараг хүн бүр мэддэг болсон. Тэгвэл Монголбанкнаас хийсэн судалгаагаар Бодлогын хүүгийн 1 нэгж хувийн өсөлт 1 улирлын дараагаар зээлийн хүүг 0.3 хувиар өсгөдөг гэсэн тооцоолол дагуулжээ. Тэгэхээр суурь хүү өссөн бол арилжааны зээлийн хүү буурах боломжгүй гэдгийг энэ тооцоолол нотолж байгаа юм. Өмнө нь 3-4 хувиар өсгөж байсантай харьцуулахад нэг хувь гэдэг бага харагдаж буй. Тэр чинээгээр нөлөөлөл нь эдийн засагт хэрхэн яаж тусах бол, жилд дөрвөн удаа хуралдах ёстой Мөнгөний бодлогын хороо улирлын мөчлөгтэйгөөр аажимаар чангаруулах бодлого барих уу гэдэг асуудал бас дагаж буй.
Ер нь Бодлогын үү нэг хувь ч бай, хоёр хувь ч бай өссөн бол макро эдийн засагт бодит нөлөөллийг л үзүүлэх ёстой. Тэгэхгүйгээр суурь хүү өслөө гэсэн шалтгаанаар банкууд зээлийн хүүг нэг улирлын дараа гэхэд 0.3 хувиар өсгөх нь, бизнес эрхлэгчдэд тэр хэрээр дарамт үүсгэж таарна. Тэгэхээр Бодлогын хүүгийн өсөлтийг хэрхэн яаж бодитой үр дүнтэй арга байлгах вэ гэдэг асуудал ганц Төв банк анхаарах нь хангалтгүй. Засгийн газрын зүгээс анхаарах ёстойг эдийн засагчид хэлж байна.
  • Мөнгөний бодлого чангарч, Бодлогын хүү өсч буйтай зэрэгцэн хадгаламжийн хүү өсөх нь гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд буй. Хадгаламжийн хүү өсөхөөр зээлийн хүү өсч таарна. Мөн сар хүрэхгүй хугацааны дараачаас хэрэглээний зээлийг хумих Төв банкны шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр макро эдийн засгийн талаас мөнгөний халалтыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй шийдвэр нэг талаас үр дүн өгөх байх. Харин ам.долларын ханш өсөхгүй байх, инфляци 8 хувиас давж гарахгүй байх суурь нөхцөл үнэхээр бүрдэнэ гэж хэлэхэд эрт байна.
Эдийн засгийн идэвхжилийг даган гадагшаа урссан ам.долларын үзүүлэлтүүд манай улсын төлбөрийн тэнцлийг хасах үзүүлэлттэй гаргадаг хандлага тавдугаар сараас хойш тогтмолжоод байна. Экспортын тулгын чулуу болсон нүүрсийг Хятад улс хэсэгтээ цаашаа түлхэх янзтай. Хэдийгээр төсвийн орлого давсан тоотой яваа ч, тэр өсөлтийг нь нүүрсний салбар хөмрөхийг үгүйсгэхгүй. Тэр дундаа энэ айдас ирэх 2019 оны төсөвт тунчиг хамаатай. Төсвөө тодотгохгүй гэж хэлсэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр их наядын алдагдалтай батласан төсөв дээр нэмж алдагдал хүлээвэл юу болохыг одоо тооцож суухгүй бол горьгүй нь. Тэр үед Засгийн газар үнэт цаас гаргахаас өөр арга зам харагдахгүйг шинжээчид прогнозлон анхааруулж байна.
Уг нь Сангийн сайд аравдугаар сард хэлэхдээ  “Өмнө нь Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг байсан. Арилжааны банкууд иргэдэд бус Засгийн газар үнэт цаас гаргахыг хүлээгээд суудаг байлаа. Тиймээс манай Засгийн газар арилжааны банкуудад байсан бүх мөнгийг эргүүлэн татсанаас гадна тэднээс өндөр хүүтэй зээл авахаа больсон. Ингэснээр арилжааны банкууд иргэдэд олгох зээлээ нэмэх боломж бүрдэх бөгөөд зах зээлийн зарчмаараа зээлийн хүү буурах боломжтой” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр төсвийн алдагдал улам нэмэгдвэл түүний байр суурь хэвээрээ үлдэх үү гэдэг асуудал одооноос анхаарал татаж байна.
Хэрэв Засгийн газар “эрсдэлгүй” үнэт цаасаа гаргачихвал арилжааны банкууд тэрийг нь авах гээд шуурна. Засгийн газар өндөр хүүтэй үнэт цаас гаргавал Бодлогын хүүгийн өсөлтөөс үр дүн хүлээх нь савангийн хөөс дагаж гүйхээс ялгаагүй хэрэг болох юм. Гэтэл нөгөө талд Бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор зээл хумигдчихсан, хүү өсчихсөн байх болно. Үүний улмаас бизнесүүд илүү ачаа үүрнэ. Үүрсэн ачаагаа ард түмэнтэй хуваалцах гээд бараа, үйлчилгээнийхээ үнийг өсгөнө.
Тэгэхээр нөгөө инфляци буюу үнийн өсөлт хаачих вэ? Үнэ өсөхгүй байх шалтгаан үлдэх үү? Гэтэл Бодлогын хүүг өсгөж, мөнгөний бодлогыг хатууруулах шийдвэрийн зорилго нь эцсийн дүндээ ИНФЛЯЦИ-ийн дарамтыг иргэдэд бага мэдрүүлэхэд л чиглээд байгаа юм шүү дээ. Тиймээс Засгийн газар хийгээд Төв банкны шийдвэрүүд эдийн засгийг, иргэдийн амьдралыг нэг цонхоор харах хэрэгтэй юм.
Э.БОЛОРХАЖИД
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан