Тайванийг залгих Хятад төлөвлөгөө

Хятад, Тайванийн харилцааны талаар“www.taiwannews.com.tw” сайт мэдээлжээ.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин шинэ оны эхэнд “Тайванийг энхийн замаар эх газартаа нэгтгэж, нэгдсэн статусаар удирдан чиглүүлэх болно” гэв. Си даргын мэдэгдэл хийсэн өдөр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр бол БНХАУ-ын Засгийн газартай Тайванийн талтай дайсагнасан харилцаагаа зогсоосны 40 жилийн ойн өдөр юм. 1979 оны энэ өдөр АНУ-БНХАУ дипломат харилцаа тогтоосон.
Энэ өдрөөс Бээжин, Тайванийн эсрэг өдөөн хатгалгаа зогсоожээ. Тухайн үед Хятадын ардын армийнхан Тайванийн захиргааны арлууд руу өдөр, шөнөгүй их буугаар галлаж, ухуулга хуудас тараадаг байв. Тэрээр үргэлжлүүлэн “Тайванийн тусгаар тогтнолын үзэл бодол түүхийн үйл явцтай зөрчилдөж байна. Тэдний энэ үйлдэл бодит байдал мухардалд оруулж, хормын төдийд бие даасан байдлаа алдахад хүрнэ. Бид бол нэг ард түмэн. Тиймээс ард түмэн нэг нэгэнтэйгээ дайтдаггүй.
Тайванийн эрх баригчдыг бидэнтэй эв зүйгээ олж, Хятадын эх газарт өөрсдийн хүслээр нэгдэх энхийн саналыг тавьж байна. Тайванийг эх газартаа нэгтгэх үйл явцын үед ямар ч өдөөн турхиралт, дайсагнасан үйдлийг бид тэвчихгүй. Салан тусгаарлах үзэл гаргахыг хараад суухгүй. Хятад улсыг нэгтгэх үйл явц хэний ч хууль ёсны эрх ашигт, тэр дотор Тайванийн эдийн засгийн эрх ашигт хохирол учруулахгүй. Энэ үйл явц Ази Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд түлхэц болоод зогсохгүй нэгдмэл хувь заяатай нийгэм бүтээн байгуулахад чухал хувь нэмэр болно” гэж мэдэгджээ.
Дээрх мэдэгдлийн дараа Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн “Тайвань та бүхний илгээлтээс татгалзаж байна. Бид ирээдүйд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр байх болно. Биднийг хэн ч өмчилж, эрх ашигт халдахыг хараад суухгүй” гэлээ.
Хэдий эрх баригчид ийнхүү Бээжинтэй тэмцэхээ илэрхийлээд байгаа ч өнгөрсөн оны арванэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуульд Бээжинтэй найрсаг харилцаатай “Гоминдан нам” ялалт байгуулж, олонх болоод буй юм. Тус намынхан Бээжингийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг гэгддэг.
Тайваньчууд ч гэсэн аажмаар Бээжингийн нөлөөнд автаж, эх гүрэнтэй зөрчилдөх сонирхолгүй буйг уг сонгуулийн үр дүн харуулсан гэхэд болно. Цай Ин Вэн 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш БНХАУ, Тайванийн харилцаа улам дордсон хэмээн ард иргэд нь үзэж байна. Учир нь Цай Ин Вэн 1992 оны гэрээнд тусгагдсан “Нэг Хятад бодлого”-ыг эсэргүүцдэг байснаараа Бээжингийн эрх баригчидтай таагүй харилцаатай байдаг.
Ерөнхийлөгчийн тэргүүлдэг “Ардчилсан дэвшилтэт нам” сонгуульд ялагдсан нь Бээжинд ихээхэн боломж авчирсан гэж ажиглагчид үзэж байна.  Уг сонгуультай зэрэгцэн 2020 оны Токиогийн олимпод “Тайвань” эсвэл “Хятадын Тайпей” гэдэг нэрээр оролцох зэрэг нийт арван асуудлаар бүх нийтийн сануулга зохион байгуулагдсан билээ. Санал асуулгын дүнд тайваньчууд Бээжинтэй найрсаг, энх тайван харилцааг хөгжүүлэхийг дэмжин, “Хятадын Тайпэй” гэдэг нэрээр 2020 оны олимпод оролцохыг дэмжжээ.
Хятадад 1949 онд дэгдсэн иргэний дайнд коммунистуудад ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминданы хүчин Тайвань руу зугтаж, хэсэг хугацааны дараа өөрсдийгөө бие даасан тусгаар улс хэмээжээ. Харин уг мэдэгдлийг Бээжин үгүйсгэж, хагас зууны турш Тайванийг Хятадын нэг муж гэгддэг.
Хятад 2015 оноос Тайванийн асуудалд ихээхэн анхаарал хандуулах болсон ба энэ хугацаанд ТАЙВАНИЙГ ГАНЦААРДУУЛАХ БОДЛОГО баримталж буй юм.
Ганцаардуулах бодлогын хүрээнд эхний ээлжинд Тайваньтай дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаатай орнуудыг холдуулах аргыг хэрэглэж байна. Энэ бодлогын хүрээнд өнгөрөгч онд Тайваниас Төв Америкийн Сальвадор, Панам улс, Доминикан улс, Африкийн Гамби улс харилцаагаа тасалжээ. Бээжин эдгээр орнуудад хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр Тайваниас татгалзахыг урилсан гэнэ.
Мөн дэлхийн томоохон агаарын тээврийн компаниудыг “Тайвань” гэх нэршлээс татгалзаж, “БНХАУ-ын Тайвань” хэмээн гэж бүртгэж, хуучин бүртгэлийн нэрээсээ татгалзахгүй бол эх оронд нь нислэг үйлдэхийг хориглох хүртэл арга хэмжээ авна хэмээн дарамталжээ. АНУ-ын агаарын тээврийн компаниуд хамгийн сүүлд буюу өнгөрөгч оны хоёрдугаар сард Тайванийг “БНХАУ-ын Тайвань” гэж шинээр бүртгэснээр уг ажил бүрэн дууссан аж.

Б.Дэлгэрцэцэг
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан